Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бүтээлч сэтгэлгээтэй хүүхэд өөрийгөө эмчилдэг

Ж.Эрхэс, Өглөөний сонин
2016 оны 5 сарын 23
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Хүн самар цөмөхөд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлдэг. Ингэснээр тархи амарч, алжаал тайлагддаг тухай судалгаа бий. Үүнтэй адил зураг зурах, оригами хийх, баримлын шавраар бүтээл урлахад бас хүүхэд, томчуудын стресс тайлагддаг байна. Нэн ялангуяа хүүхдүүд бусдад сэтгэлээ уудалж, тулгамдсан асуудлаа ярьж чаддаггүй учир ийм байдлаар стрессээ тайлах хэрэгтэй байдаг ажээ.

Олон улсын судлаачид хүмүүсээс “Хүн илүү нүдтэй бол тэр нь хаана байгаасай гэж хүсэж байна” гэж асуужээ. Насанд хүрэгчдийн дийлэнх нь дагзандаа гэж хариулсан бол хүүхдүүд хуруун дээрээ нүдтэй болохыг хүссэн байна.

Үүнийгээ тэд “Би хуруун дээрээ нүдтэй бол хуруугаа хөдөлгөөд хаашаа ч харж чадна” хэмээн тайлбарлажээ. 

 Барууны сэтгэл судлаачид хүүхдийг төрсөн цагаас нь хувь хүн, өөрийн гэсэн үнэ цэнэтэй гэж үздэг. 

Томчууд бидний олж хардаггүй, эсвэл анзаардаггүй зүйлсийг хүүхдүүд сайн мэддэгийн нэг жишээ энэ.

Түүнчлэн хүүхдүүд томчуудыг бодвол бүтээлч сэтгэлгээ маш өндөр. Тэд даавуу нөмрөөд л супер баатар, шүүр унаад л шулмас болж, хорвоог томчуудаас ч олон өнгөөр хардаг.

Тэгвэл яагаад том болох тусам бүтээлч сэтгэлгээ буурдаг вэ? Зургийн багш хүүхдүүдэд байгаль зур гэвэл ангийн ихэнх нь шар өнгөтэй нар, ногоон уул, цэнхэр үүл, цэнхэр гол, цагаан гэр, саарал утаа, бор хашаа, цагаан хонь, улаан цэцэг зурдаг шүү дээ. Үүнийг мэргэжлийн хүмүүс “хайрцаглагдах” гэдэг. Тэд хүүхдүүдийг будгийн ном будахдаа зурааснаас хальж, зураг зурахдаа дүрэмгүй байхыг зөвлөж байна.

Ютагийн их сургуулийн профессор, нэрт зохиолч, шүүмжлэгч Орсон Скотт Кард “Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хэрхэн хамгаалж үлдэх вэ” сэдвээр TED-ийн хуралд илтгэл тавьжээ. Энэ үеэрээ “Хүүхэд болон насанд хүрэгчдийн бүтээлч сэтгэлгээг хадгалахын тулд бие даан суралцуулж, хийж байгаа зүйлд нь дуртай болгох хэрэгтэй хэмээн зөвлөлөө.

Америкийн нэрт сэтгүүлч Жюдит Мартин “Ямар ч хүүхэд тоглолттой өдрөө шүүмжлэл сонсох ёсгүй” хэмээсэн байдаг. “Үүнийг эцэг, эхчүүд маш сайн дагаж мөрдвөл хүүхдийн бүтээлч сэтгэлгээг “хайрцаглахгүй” байх боломжтой” гэж Орсон Скотт Кард зөвлөлөө.

Сэтгэл судлаач Х.Хандсүрэн эцэг, эхчүүдийг хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэйг онцлов. Тэрбээр “Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхийн тулд урлагтай ойр байлгах хэрэгтэй. Урлагтай ойр байдаг хүүхэд өөртөө итгэлтэй, нэр хүндтэй, манлайлагч болдог. 

Мөн бусдаас сайн сайхныг олж хардаг, өөрөөрөө бахархдаг, өөрийн гэсэн үзэл бодолтой, өөдрөг болно” гэв. Барууны сэтгэл судлаачид хүүхдийг төрсөн цагаас нь хувь хүн, өөрийн гэсэн үнэ цэнэтэй гэж үздэг. Сүүлийн үед олон улсад уран зургаар хүүхэд төдийгүй, том хүнийг эмчлэх сэтгэлзүйн эмчилгээ дэлгэрч байна.

Ялангуяа абстракт зураг зурахад хүүхэд болоод том хүний дотоод бухимдал гадагшилж, өөрийгөө таньдаг. 

Хүүхдийг байнга хорьж, цагдвал бүтээлч сэтгэхүйг нь унагах магадлалтай ажээ. 

Түүнчлэн хүүхдийг зурсан зургаар нь оношлох, эмчлэх сэтгэл зүйн клиник арга дэлгэрч байгааг сэтгэл судлаач Х.Хандсүрэн хэллээ.

Тэрбээр “Хүүхдээр эхлээд хүссэн зургийг нь, дараа нь гэр бүлийнхнийг нь зуруулдаг. Тэгэхэд хүүхэд гэр бүлийн байдлаа өөрийн сэтгэлзүйн өнцгөөс зурдаг юм. Энэ маягаар сэтгэлзүйг нь оношлох, цаашлаад хүчирхийлэлд өртсөн хүүхдийг зураг зуруулж эмчлэх арга хүүхдийн сэтгэл судлалын салбарт түгээмэл” гэв.

Японы хүүхдийн сэтгэл судлаач Масаро Ибукагийн “Гурван нас хүрэхэд оройтно” номонд хүүхдийг хүчилж, өөрийн санал бодлоо тулгаж болохгүй. Хүүхэд ном урж, ханан дээр зурж байгаа нь дэггүйтэх гэсэндээ биш, ертөнцийг таньж мэдэж байгаа нь л тэр. Хүүхдийг ажиглаж, таньж мэдэх хэрэгтэй тухай бичсэн байдаг. Хүүхдийг байнга хорьж, цагдвал бүтээлч сэтгэхүйг нь унагах магадлалтай ажээ. 


Г.Золжаргал: "Хүүхдийн бодож явдаг зүйл зургаас нь харагддаг"

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээний талаар “Creative house ” урлангийн багш Г.Золжаргалтай ярилцлаа.

-Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ яаж илэрдэг вэ?

-Хүүхэд зураг зурахдаа яг өөрийнхөөрөө сэтгэдэг. Манай нэг сурагч нар зурж байгаад шар өнгийн дугуй дээр хараар сарааччихсан. Яагаад ингэснийг нь сонирхтол “Багш аа, та нар руу хараад дараа нь нүдээ ань даа. Нар арзайгаад байгаа биз” гэсэн. Ийм байдлаар хүүхдүүд томчуудаас хэд дахин бүтээлч гэдэг нь тэдний бүтээлээс тодорхой харагддаг.

-Ямар хүүхэд илүү бүтээлч байдаг вэ?

-Өөртөө итгэлтэй, урам зориг нь мохоогүй хүүхдүүд. Баян ч бай, ядуу ч бай хүүхдээ загнахаасаа урьтаж сонсдог, шүүмжлэхээсээ илүү ойлгодог, мөнгөөр үл хэмжигдэх үнэт цагаа тэдэндээ зориулдаг аав, ээжийн хүүхдүүд өөртөө итгэлтэй, урам зоригтой бүтээлчид болсон байдаг. Сонин санагдаж магадгүй.

Гэхдээ боломжийн амьдралтай хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх байдал нь илүү байдаг.

Манай төв нээлтээ хийхдээ хорооныхоо хүүхдүүдийг нээлттэй өдөрлөгт урьсан юм. Тэгэхэд боломжийн амьдралтай хүүхдүүд зураг зурахдаа тод өнгө сонгож, зурааснуудаа хүртэл том, зоригтой тавьж байсан. 

Гэтэл тэр хавийн жижүүрийн хүүхдүүд бараан өнгө түлхүү сонгож, цаасныхаа өчүүхэн хэсгийг ашиглан зурж байв. Тэгэхээр хүүхдийн сэтгэлзүй уран зургаар нь гарч ирдэгт би итгэдэг.

-Хүүхдийг яаж “хайрцаглахгүй” байх вэ?

-Хүүхдийн уран зургийг, ер нь бүтээлийг шүүмжлэхээсээ урьтаж магтан, урамшуулах хэрэгтэй гэж би боддог. Дөрвөлжин хэлбэртэй уул зурж байхад нь “Уул ийм биш, гурвалжин байдаг юм” гэж болохгүй ээ гэсэн үг. Би сурагчдадаа байнга урам өгдөг.

Анх манай төвд ирээд бараан өнгөөр, жижиг зураг зурдаг байсан хүүхдийг магтах тусам гайхалтай бүтээл хийж эхэлдэг юм. Эцэг, эхчүүд хүртэл сүүлдээ “Үүнийг манай хүүхэд зурсан юм уу” гэж гайхдаг шүү.

-Магтуулдаг хүүхэд өөрөө тодордог гэж үү?

-Тийм ээ. Хүүхдийн бүтээлч сэтгэхүй байгалиасаа өндөр байдаг. Бид бүгд хүүхэд байхдаа чулуугаар өвс хэрчиж хоол хийгээд л, элсээр бялуу хийж, цэцгээр чимэглэж тоглодог шүү дээ. Аав, ээж, багш нарын амнаас гарах үг хүүхдэд маш хүчтэй тусдаг учир томчууд хэлэх үгэндээ хянуур байх хэрэгтэй. Зурж чаддаггүй хүүхэд гэж байхгүй. Учир нь зураг бол хүүхдийн дотоод ертөнцөө илэрхийлэх өвөрмөц, дахин давтагдашгүй хэл яриа юм.

-Хүүхдийн сэтгэлзүй уран зурагтай холбоотой гэлээ. Энэ юунаас ажиглагдав?

-Бид нийгмийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд хэд хэдэн удаа үнэ төлбөргүй хичээл заасан. Тэгэхэд хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх боломжоор “цангасан” нь ажиглагдсан.

Тэдний дунд их дуугүй нэг хүүхэд байсан. Маш өвөрмөц, энгийн хүний нүдээр ойлгохгүй зураг зурчихаад түрүүлээд явчихсан. 

Хүүхдийн бүтээлч сэтгэхүй байгалиасаа өндөр байдаг. 

Бид дараа нь эцэг, эхчүүдэд зориулж гаргадаг тайлангаа тавьж байгаад тэр хүүхдийн зургийг эргүүлсэн чинь модыг урвуу харуулж маш гоё зурсан байсан. Хүүхэд заримдаа хэн нэгэнд хэлмээр байгаа зүйлээ зургаар илэрхийлдэг. 

Ааваасаа айдаг бол аавыгаа ууртай царайтайгаар, эсвэл мангас болгож зурдаг ч юм уу. Манай дөрвөн хүүхэд гэхэд аавыгаа дэлгүүрийн тор барьсан байгаагаар зурдаг юм. Яагаад тортой байгаа юм гэхээр “Аав бол хангагч” гэж хэлдэг (инээв). Энэ мэтчилэн хүүхдийн бодож явдаг зүйлс зургаас нь харагддаг.

-Тэгэхээр хүүхдийн сэтгэл санааг зургаар засаж болно гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Манайд нэг жижүүрийн охин үнэ төлбөргүй сурдаг байлаа. Тэр охин анх ирэхдээ их бараан зураг зурдаг, ихэнхдээ доошоо харж явдаг байсан. Би охиныг их халамжилж, магтдаг байсан болохоор надад их сайн.

Ингээд бага багаар сэргэж, хичээлдээ ирж, зурах дуртай болсон. Цаашлаад инээмсэглэдэг, надтай ярилцдаг, тод өнгөөр жаргалтай царай зурдаг болсон юм. Би тэр охиныг мартдаггүй.

-Та яагаад хүүхдүүдэд үнэ төлбөргүй заадаг юм бэ?

-Би уг нь загвар зохион бүтээгч. Гадуур явж байхад хүүхдээ загнаж, зодож байгаа дүр зурагтай зөндөө л таардаг. Сүүлийн үед хүүхдийнхээ аминд хүртэл хүрсэн явдал гардаг болж. Эх хүн болоод ч тэр үү, би эдгээр хүүхдийг яаж хамгаалах вэ гэж удаан бодсон. Эхлээд хууль судалж, хэрээсээ хэтэрсэн зүйлс оролдож үзсэн л дээ. 

Сүүлд нь Г.Золжаргал гэдэг хүн юу хийж чадах вэ гэж бодтол зураг зурах байв. Ингээд өөрийн чадах зүйлээрээ дамжуулан хүүхдүүдэд бага ч атугай аз жаргал бэлэглэж, сэтгэлзүйг нь засахаар ажиллаж байна. Надад шантрах үе олон байдаг ч 20 жилийн дараа миний хүүхдүүдтэй мөр зэрэгцээд алхах хүмүүс шүү дээ гэж бодохоор урам ордог доо гэсэн юм.

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ гэхээр л энгийн зураг зурах, хувцас оёх тухай асуудал биш гэдгийг мэргэжилтнүүд ийн хэлж байна. Товчхондоо, бүтээлч, төсөөлөн бодох чадвар өндөр хүүхэд үг хэлээрээ биш юм аа гэхэд урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлж чаддаг. Түүнчлэн өөртөө итгэлтэй, харилцах чадвартай, аливааг сурахдаа хурдан байдаг ажээ.

Зураг