Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Гудамж” төслийн санхүүжилтийг бондын хөрөнгөөс биш төсвөөс шийдэх гэж байна

Р.Саруул
2016 оны 5 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Сүүлийн үед уг төслийн ажлыг гүйцэтгэсэн компаниудын ажлын хөлс нэхэгдэж, түүгээр ч зогсохгүй мөнгийг нь улсын төсвөөс гаргах болсон талаар яригдаж эхэллээ. “Гудамж” төслийн гүйцэтгэгч компаниуд яагаад одоо хүртэл мөнгөө авч чадахгүйд хүрэв? Тэдгээр компаниудын мөнгийг яагаад “Чингис” бондын мөнгөнөөс биш төсвийн хөрөнгөөс гаргах болов? 

Ардчилсан намын анхны Засгийн газрын үед хэрэгжүүлсэн “Гудамж” төсөл энэ удаагийн сонгуульд иргэдээс хамгийн өндөр оноо авах ажлынх нь нэг гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх.

Эрх баригчдын, тэр дундаа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн багийнхны нүүрийг тахлах, цаашлаад “Чингис” бонд үр ашигтай зарцуулагдсан эсэхийг шүүн хэлэлцэх үед ч аминд нь орж мэдэх хамгийн бодитой үр дүнтэй ажлуудын нэг юм.

Гэтэл сүүлийн үед уг төслийн ажлыг гүйцэтгэсэн компаниудын ажлын хөлс нэхэгдэж, түүгээр ч зогсохгүй мөнгийг нь улсын төсвөөс гаргах болсон талаар яригдаж эхэллээ. Үүний цаана хоёр ч асуудал анхаарал татаж байгаа юм.

Нэгдүгээрт, хэдийнэ хэрэгжээд дууссан гэж ойлгодог “Гудамж” төслийн гүйцэтгэгч компаниуд яагаад одоо хүртэл мөнгөө авч чадахгүйд хүрэв? Хоёрдугаарт, тэдгээр компаниудын мөнгийг яагаад “Чингис” бондын мөнгөнөөс биш төсвийн хөрөнгөөс гаргах болов?

Баримт сөхөхөд Засгийн газар 2013 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 81 тоот тогтоолоороо “Гудамж” төслийн санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 200 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг “Чингис” бондын эх үүсвэрээс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг тун тодорхой заажээ.

Тэгэхээр өдгөө “Гудамж” төслийн гүйцэтгэгч компаниудын ажлын хөлсийг төсвөөс өгөхөөр ярьж байгаа нь дээрх тогтоолын утга санаатай зөрчилдөж байгаа хэрэг юм.

Мөн Хөгжлийн банкны мэдээллээр бол “Гудамж” төслийн санхүүжилт болох 200 сая ам.доллараас 2015 оны 11 дүгээр сарын 30-ний байдлаар 120.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Иймд ажлын хөлсөө нэхэж байгаа гүйцэтгэгч компаниудын мөнгийг гаргаад өгчих хэмжээний үлдэгдэл санхүүжилт Хөгжлийн банканд үлдсэн гэдгийг уг баримт харуулж буй.

Тэгвэл яагаад тэдний мөнгийг Хөгжлийн банкны санхүүжилтээс олгохгүй өдий хүртэл “луу унжив”, яагаад эцэс сүүлдээ төсвөөс шийдэхдээ хүрэв гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. 

Өнөөдөр “Гудамж” төслийн гүйцэтгэгч боловч санхүүжилтээ авч чадаагүй 22 компани нэгдэж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахаар зохион байгуулалтад ороод байна. Тэдгээр компаниуд өөрсдийн хөрөнгөөр төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн ч одоог хүртэл мөнгөө авч чадалгүй хүнд байдалд орсон аж. Түүнчлэн нийслэлд зам барьсан компаниуд ч санхүүжилтээ авч чадаагүй байгаа учраас дампуурлын ирмэгт тулж хүнд байдалд орцгоожээ. 

Компанийн төлөөллүүдийн ярьж байгаагаар бол албаны хүмүүс тухайн үед бондын хөрөнгийн зарцуулалтыг төсвийн бодлоготой уяж, төсөвт тусгах зайлшгүй шаардлагатай болсон гэхэд тэд 2014 онд уг байдлыг нь харгалзан үзэж 2015 оны төсөвт тодотгол хийхийг нь хүлээжээ. Ингээд үүний дагуу өнгөрсөн оны намар төсөвт тодотгол хийж, тэдний хийсэн ажлын санхүүжилтийг тусгасан ч өнөөг хэр нь олгоогүй ажээ. 


“Гудамж” төсөл үндэсний компаниудыг дампуурахад хүргэв үү?

Авто замын “Алтан балыш” ХХК-ийн инженер Б.Гантөмөр:

-"Гудамж” төслийн хүрээнд нийт 26 уулзвар нээнэ гээд 26 компани орсон боловч 22 нь дампуурлын байдалд орсон. Яагаад гэвэл хоёр жилийн хугацаанд санхүүжилтээ аваагүйн улмаас ийм нөхцөл байдалд хүрсэн. 22 компанийн 7.5 тэрбум төгрөг олгогдоогүй байна.

 22 компанийн 7.5 тэрбум төгрөг олгогдоогүй байна. 

“Гудамж” төсөлд хандахаар Хөгжлийн банк санхүүжилтийг шийднэ гэдэг. Хөгжлийн банк нь Сангийн яам руу түлхдэг. Сангийн яамныхан “Бид төсвийн тодотголд оруулах уу, үгүй юу гэдгийг судалж байна” гэсэн хариултыг өгсөөр өнөөдрийг хүрлээ.

Бид ажлаа хийгээд комисс хүлээгээд авчихсан шүү дээ. Ийм байхад үндэсний компаниудаа сөхрүүлж болохгүй. Өнөөдөр үүнээс үүдэн замын компаниуд бүгд өр зээлтэй, ажилчид нь нийгмийн даатгал, татварт бүгд өртэй, зээлээс зээл, өрнөөс өрийн хооронд амьдарч байна" гэв.

Авто замын “Баткубик “ХХК-ийн инженер Л. Бат-Эрдэнэ: 

-Бид бүхэн төрийн ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл өнөөдөр манай компани дампуурлаа зарлахад хүрч байна. Ажилчид цалингаа авалгүй жил гаруй болж, нийгмийн даатгал ч төлөгдөөгүй. Төр арай дэндүү байна. Ажлаа хийсэн компаниудын мөнгийг яагаад өгчихөж болдоггүй юм бэ.

Сангийн сайд Б.Болор төсвийн алдагдлыг барина гээд 2015 оны төсвийн тодотголд суусан мөнгийг шилжүүлэх эрх нээж өгөөгүй гэсэн. Тэгээд 2016 он гаргачихаар дахиад төсөвт тодотгол хийж тусгахгүй бол олгох боломжгүй гэсэн тайлбар өгч, замын компаниудыг хүнд байдалд оруулж байна.

Гадаадын компани болох “Хан Ресурс”-ийн 70 сая ам.долларын өрийг 250 сая ам.доллар зээлээд төлөх гэж байж дотоодын компаниудынхаа хийсэн ажлын хөлсийг өгөөч ээ гэж шаардаж байна гэж байв.

Замчид бүгд л банк болон банк бус санхүүгийн байгууллагаас, хувь хүнээс үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авцгаасан аж. Гэтэл хоёр жилийн хугацаанд хүү төлсөөр, өдгөө төлөх тэнхэлгүй болж, аргаа бараад банкны зээлийн хүүгийн дарамтад орсон тухайгаа учирлан хэлж байсан юм.

Яг үнэндээ АН фракци доторх эрх ашгийн зөрчлөө ил харуулж, өөрсдийн байгуулсан Шинэчлэлийн Засгийн газрыг унагаж байсан түүхтэй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг сөрөг хүчин болох МАН хамгийн их өр тавьсан гэж цоллодог ч уг нь тэд хамгийн богино хугацаанд хамгийн их ажил хийсэн, үр дүнгээ харуулсан засаг байсан гэдгийг АН-ынхан одоо ч ярьдаг.

Гэхдээ л АН-ынхан эрх мэдэл албан тушаалын төлөө улайрч Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаагүй бол энэ олон хүн өнөөдөр хийсэн ажлынхаа хөлсийг хаанаас авах вэ гэж бэдэрч явахгүй байсан биз. Ямартай ч бид дараагийн дугаартаа “Гудамж” төслийн санхүүжилт хийгээд төслийн мөнгөний зарцуулалт но-той эсэх талаар мэдээлэх болно.

Зураг