Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Сирид 28,000 террористийг устгасан бол АНУ 5,000 гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны есдүгээр сарын 30-наас эхэлсэн Оросын агаарын хүчний Сири дэхь ажиллагааны үр дүнд Исламын улс зэрэг террорист бүлэглэлийн хүн хүчний гуравны нэгийг устгасан болохыг Холбооны Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Евгений Лукьянов өчигдөр мэдэгджээ.

Чечений БНУ-ын нийслэл Грозный хотод болж байгаа Олон улсын Аюулгүй байдлын долдугаар чуулганд үг хэлэхдээ Лукьянов “Бидний тооцоолсноор ажиллагааны эхэнд Аль Нусра фронт болон Исламын улс бүлэглэлүүд 80,000 цэрэгтэй байсан бол одоо 28,000 нь устгагдсан. Энэ бол Сирийн армитай хамтран явуулсан манай ажиллагааны үр дүн” гэжээ.

“Харин АНУ тэргүүтэй холбоотнууд хоёр жилийн хугацаанд 5,000-ыг устгасан” гэж тэр мэдэгдсэн байна.

Лукьянов Оросын агаарын ажиллагааны зорилго нь Сирийн сөргөлдөгч талуудыг яриа хэлэлцээрийн ширээнд суулгах байсан гэдгийг онцолжээ.

Сирийн энхийн хэлэлцээр хоёрдугаар сарын 27-нд эхэлж 59 зэвсэгт бүлэглэл оролцож байгаа юм. Харин Аль Нусра фронт, Исламын улс гэсэн хоёр бүлэглэлийг террорист ангилалд оруулж тэдний эсрэг дайныг үргэлжүүлж байгаа.

Өнгөрсөн Даваа гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярьж Сирийн гал зогсоох явцыг тасалдуулж байгаа зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг хамтарсан довтолгоо зохион байгуулах санал тавьжээ.

Одоогоор энэ санал ямар нэг шийдэлд хүрээгүй байгааг Оросын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today