Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Чимэгсанаа: Алтанбулаг экспог жил тутам зохион байгуулна

Монголын мэдээ
2016 оны 5 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим "Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө 31 оруулагчдын зөвлөл хамтран "Алтанбулаг экспо-2016” олон улсын форум үзэсгэлэн худалдааг энэ сарын 21-22 нд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг" чөлөөт бүсэд зохион байгуулах гэж байна.

Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэр, бодлого зохицуулалтын газрын Чөлөөт бүс хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаагаас тодрууллаа.

-Энэ сарын 21, 22-нд анх удаа “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл, Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөл, “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөл хамтран “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдааг анх удаа зохион байгуулах гэж байна.

“Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдаанд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван улсын төр, засгийн төлөөллүүд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, оролцохоо илэрхийлээд байгаа. Одоогоор Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын 57 аж ахуйн нэгж, орон нутгаас 30 аж ахуйн нэгж оролцохоо илэрхийлсэн.

Тухайлбал, “Говь” ХК, “Дархан нэхий” ХХК, “Эрдэнэт хивс”, “Улаанбаатар хивс” ХХК, “Денимон” ХХК, “Сүү” ХХК, “АПУ” ХХК зэрэг томоохон үндэсний үйлдвэрлэгч нар оролцох гэж байна. Харин ОХУ-аас 17 аж ахуйн нэгж “Алтанбулаг экспо-2016” үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн байна. Ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн тавилга зэрэг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд байгаа.

БНХАУ-ын хувьд Хөх хот, Эрээн хот, Хөлөм буйр хотуудаас 20 аж ахуйн нэгж оролцохоор хүсэлтээ ирүүлсэн. Дараагийн нэг том ажил нь олон улсын чуулга уулзалт байгаа.

Чуулга уулзалтад Монгол Улсаас 200 гаруй төр хувийн хэвшлийн төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, ТББ-ууд оролцохоо илэрхийлсэн. ОХУ-аас 40 орчим, БНХАУ-аас 60 орчим төлөөлөгч нар оролцохоор болсон байна. Мөн гурван улсын урлаг соёлын арга хэмжээ буюу загварын шоу, хоолны шоу, циркийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд явагдах болно.

-Форумаар хэлэлцэх гол асуудал нь юу байх вэ. Мөн “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Форум нь дөрвөн салбар хуралдаанаар гол илтгэлүүдээ хэлэлцүүлж явна. Хамгийн гол илтгэл бол Чөлөөт бүсийн хууль эрхзүйн орчны илтгэл.

Чөлөөт бүсийн шинэ хуулийн хүрээнд хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байгаа. Энэ талаар нэлээд идэвхтэй олныг хамарсан хэлэлцүүлэг болох байх.

Чөлөөт бүсэд гадаадаас бараа бүтээгдэхүүн оруулахад ямар нэгэн татваргүй.

Мөн чөлөөт бүсийн хуулийн хүрээнд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа асуудлуудын талаар ярилцаж нэгдсэн нэг ойлголтод хүрэх байх.

Мөн чөлөөт бүсээр дамжуулан тээвэр ложистикийг хэрхэн хөгжүүлэх, мах махан бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээр дамжуулан гадаад зах зээлд хэрхэн гаргах, ноос, ноолуур арьс ширний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг хэлэлцүүлгүүд болно.

Түүнчлэн аялал жуулчлал нийтийн хоолны салбарт гурван улс хэрхэн хамтран ажиллах, хөгжлийг идэвхжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Мэдээж энэхүү үзэсгэлэн худалдаа, олон улсын форумын ач холбогдол маш их. Нэгдүгээрт, чөлөөт бүсийн үйл ажиллагаа идэвхжинэ, чөлөөт бүсийн борлуулалт нэмэгдэнэ, чөлөөт бүсээ сурталчилна, чөлөөт бүсэд бизнесийн харилцаа өргөжинө, шинэ бизнесийн түншлэлүүд бий болж гурван улсын бизнесийн хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэж бодож байгаа.

Үзэсгэлэн худалдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана гэж бодож байгаа. Хөрөнгө оруулагчид ч мөн хамтарсан экспог дэмжиж жил бүр зохион байгуулж байх талаар санал хүсэлтээ илэрхийлсэн.

-Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн бараа бүгээгдэхүүнд ямар нэгэн татвараас чөлөөлөх зэрэг хөнгөлөлт байгаа юу. Ер нь чөлөөт бүсэд ямар хөнгөлөлтүүд байгаа вэ?

-Мэдээж үзэсгэлэнд оролдож байгаа бараа бүтээгдэхүүнүүд чөлөөт бүсийн горимоор орж гарах ёстой. Монголын бараа чөлөөт бүсэд нэвтрэхэд НӨАТ-ыг “0” хувиар ногдуулна. Чөлөөт бүсэд гадаадаас бараа бүтээгдэхүүн оруулахад ямар нэгэн татваргүй. Мөн зорчигчийн худалдан авсан гурван сая хүртэл төгрөгийн барааг чөлөөт бүсээс Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахад НӨАТ болон гаалийн татвар ногдуулахгүй. Чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөнө.

Зураг