Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюунгэрэл: Хурандаа нарын бизнесийг тасалсан учраас эсэргүүцсэн хэрэг

Б.Эрхэс, Монголын мэдээ
2016 оны 5 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрч буй долоо хоногт улс төрчдийн хэлсэн онцгой үгсээс түүвэрлэн үзүүлдэг "Хэн юу хэлэв?" буланг хүргэж байна.


УИХ-ын чуулганы хуралдаанаар дуулиантайхан батлагдсан Хууль сахиулах ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ач холбогдол, үр дүн, цаашлаад энэ хууль батлагдахад эсэргүүцлээ илэрхийлсэн хууль хүчний байгууллагын үйлдэл ямар зорилготой байсан талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн илэрхийлсэн байр суурь олны анхаарлыг татлаа.

Тодруулбал, Ц.Оюунгэрэл гишүүн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Эдгээр хууль гарснаар сайжирсан зүйл байгаа ч нөгөө талдаа ахиц гараагүй зүйл ч байгаа. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг зогсооход энэ хууль маш чухал.

Хаалгаа түгжээд нээхгүй бол хүчээр нэвтрэх эрхтэй болсон. 

Өмнө нь өргөдөл гаргахаар гэр орны дотоод асуудал гээд орхидог байсан. Харин хуулийг шинэчилж өгснөөр хууль сахиулагчид гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага авсан бол хамгийн түрүүнд очдог болно. Хаалгаа түгжээд нээхгүй бол хүчээр нэвтрэх эрхтэй болсон. 

Хохирогчийг хамгаалах үүрэг­тэй боллоо. Ийм заалтыг оруу­лаа­гүйгээс олон хүн хүчирхийллийн золиос болж амиа алдсан. Нөгөө талаар цагдаа ямар тохиолдолд зэвсэг хэрэглэх эрхтэйг зааж өглөө. Өмнө нь ийм байгаагүйгээс олон цагдаа хохирч байсан. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цагдаа таслан зогсоох, улмаар шаардлагатай гэвэл нулимс асгаруулагч, газ хэрэглэх эрх нь хуулиар олгогдлоо” хэмээн ярьжээ.

Мөн энэ хуулийг батлах үеэр хууль хүчний байгууллагын удирдлагууд эсэргүүцэж байсан талаар ярихдаа “Хууль хүчний байгууллагын чадамж багасаагүй. Харин ч ихэссэн. Хуулийн дагуу эрэн сурвалжлах нууц ажиллагааг хийх эрхтэй боллоо. 

Энэ хууль хурандаа нарын бизнест саад болж байгаа. Хурандаа нар нотлох баримт олчихоод түүнийгээ хэрэгт ашигладаггүй. Надад тийм бичлэг байна гэх мэтээр шантаажилж, улмаар мөнгө авч нотлох баримтыг өгдөг.

Энэ нь хөрөнгөлөг хурандаа нарыг төрүүлдэг нь худлаа биш. Тэд прокурорын зөвшөөрөлгүй хиймээр байна гэдэг асуудал. Прокурор хэргийн явцад баримтыг яаж бүрдүүлж байгааг хянах үүрэгтэй учраас түүнийг нь хуульчилж өгсөн хэрэг” хэмээн ярьсан юм. 

Э.Бат-Үүл: Зам барьдаг рекордыг бид эвдлээ 

 

-Нийслэл өдрөөс өдөрт өнгө үзэмжээ нэмж, зам талбайн өргөтгөл шинэчлэлийн ажил эрчимтэй явагдаж буй. Өнөө жил гэхэд л нийслэлд 33 км зам шинээр тавигдах мэдээлэл бий. Тэр тусмаа шинэчлэн барьж буй зам, өргөтгөлийг дугуйн замтай хийж байгаа нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа билээ.

Тэгвэл Хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн зам завсарын ажил болон, өргөтгөлийн үйл явцтай танилцаж, замын талаар санал бодлоо хуваалцсан нь өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Э.Бат-Үүл захирагч “2012 оноос хойш улс, нийслэлийн төсөв, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар нийт 800 тэрбум төгрөгийн замын ажил хийсэн. 

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд 240 гаруй км замыг өргөтгөж, шинээр тавьсан. Зам сайжирсан тохиолдолд газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсдөг. Жишээ нь зуслангийн чиглэлийн замыг тавихаас өмнө газраа наймаалах гэж байсан хүмүүс одоо наймаанаасаа буцаж байна гэнэ.

Яагаад гэвэл зам тавьчихаар дагаад газрынх нь үнэ өсчихгүй юу. Газрын үнэ цэнэ өснө гэдэг чинь “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бололцоо үүсч байна гэсэн үг. Ингээд гинжин урвал шиг нэг нэгээ дэмжсэн том арга хэмжээнүүдийг авч байна. 

Өнгөрсөн дөрвөн жилд зам барьдаг рекордыг бид эвдсэн. Жишээлбэл, Хүй долоон худагт 27 хоногийн дотор  8.7 км зам тавьсан. Энэ бол манай авто замын түүхэнд хамгийн бага хугацаанд хийж рекорд тогтоосон ажил болсон. 

Тэгвэл Шадивлангийн зам тэр рекордыг эвдэж байна. Энэ замыг бүхэлд нь өргөтгөж, шинээр тавьж байна. Гэрэлтүүлэг, явган замтай, ус зайлуулах шугамтай. Энэ бол авто замын түүхэнд рекорд тогтоосон зам байлаа. Манай авто замчид ажлаа чанартай, бүтээмжтэй хийж чаддаг гэдгээ харуулж байна” хэмээн ярьжээ. 

С.Бямбацогт: Эрх баригчдад хууль үйлчлэхгүй гэж хуульчилмаар юм 

 

-Ийм гарчигтай ярилцлага “Монголын үнэн” сонинд хэвлэгджээ. Сүүлийн үед УИХ-ын болон байнгын хороодын хуралдаан ирц бүрдэхгүйн улмаас хойшилж буй. Энэ бүхний буруутан нь эрх баригчид өөрсдөө хэмээн МАН-ын бүлгээс үзэж буй. Гэвч нөгөө талд олонхи заавал ирц бүрдүүлэх хуульгүй.

МАН ирцээр бойкот хийж байна гэсэн мэдэгдлийг УИХ дахь АН-ын гишүүд хэлж буй юм. 

Сүүлийн үед УИХ-ын болон байнгын хороодын хуралдаан ирц бүрдэхгүйн улмаас хойшилж буй.

Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт байх сууриа илэрхийлсэн нь энэ юм.

Тэрбээр, “УИХ дахь АН-ын бүлэг хууль зөрчөөд долоо хонож байна. Ер нь эрх баригчдад хууль үйлчлэхгүй. Харин цөөнхөд хууль үйлчилнэ гээд хуульчлаад өгчихвөл яадаг юм бэ гэж бодогдох боллоо. Өнгөрсөн долоо хоногт сонгуулийн тойрог мандатыг хэлэлцэх үеэр бид “Ийм шударга бус явдал байж болохгүй. Завсарлага авъя" гэж хэлсэн. Гэвч тэд хуулийн хугацаатай учраас та нарт завсарлага өгөхгүй. 25 минутад багтаж ярь гэсэн. 

Өөрсдөө хууль ярих болохоор ярьдаг атлаа өнөөдөр хууль зөрчөөд л АТГ-ын томилгоог хийхгүй хүлээлгэж байна. Бидэнд ирцээр бойкот хийсэн зүйл алга. АН-ынхан нэгэнт олонхи бол олонхиороо ирцээ бүрдүүлээд ажлаа хийгээд, ачаагаа үүрээд явах ёстой биз дээ.

МАН ажил гацаалаа гэж ярих нь утгагүй. Өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн асуудалд бидэнтэй бидэнгүй ирцээ бүрдүүлээд хэлэлцээд явчихдаг. Түүнтэй адил улс орны эрх ашгийн асуудлыг хэлэлцэхээр ирцээ бүрдүүлчих, тэгвэл оролцоход бэлэн байна. Бидэнд төрийн ажил гацаах сонирхол алга” гэв. 

Д.Алтанхуяг: Урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр орон сууцтай болох боломж бий 

 

-Нийслэлийн иргэдийн толгойн өвчин болсон гэр хорооллын утаа, агаарын бохирдлыг арилгах зорилгоор орон сууцжуулах хөтөлбөрийг Засгийн газар шат дараатай хэрэгжүүлж буй.

Төр дэд бүтцийг нь шийдэж, улмаар хямд үнэтэй орон сууцаар иргэдээ хангахаас гадна, түрээсээр амьдрах боломжийг ч мөн хэрэгжүүлж, Буянт-Ухаа-2 хороололд түрээсийн орон сууц ашиглалтад оруулсан билээ.

Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт тус хороололд түрээсээр амьдрахаар сугалаанд шалгарсан иргэд байрны түлхүүрээ гардаж авлаа. 

Иргэдэд түрээсийн орон сууцыг нь өмчлүүлэх боломжтой.

Мөн ТОСК-ийн Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг иргэд урьдчилгаа төлөхгүйгээр байртай болох боломжтой гэсэн зүйлийг “itoim.mn” сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр, “Иргэдэд түрээсийн орон сууцыг нь өмчлүүлэх боломжтой. Гэхдээ Засгийн газрын тогтоолд иргэдэд зөвхөн түрээслүүлэх зориулалттай гэж заасан байгаа. 

Дараа дараагийн хөтөлбөрийг түрээслэнгээ өмчлөх боломжтой болгох саналыг Засгийн газарт хүргүүлж байгаа. Түрээсийн байрыг өмчлөлийн хэлбэрт шилжүүлэх, эсвэл түрээслүүлэх талаар олон улсад хэрэглэдэг олон хувилбар байдаг. Монголын нөхцөлд түрээслэнгээ өмчлөх гурван хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой. Нэгд, зөвхөн түрээслүүлэх хэлбэрээр орон сууцанд амьдарч байгаад хугацаа нь дуусахаар дараагийн хэрэглэгчид шилждэг. 

Хоёрт, түрээслэнгээ өмчилдөг. Гуравт, ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр түрээсийн үнэ дээрээ байрны үнийг шингээж төлөх байдлаар шууд өмчлөх  хувилбар байна. Монголын нөхцөлд энэ гурван хувилбарыг гурвууланг нь хэрэгжүүлэх боломжтой. Хамгийн гол нь Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, түрээслэнгээ өмчлүүлэх боломжтой гэдгийг эрх зүйн хувьд шийдэх ёстой. Төрийн орон сууцны корпорацийн мэргэжилтнүүд маш олон хувилбараар тооцоо хийж түрээслэнгээ өмчлүүлэх боломжтой гэж үзэж байгаа” хэмээн ярьжээ.

Зураг