Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тодорхойлох боломжгүй тойрог

Б.Даваатогтох, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 24
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Баянхонгор аймгийг “улаан”, эсвэл “цэнхэр” тойрог гэж тодорхойлох боломжгүй. Учир нь өнгөрсөн зургаан удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар баянхонгорчуудын сонголт эрс өөрчлөгдөж байсан юм.

Тухайлбал, Монгол Улс парламентын тогтолцоонд шилжихэд буюу 1992 онд баянхонгорчууд МАН (тухайн үеийн МАХН)-д итгэл хүлээлгэж, Г.Цэрэндагва, Б.Гомбо болон Д.Дашцэдэн нарыг АИХ-ын депутатаар сонгосон юм. Харин 1996 он буюу тухайн үед жижиг намуудтай эвсэх байдлаар том намтай өрсөлдөх арга хэрэглэсэн “АХ” эвсэлд итгэл хүлээлгэж, Ё.Гэрэлчулуун, Д.Батнасан, Ц.Элбэгдорж нарыг сонгосон.

Харин 2000 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН Монгол орон даяар улаан тугаа хатгаж, 72 суудалд ялалт байгуулав. Тэгвэл Баянхонгорт Д.Түмэндэмбэрэл, Ц.Шийрэвдамба, С.Дулам нар сонгогдож, парламентын босгоор давж орсон юм.

Сонгуулиас сонгууль бүрт баянхонгорчуудын сонголт өөрчлөгдөж байсныг тэднийг төлөөлөх гишүүд парламентаас парламентад шинэчлэгдэж ирснээс харж болно.

2004 оны сонгуулиар баянхонгорчуудын сонголт дахин өөрчлөгдөж, МАН-ын Г.Занданшатар, “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшсэн Ц.Жаргал болон Х.Баттулга нар УИХ-ын гишүүнээр сонгогдов. Харин 2008 оны сонгуулиар дээрх сонголтод багахан өөрчлөлт орж, Ц.Жаргалыг Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Батбаяраар сольсон. Тодорхой хэлбэл, Г.Занданшатар болон Х.Баттулга дахин сонгогдсон юм. 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд Х.Баттулга болон Д.Ганбат нар ялалт байгуулж, одоогийн парламентад төлөөлж байна.

Тэгвэл ирэх сонгуульд тус тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөөр товлосон хүн цөөнгүй байна. Урьдчилсан байдлаар Баянхонгор нутгаас гурвантаа сонгогдсон Х.Баттулга тус тойрогт нэр дэвшинэ. 2012 оны сонгуулиар түүнтэй хамт нэр дэвшиж, ялалт байгуулсан Д.Ганбат энэ удаад ч дахин хүч үзнэ. Тэрбээр өнгөрсөн онд Баянхонгор аймгийн алдарт эхийн хоёрдугаар одонтой эхчүүдэд 25, нэгдүгээр одонтой эхчүүдэд 40-ийн бидон, уулзалтад нь ирсэн хүмүүст төмөр шанага тараасан гээд сонгуулийн бэлтгэлээ хэдийн базаасан.

Харин өнгөрсөн сард хийгдсэн Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр тус тойрог гурван мандаттай болсон тул эрх баригч намынхан нэр дэвшигчийн “эрэл”-д гарчээ. Тухайлбал, 2004 онд тус тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Ц.Жаргалд нэр дэвших санал тавьсан ч эцсийн шийдвэрээ гаргаагүй аж. Гэхдээ Монгол орон даяар өрнөөд буй УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн марафон өнөөдөр эхлэх тул Ардчилсан намаас Баянхонгорт нэр дэвших гурав дахь эрхэм удахгүй тодорно.

Харин тус тойрогт сөрөг хүчин болох МАН-ын нэр дэвшигчдийг Г.Занданшатар тэргүүлж байна. 2004, 2008 оны сонгуулиар баянхонгорчуудын итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан тэрбээр өнгөрсөн хугацаанд МАН- ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах үүрэг хүлээлгэсэн түүхтэй. Ингэснээр түүний оронд “Ачлал” группийн ерөнхий захирал М.Билэгт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй юм.

Тэгвэл саяхан нэмэгдсэн нэг мандатыг “Ачлал” группийн ерөнхий захирал М.Билэгтэд өгөх болсныг эх сурвалж дуулгаж байна. Учир нь, Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар тусгасан. Тиймээс түүнд дахин нэр дэвших боломж олдож байгаа нь энэ.

Харин МАХН-аас “Мигма электроникс” компанийн ерөнхий захирал Б.Анхныбаяр нэр дэвших гэнэ. Тэрбээр 2012 оны сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс дэвшиж байсан юм.

Зураг