Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

""Намайг Хайрла" киног үзээд гэр бүл, бие биенээ илүү ойлгож, хайрлах болно"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

"Намайг Хайрла" МУСК-ны гол дүрд тоглосон УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаатай товчхон ярилцлаа.

- Сайн байна уу. УДЭТ ч хөл хөдөлгөөн ихтэй байна даа. Таны хувьд сүүлд ямар жүжиг, кинонд тоглов?

- Саяхан У.Шекспир "Ромео Жульетта" жүжгийн Ромеогийн ээжийн дүрд тоглосон. Одоо бол ирэх сард тоглогдох Парисын дарь эхийн сүм хөгжимт жүжгийн Эсмеральдогийн дүрд тоглохоор бэлтгэлээ хийж байна.

 

Мөн Зохиолч Ж.Батсайхан, Найруулагч А.Чингүн найруулсан "Намайг Хайрла" МУСК-ны гол дүрд тоглосон. Энэхүү кино маань зургаадугаар сарын 01-нд бүх кино театруудаар гарч эхлэх болно

- Ингэхэд таны жүжигчний карьер хаанаас эхлэлтэй вэ?

- Би 2008 онд СУИС-ийн найруулагч н.Сугар багшийн ангиас эхлэлтэй. Сургуулиа төгсөөд, гурван жил SBN телевизэд дуу оруулагчаар ажиллаж байсан.Тухайн үед өөрийн эрхгүй сэтгэлийн дуудлагаар гэх үү, жүжигчин мэргэжлээрээ ажиллахыг хүсч, тайзан дээр тоглож үзэх юмсан гэж хүсээд УДЭТ-т шалгалт өгч байсан. Ингээд 2012 оноос эхлэн УДЭТ-т ажиллаж байна даа.

 

- Таны хувьд сүүлд "Намайг Хайрла" МУСК-нд тоглосон. Үүнээс өмнө кинонд тоглож байсан уу?

- Би анх 2012 онд бүрэн хэмжээний кино болох С.Бямба найруулагчийн "Алсын удирдлага" кинонд тоглосон бөгөөд кино маань 18 дахь удаагийн Бусаны олон улсын наадмын дээд шагналыг хүртсэн. Тухайн үед киноныхоо нээлтийн үеэр “Жүжигчний анхны ажил маань сайхан эхэллээ. Гараа сайн бол бариа сайн” гэж хэлж байснаа сайн санаж байна. Дараа нь Монгол улсын Төрийн Соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулагчийн найруулсан "Сүүлчийн шөнө" УСК-нд тоглосон. 

- "Намайг Хайрла" МУСК-ны дүрийнхээ талаар ярьж өгөөч?

Урлагийн байгууллагын хувьд залуучуудад зөв тохио өгөх, зөв нөлөө үзүүлэх ёстой. Тиймээс дүр, текстэд маш сайн анхаарал хандуулсан. Манай кино хамт олон хоосон биш, хөнгөн биш киног бүтээхийг зорьсон.

Өмнө нь би дотогшоогоо, зөөлхөн араншинтай хүний дүрд тоглож байсан. Ер нь амьдрал дээрээ ч зөөлхөн хүн л дээ.

Харин "Намайг Хайрла" МУСК-нд ажилдаа дурласан, гэр бүл хүүхдээ мартах шахам өөрийн орон зайдаа автчихсан Цолмон гэх эмэгтэйн дүрд тоглосон.

- Таны хувьд "Намайг Хайрла" МУСК-г үзээд үзэгчид юуг ойлгоосой гэж хүсч байна вэ?

- Бидний кино залуусын хайрын түүхийг өгүүлдэг. Бага насны хүүхэдтэй, амьдрал босгох гээд хоёулаа ажиллаж байгаа энгийн л нэгэн гэр бүлийн дүр зураг. 

Олон залуухан гэр бүл мөнгө, хайрыг үнэлэх үнэ цэнээс болж хоорондоо үл ойлголцдог. Зарим эдгээр асуудлыг давж чаддаг ч, зарим нь чаддаггүй шүү дээ. Харин эдгээр асуудлыг хэрхэн даван туулж байгаа талаар манай кино өгүүлдэг. 

Миний хувьд киног маань үзсэн залуус гэр бүл төлөвлөлт, үр хүүхдийн үнэ цэнэ, амьдралыг хэрхэн тэнцвэртэй байлгах гэх мэт зүйлсийг ойлгож, бие биенээ хайрлах, улмаар өөрсдийн харилцаагаа нэг дүгнээсэй гэж хүсч байгаа.

 

- Таны ойрын төлөвлөгөө?

- Хэдий би завгүй ажилтай байдаг ч гэсэн цаашид зөвхөн театраараа амьсгалах биш, өөрийгөө илүү их хөгжүүлэхийн тулд ажиллана гэж боддог. 

Жүжигчин мэргэжлийн онцлог гэх үү дээ. Нэг сайн магтуулж, нэг бол хэзээ ч жүжигчин болж чадахгүй мэт хэлүүлэх үе ч байдаг. Гэхдээ гол нь хүсэл эрмэлзэл, тэмүүллээ дагаад урагшлах нь чухал юм шиг санагддаг. Надад олон мөрөөдөл бий. Залуу хүн чинь хүсэл мөрөөдлөөр л жигүүрлэж амьдарна шүү дээ

- Цаг гарган ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа.