Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжмөө тоглохоор амьдрал минь хөглөгддөг"

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 20
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

“Өнөөдрийн бидний тоглож буй ятга Хятадын Монгол хувилбар. Тиймээс олон улсад энэ хөгжмийг Монгол гэж "өмчлөх" эрх бидэнд байхгүй. Тэр хөгжмийн талаар дэлхий мэддэг учраас бид Монгол ятгаа сэргээж тоглох нь маш чухал. 

Би Монголын нэр хүндтэй хөгжимчин мөн л бол Хятадын Монгол хувилбарыг биш, Монгол үндэснийхээ ятгыг олон улсад таниулмаар байна "хэмээн ярих бүсгүй бол Хөгжим бүжгийн коллежийн багш, эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг дахин сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хөгжимчин, Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ юм.

Элдэв чамирхалгүй, эрмэг дүү мэт харагдах тэрбээр уулзаад ярилцахад яг л ятга хөгжим шигээ ялдамхан юм.
Үнэндээ ятга хөгжмийг тэр хөглөдөг ч заримдаа магадгүй түүнийг ятга хөгжим нь хөглөдөг болов уу. Ингээд түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Таныг сүүлийн үед нэлээд завгүй байгаа гэж сонссон. Уран бүтээлийн олз арвин уу?

-Дэлхий дахин даяаршиж, холимог хуурга шиг болсон энэ цаг үед эртний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор шавь нараа бэлтгэж байна. Уран бүтээлээ туурвихын хажуугаар Хөгжим бүжгийн коллежид багшилж байгаа.

Европын орнуудад 10 гаруй жил ажиллаж, амьдарч байсан хүний хувьд гадна ертөнцөөс Монголынхоо соёл урлаг дахь үнэт зүйлийг олж харахыг хичээдэг.

2011 оноос эхэлж эртний уламжлал тасарсан Аху ятга, 1,400 жилийн түүхтэй Алтай ятгыг сэргээж, хөгжүүлэх ажилд шамдаж байна.

2011 оноос эхэлж эртний уламжлал тасарсан Аху ятга, 1,400 жилийн түүхтэй Алтай ятгыг сэргээж, хөгжүүлэх ажилд шамдаж байна. 

Өнөөдөр биш ч гэсэн 40 жилийн дараа маш үнэ цэнэтэй зүйл байсныг ойлгуулахын тулд бор зүрхээрээ зүтгэж яваа.

 Мэдээж улс орны зүгээс соёлын бодлогоор дэмжээсэй гэж хамгийн их хүсэж байгаа ч одоохондоо бодитой дэмжлэг алга. Тийм учраас энд тэнд тоглож, олсон уран бүтээлийн урамшууллаа дээрх төслүүдээ санхүүжүүлэхэд зориулдаг. Амьдралаа бодвол зориулмааргүй. Г эвч үнэ цэнэтэй амьдрахын төлөө л өнөөдөр бүх зүйлээ зориулж явна.

-Төслийнхөө хүрээнд яг ямар ажлууд хийгээд байгаа талаар ярихгүй юү?

-“Алтай ятга” төслийн хүрээнд “Алтай” хамтлагийг байгуулсан. Энэ жил таван нас хүрч байгаа. Удахгүй ойн тоглолтоо Улсын драмын эрдмийн театрт хийхээр төлөвлөсөн. Мөн анхны бие даасан “Золгоё доо“ цомгоо гаргаж байна.

Чанар нь шаардлагад нийцсэн, маш сайхан цомог болсон. Энэ тал дээр би сэтгэл хангалуун байгаа. “Алтай” хамтлаг бол мэргэжлийн хөгжимчдөөс өөр. Хэдэн мянган жилээр уламжилж ирсэн язгуур мөн чанар энэ хамтлагийнханд шингэсэн.

Миний хувьд уран бүтээлийн амжилт бүтээл арвинтай байна. Ард түмний дунд “Цэнхэр залаа”-гаар алдаршсан Б. Наранбаатар ахын 21 ардын дууны цомгийг шавь, "Алтай" хамтлагийн ятгач Б.Баасанжаргалтай хамт бичүүлж, хэвлэлтэнд өгсөн.

Онцлог, өвөрмөц шинжийг харуулсан цомог болсон. Удахгүй худалдаанд гарах байх. Мөн өнгөрсөн жил Хөгжим бүжгийн коллежийн оны шилдэг уран бүтээлч багшаар шалгарлаа. Шагналыг ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Их танхимд бие даасан тоглолтоо хийх эрхийн бичиг дагалдсан. Улаан-Үдэд хийсэн тоглолт маш сайхан болсон.

Монголын дуу хуур хийгээд ятгын эртний болон орчин цагийн хөгжил дэвшлийг харуулахыг зорьсон. Уламжлалаа хадгалсан тоглолт боллоо гэж дүгнэж байгаа. Буриадын ард түмэн ч миний тоглолтыг халуун дотноор хүлээж авсан. Алтай ятга бол Монгол үндэстний бахархал гэдгийг таниулах үүднээс “Алтай” хамтлагийнхныг тоглолтондоо оролцуулсан.

Хөгжим урлаачид олширч байгаад би их баяртай явдаг. Хөгжим урлаач Дэмчиггарав гуайн ажил, бүтээлийг нутгийнх нь ард түмэнд тайлагнах тайлан тоглолт гуравдугаар сарын сүүлчээр Архангай аймгийн хөгжимт драмын театрт болсон. Энэ тоглолтод мөн “Алтай” хамтлаг оролцсон.

Бидний тоглолтыг үзсэн нутгийн хүмүүс ойрын 10 жилд үзээгүй гайхалтай тоглолт боллоо гэж хэлсэн нь бидний хувьд анхаарал татсан үнэлэмж байлаа. Архангай аймгийн театрын дарга дахиж тоглохыг урьсан. Энэ бүхэн бидний хийж буй ажлын чанар чансааг илтгэх болов уу.

-Та олон шавьтай болж байна уу?

-Залгамж халаагаа бэлтгэж байгаа. Энэ жил миний шавь, Хөгжим бүжгийн коллежийн дөрөвдүгээр дамжааны оюутан Номуун саяхан бие даасан тоглолтоо хийсэн.

Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар дамжааны оюутан, “Алтай” хамтлагийн ятгачин, миний шавь Баасанжаргал гурав хоногийн өмнө бие даасан тоглолтоо хийлээ. Энэ охин бол өсөх ирээдүйтэй хүүхэд. Их мундаг хөгжимчин болох байх гэж би харж байгаа.

-Ятга сурах хүсэл сонирхолтой хүүхэд хэр олон байдаг вэ?

-Хүүхдүүд ятга хөгжимд дурладаг болжээ. Олон хүүхэд ятга сурах гэж ирдэг. Манай сургуулийн ахмад багш нар “Мөнх-Эрдэнэ ээ, чиний тоглолт олон хүүхдийг ятганд дурлуулж байна.

Олон хүүхэд ятга сурах гэж ирдэг боллоо” гэж хэлэхэд нь би их баярладаг.

Ятга сурах гэсэн чин хүсэлтэй ирж байгаа хүүхдэд би мэддэг, чаддаг бүхнээ зориулна.

Ятга сурах гэсэн чин хүсэлтэй ирж байгаа хүүхдэд би мэддэг, чаддаг бүхнээ зориулна.

Гэхдээ миний ажлын ачаалал их учраас хүүхэд бүрийг хүлээж авах боломжгүй. Тодорхой шалгуур тавьдаг. Сургуулиас гадна хувиараа хүүхдүүдэд хичээл заадаг.

-Танд ирж ажиллаач гэсэн урилга гаднын орнуудаас цөөнгүй ирдэг байх. Та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Буриадад очиж тоглосны дараа тус улсын Хөгжмийн их сургуулийн захирал ирж уулзаад, намар ирж сургалт явуулаач гэсэн хүсэлт тавьсан. Би ажлынхаа цаг завыг хараад хариу өгнө гэж бодож байна.

Мөн Өвөр Монголоос мөн ирж ажиллаач гэсэн санал тавьсан. Бидний л нэг угсаатан учраас намайг тоогоод багшлуулъя гэж байгаа бол татгалзах аргагүй.

-Таныг “Бөртэ” хамтлагаар овоглож явдгийг хүмүүс мэднэ. Хамтлагтаа байгаа юу, эсвэл “Алтай” хамтлагт бүр мөсөн орсон уу?

-’’Бөртэ” хамтлагийн тухай ярихдаа би бардам байдаг. Манай хамтлаг Монголын шилдэг хөгжимчдөөр бүрдэж байсан. Бид маш хүчтэй ажиллаж байлаа. Гэхдээ хэтэрхий их чадалтай хүмүүс нэг баг болж ажиллахдаа учир дутагдалтай байдаг юм байна.

Чадалтайдаа биш, багаар ажиллах нь чухал. Энэ үнэ цэнийг бусдад ойлгуулахын тулд “Алтай” хамтлагт анхаарал тавьж ажилладаг. Багийн тоглолтыг "Алтай" хамтлагаас харж болно. Би “Алтай” хамтлагийн гишүүн биш. Хөгжмийн зөвлөгч нь.

Миний хань тус хамтлагийн продюсерээр ажилладаг. Энэ хоёр хамтлагийн хооронд том ялгаа бий. “Бөртэ” бол мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн хамт олон. Бид тодорхой хугацаанд хийх зүйлээ хийсэн. Анхны этник хамтлаг бол “Бөртэ” гэж хэлж болно. Этник чиглэлийн урсгалыг анх оруулж ирсэн эцэг хамтлаг. Биднээс салаалж бусад хамтлаг төрсөн гэдгийг би баттай хэлж чадна. Түүх бол үнэн байх ёстой. “Бөртэ”-гийнхэн маш том амжилтуудыг дагуулсан.

Европын орнуудад бид ажиллаж, амьдарч байхдаа симфони найрал хөгжимтэй бүтэн хоёр цагийн тоглолт хийж байлаа. Ийм хамтлаг байхгүй. Оскарт нэр дэвшсэн “Ингэн тэмээний нулимс” киноны фонограмыг бид хийсэн. Үүний дараа миний хань Д.Ганпүрэв “Шар нохойн там” киноны хөгжмийг бүтээсэн. Мөн Америкийн болон Германы Пянз үйлдвэрлэгчдийн шилдэг шагнал хүртэж байлаа. Тухайн үед бид гаднын оронд ажиллаж байсан учраас олон нийтэд хүргэж чадаагүй. Ийм уран бүтээлчдэд Засгийн газрын шагнал оногдох ёстой байх.

Гэтэл бид энэ бүгдийг хэлж танилцуулаагүйгээс болоод цаг хугацааны явцад хуучирсан. Харин “Алтай” хамтлагаас жинхэнэ язгуур мөн чанар харагддаг. “Алтай” хамтлагийнхан дуулж, хөгжимдөж, хөөмийлж чадна. Би бол зөвхөн ятга л тоглохоос хөөмийлөөд хархираад байж чадахгүй.

-Та ятга хөгжимтэй хэзээнээс амьдралаа холбосон бэ?

-Хүүхэд наснаасаа ятгатай нөхөрлөсөн. Одоо 32 жил тоглож байна. Миний анх тоглож үзсэн ятгын тэр эгшиг намайг өнөөдрийг хүртэл хөглөсөн. Ятга бол цаанаа увдистай, тэнгэрийн хөгжим юм. Түүх сударт ч энэ тухай тэмдэглэсэн байдаг. 

Өнөөдрийн бидний тоглож буй ятга Хятадын Монгол хувилбар. Тиймээс олон улсад энэ хөгжмийг бид Монгол зэмсэг гэж хэлэх эрх байхгүй. Тэр хөгжмийн талаар дэлхий мэддэг учраас бид Монгол ятгаа сэргээж тоглох нь маш чухал. Би Монголын нэр хүндтэй хөгжимчин мөн л бол Хятадын Монгол хувилбарыг биш, Монгол үндэснийхээ ятгыг олон улсад таниулмаар байна

Миний мөрөөдөл бага багаар биеллээ олж байгаа. Монгол ятгыг л үлдээж чадвал миний зорилго биеллээ гэсэн үг. Манайхан ятгыг дээдэлж ирсэн. Ятгын тухай дуу хүртэл байдаг шүү дээ.

"Ятга чи ялдам нэгэн бүсгүй байсан юм уу" гэж. Энэ дууг анхны мэргэжлийн ятгачдын нэг Алтантуул эгч зохиосон байдаг. Миний хань ятга хөгжмийн талаар маш их судалгаа хийсэн. Би дэргэд нь байсан учраас бүгдийг нь мэддэг юм. Ихээхэн ул суурьтай хандаж, нарийн судалгаа хийсэн.

-Энэ хөгжмөөс та ямар мэдрэмж авдаг вэ?

-Би хөгжмөө тоглохоороо өөр ертөнцөд оччихдог. Газраас тасарсан мэт мэдрэмж төрдөг. Их л аз жаргалтай болдог доо. Хөгжмөө тоглохоор амьдрал минь хөглөгддөг. Хөглөгдсөн амьдралын минь бас нэгэн үнэ цэнэ нь Алтай ятгын чавхдасыг анх удаа эгшиглүүлсэн явдал юм. Үүнийг Монголд төдийгүй дэлхийд анх удаа гэж хэлэх бүрэн боломжтой.

-Таныг хөгжимчин болоход гэр бүлийнхэн тань нөлөөлсөн үү. Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Би дурандаа л урлагийн хүн болсон. Аав, ээжээс минь надад авьяас заяажээ гэж боддог. Ер нь өөрийнхөө зоргоор явж ирсэн. Түүнээс аав, ээж намайг урлагийн хүн бол гэж зөвлөөгүй. Би Улаанбаатарын унаган иргэн. Гэхдээ Говь-Алтайн Эрдэн сумаар овоглодог.

-Та өөрийнхөө хүүхдүүдийг хөгжимчин болгох уу?

-Би хүү, охин хоёртой. Том охин Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид суралцдаг. Сонирхлоороо ятга тоглодог. Түүнээс биш би зааж сургаагүй. Өөрийн мэдрэмжээрээ нэг л өдөр ятга тоглоод эхэлсэн. Үүнийг л би өв уламжлал гэж ойлгоод байгаа.

-Ятгаар бүрэн үзэгдэлт концерт тоглох боломжтой юу?

-Ийм зүйл тоглох юмсан. Тийм бүтээл туурвих юмсан гэсэн оргилуун хүсэл байнга төрдөг. Хөгжимд хэтэрхий дурлаж шунана гэж байдаг юм билээ. Үүнийг би Хөгжим бүжгийн коллеж төгсөх үедээ мэдэрсэн. Би дахин хүн болж төрвөл ятгаа л тоглоно. Тоглох тоглохдоо хэд хэдэн бүтээлийг дахин дахин тогломоор санагддаг.

Түүний нэг нь “Хос эрвээхий”. 26 минут үргэлжилдэг энэ бүтээл тэр чигээрээ зураглал. Хятадын ард түмэн “Хос эрвээхий” бүтээлээр дуурь хүртэл тавьсан. Бас Ё.Родригогийн гитарын “Аранжуес” концертод дурлаад 10 жил болж байна. Гитар бол баялаг дуугаралттайгаараа ятгаас ялгаатай.

Би ятгаар энэ бүтээлийг тоглохдоо хөг, хам эгшиг, тоглох арга техникийн хувьд багагүй хугацаа зарсан. Олон хам эгшгийг яаж гитарын тоглох арга барилтай ижил хэмжээнд, хүнд хүргэхээр тоглож болох вэ гэдэг бол уран бүтээлчийн хамгийн гол ажил байдаг. Бүтээл бүхэлдээ хүнд ухаан хайрлаж, үргэлж нэг шат ахиулж байдаг.

-Оюуны өмчийн талаар юу хэлэх вэ. Манай улсад оюуны өмчийн маргаан тасардаггүй шүү дээ?

-Манайд төдийгүй гаднын зарим оронд ч оюуны өмчид хайнга ханддаг. Германы оюуны өмчийн хууль маш нарийн байдаг. Би тэр улсад ажиллаж амьдарч байсныхаа хувьд үүнийг мэддэг юм. Монголд оюуны өмчийн хуулийн талаар яриад л байгаа. Энэ бол дэвшил. Цаг хугацааны явцад ихээхэн өөрчлөлт гарах байх.

Гэхдээ бид оюуны өмчийн асуудал маргаангүй болохыг харах, эсэхийг мэдэхгүй. Их л урт хугацаа шаардана даа. Этник урсгалыг анх гаргана гэдэг бол оюуны өмч. Алтай ятгыг бодит хөгжим болгох гээд санхүү болоод бусад бүхий л зүйлээ зориулж яваа минь ч оюуны өмч шүү дээ.

-Хэн нэгний зохиосон аяыг шинэчилж тоглоход танд ямар нэг бэрхшээл тулгардаг уу?

-Одоохондоо ямар нэг бэрхшээлтэй тулгараагүй. Зохиолыг өөрчилж, дэвшилттэй зүйл хийсэн тохиолдолд хэн ч тэрийг үгүйсгэдэггүй. Харин дордуулбал хөгжмийн зохиолч нь гомдолтой байна шүү дээ.

-Танд хаана үйлдвэрлэсэн, ямар ятга байдаг вэ. Хэзээ нэгэн цагт үзмэр болгох ятга бий биз?

-Надад 10 гаруй төрлийн ятга бий. Ихэнхийг нь бэлгэнд авсан. Вьетнам, Хятад, Энэтхэгийн ситар, Солонгос ятга гээд хэд хэдэн орных байгаа. Тэр жилийн төрсөн өдрөөрөө Альпийн ууланд гэр бүлийн найз нарын хамт алхаж байлаа. Альпийн “Reintalangerhutte” оргил дээр гараад Вьетнамын үндэсний ятгыг төрсөн өдрийн бэлгэнд найз нараасаа авсан.

Энэ бол маш гоё түүх. 2005 онд Хятадын соёлын өдрүүдээр явахдаа олон дэлгүүрээс сонголт хийж авсан их гарын хүрэн ятга бий. Энэ ятга маань бараг амь орчихоод байгаа. Би өөрийнхөө хөгжмүүдийг амь шигээ хайрладаг. Халтираад унавал би унах хамаагүй, хөгжим маань битгий эвдрээсэй л гэж боддог.

Мөн долоон тохой урттай аху их ятгыг сэргээж, хөгжүүлэх зорилгоор Архангай аймгийн нэрт урлаач Л.Дэмчигтаравт захиалж хийлгэсэн. Их том учраас тэр бүр авч яваад байж чаддаггүй. Магадгүй хожим хойно энэ ятга маань үзмэр болох байх. 13 утастай Алтай их ятга байгаа. 5-6 чавхдаст Алтай ятга, Дэмчиг ахын бэлэглэсэн ногоон цоохор Аху ятга гээд нэлээд олон төрлийн ятгын зэмсэг бий. Энэ бүх хөгжмийн зэмсэгээрээ л би уран бүтээлээ туурвиж явна.

-Шүтэн бишрэгчдээсээ авч байсан хамгийн том бэлэг гэвэл та юуг нэрлэх вэ?

-Германчууд таныг хөгжмөө тоглох тоолонд арьс барзайдаг гэж хэлдэг. Ингэж хэлэхээр нь тэр хүнд миний тоглолт хүрсний илрэл гэж би хүлээж авдаг. Мянган километрийн цаанаас үзсэн тоглолтоо дахин үзэх гэж зорьж ирсэн хүнтэй би таарч байлаа. Энэ бол жинхэнэ фэн.

Үнэхээр зүрх сэтгэлд хүрсэн учраас дахин намайг сонсох гэж тэмүүлж ирсэн болов уу. Энэ бүхэн надад хязгааргүй баяр баясал төрүүлдэг. Илүү ихийг хийх урам өгдөг. Манай Монголын үзэгчид хайртай шүү гэж чихэнд шивнэдэг. Таныг тоглохоор яагаад ч юм нэг л өөр мэдрэмж аваад байна гэж хэлдэг. Бас нэгэн шүтэн бишрэгч гэр бүл надтай уулзаад, миний ятганд арьсан уут оёж бэлэглэж байсан. Энэ бүх зүйлд уран бүтээлч маш их хөглөгдөж явдаг. Баярын нулимстайгаар угтдаг нь үнэхээр сайхан санагддаг.

-Та ятга хөгжмийг юутай зүйрлэх вэ?

-Ятга бол маш цэвэр ариун хөгжим. Би хун шувуутай зүйрлэх дуртай. Харахад цав цагаан, ямар ч өө сэвгүй. Түүн шиг би ятгаас өөтэй зүйл олж хардаггүй. Ятга байсан цагт би дандаа баяр баясгалантай байна.

-Та шавь нартаа юу гэж захидаг вэ?

-Санаа зөв бол заяа зөв гэж хэлэх дуртай. Буруу санаа өвөрлөвөл хүнд ямар нэг байдлаар нөлөөлдөг. Мөнхийн шид бодитой оршиж байдаг. Сайн сайхан зүйл бодвол дандаа биелдэг.

Аливааг уучлах сэтгэлтэй, зан шулуун, харилцаа тодорхой байх нь чухал. Цаг хугацааг хуурах нь өөрөө өөртөө тавьсан зангатай агаар нэг. Хүн өөрийгөө хуураад байвал амжилтад хүрч чадахгүй шүү дээ.

-Хүмүүсийн сонирхол, хообий янз бүр байдаг. Таны хообий юу вэ?

-Би фитнессээр хичээллэх дуртай. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг үнэн юм байна. Бид суугаа ажил хийдэг учраас байнга хөдөлж байх хэрэгтэй гэж үздэг.

-Та урлагийнхнаас хэнийг шүтэж, хүндэлж явдаг вэ?

-Аливаа уран бүтээлчдийг даль жигүүрээ дэлгээд босож байхад нь урмын үгээр дэмжиж өгсөн хүн хэзээ ч сэтгэлээс мартагддаггүй.

Би Ардын жүжигчин Б.Зангад гуайд их баярлаж явдаг. Энэ хүн маш мундаг мэдрэмжтэй. Уралдаан тэмцээнээс дарамт шахалт ирж, сэтгэл санаа хүнд байх тэр үед хэлсэн Зангад гуайн үг намайг сэргээж байсан. Тэрбээр “Миний охин олон ятгачныг шатааж гарч ирсэн шүү. 

Чамайг дагаж маш олон хөгжимчин сэтгэл санаагаар хөглөгдөж байна” гэж хэлсэн. Би тэр үед асгартлаа уйлсан. Үнэн юм үнэнээрээ л байдаг. Чадаж байгаа хүнийг бүлэглэж дарах, нэр хүндийн төлөө хийж хөдөлмөрлөсөн цаг хугацаа, авьяасыг хайр найргүй, хэнд ч хэрэггүй болгох атаа хорслын араншинг надад гаргаж байсан ч би түүнийг давж гарсан. Харин одоо илүү тайван, хар дарсан зүүд шиг цаг хугацаа замхран үгүй болжээ. Тэр үеийн сөрөг нөлөөлөл ертөнцийн жамаар цаг хугацаанд дийлдсэн байх.

-Хэрэв та урлагийн хүнтэй суугаагүй бол ятгын төлөө ингэж явах байсан болов уу?

-Урлагаас өөр мэргэжлийн хүнтэй суусан бол ятгын төлөө их зүйлийг хийж чадахгүй байсан байх. Би дээрх тохиолдолд гомддог. Миний хань намайг ойлгодог урлагийн хүн учраас унах үед түшиж босгодог. Хурцалж өгдөг. Би бол одоо хийдгээ хийчихлээ. Харин дараагийн гарч ирэх хүмүүсийг битгий сэвтүүлж, шантрахад хүргээсэй гэдгийг хэлмээр байгаа юм. Би өөрийнхөө замаар олон хүнийг явуулмааргүй байна. Олон авьяаслаг залуус төрж гарна. Монголын урлаг ирээдүйд илүү хөгжинө шүү дээ.  

Зураг