Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс бүсийн жишиг улс болох боломжтой

С.Өсөх, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 5
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хотноо зохион байгуулсан Ази, Европын Парламентын түншлэлийн уулзалтын үеэр Монгол Улсад айлчилсан Канадын Гадаад хэргийн дэд caйд Даниел Жантай ярилцлаа. Монгол Улс өрсөлдөх чадвартай цөөн салбараа тодорхойлж, энэ салбарт бий болгосон бүтээгдэхүүн, инновацийг экспортлон эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй гэдгийг тэрбээр тэмдэглэв.

-Таны айлчлал Ази, Европын парламентын түншлэлийн уулзалттай давхцаж байна. Энэ удаагийн айлчлалын зорилго нь юу вэ?

-Канад улс 43 жилийн турш Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр ирсэн. 2008 онд Элчин сайдын яамаа Монголд нээснээс хойш хоёр талын харилцаа улам эрчимжсэн гэж болно.

Тэр ч утгаар энэ бол айлчлал хийхэд тохиромжтой цаг. Манай хоёр улсын Засгийн газрын түвшинд олон уулзалт болсон.

Тухайлбал, Монгол Улсын Сангийн сайд өнгөрсөн гуравдугаар сард Канадад болсон уул уурхайн томоохон үзэсгэлэнд оролцож, Канадын Олон улсын худалдааны сайдтай уулзсан. Бас Канадын “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой” төсөлд хамтран ажиллаж байна. 

Санхүүжилтийн 20 хувийг нь Канадын талаас гаргасан. Канадын Экспортын хөгжлийн агентлаг болон CIBC банк үүнд хамтарч байгаа.

Тэрчлэн эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд Канадын Үндэсний банк Монголын томоохон банканд хөрөнгө оруулалт хийсэн. Цаашид ч хоёр улс өнөөгийн харилцаагаа улам бэхжүүлж, сайжруулах боломжтой.

-Ямар ч хоёр улс хоорондын худалдааны эргэлтдээ хэзээ ч бүрэн сэтгэл ханадаггүй гэдэг. Ялангуяа олон зүйлээрээ ижил Монгол, Канадын худалдааны эргэлт хангалттай түвшинд хүрээгүй байна. Хоёр улсын харилцаа, ялангуяа гадаад худалдаанд ямар салбар чухал байсаар ирсэн бэ?

-Одоогоор уул уурхай, олборлох үйлдвэрлэл чухал байр суурьтай байна. Учир нь энэ салбарт “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд оролцож байна. Мөн “Centerra Gold” компани хэд хэдэн томоохон төсөл Монголд хэрэгжүүлж буй. 

Эдгээр нь хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болж байгаа төдийгүй хөрөнгө оруулалт нь худалдааны эргэлтийг бий болгоно. Гэхдээ бусад салбарт нөөц боломж асар их бий гэж боддог. Хоёр улсын цаг уур ижил. Иймд мал аж ахуй, фермийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэх зэрэг чиглэлд хамтран ажиллах асар их бололцоотой. 

Түүнчлэн модон эдлэлийн үйлдвэрлэл, ялангуяа модоор байшингийн яс мод зангидахад хамтарч болно. Үүнээс гадна санхүүгийн салбарыг дурдаж болно. Канадын банк Монголын томоохон банкны 10 хувийг эзэмшдэг. Ер нь цаашид хоёр улсын худалдааг нэмэх боломж их байгаа.

-Монголын талаарх Канадын бизнес эрхлэгчдийн хандлага ямар байна вэ. Сүүлийн хоёр жилд Монголын тухай сөрөг мэдээлэл, хандлага олон улсад давамгайллаа. Гэхдээ он гарсаар өөрчлөгдөж, эерэг дүр зураг харагдаж эхэлсэн. Энэ эерэг байдал канадчуудад хүрч чадсан уу?

-Хүрсэн гэж бодож байна. Монгол Улсад ардчилал хөгжөөд 26-хан жил болж байгаа ч гаргасан амжилт нь үнэхээр сэтгэл хөдлөм. Бид одоо бизнес болон хөрөнгө оруулалтын орчны талаар ярьж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдад бизнес эрхлэхэд таатай, тодорхой, тогтвортой хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг монголчууд ойлгосон байх.

Канад улс хувийн хэвшлийнхээ тогтвортой байдлыг дэмжих бодлого баримталдаг. 

Засгийн газар ч үүний төлөө хүчин чармайлт гаргаж буйг бид харж байна. Мөн үүнийг дэмжихийн тулд Засгийн газар оновчтой арга хэрэгсэл, хамтын ажиллагааг бий болгож байгаа, эсэхийг баттай болгохын тулд бид Засгийн газартай хамтран ажиллаж байгаа.

Канад улс хувийн хэвшлийнхээ тогтвортой байдлыг дэмжих бодлого баримталдаг. Тиймээс ч цаг хугацааны хувьд үнэхээр цагаа олсон гэж би бодож байна. Түүхий эдийн ханш аажмаар эргэн сэргэж байна. Энэ нь Монгол, Канадын аль алинд нь тустай.

-Уул уурхай гэлтгүй олон талаар Канад, Монгол хоорондоо төстэй. Тэгвэл Монгол Улс эдийн засгаа хэрхэн төрөлжүүлэх вэ. Энэ чиглэлд Канадын туршлагаас бид юуг нь сурч болох вэ?

-Уул уурхай, эрчим хүчний арвин нөөцтэй учраас Канад улс түүхий эдийн үнээс үүдсэн уналт, өсөлтийг даван туулахаас өөр аргагүй.

Гэхдээ бусад салбарт хөрөнгө оруулснаар өрсөлдөөний давуу талыг олж авна гэдгийг бид ойлгосон. Тиймээс ч өнгөрсөн жилүүдэд нисэх хүчин, автомашин үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, хөгжүүлж байна.

Мөн манай улсын баруун өмнөд хэсгийн Онтарио хотод мод болон эрчим хүчний үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа. Ингэхдээ зөвхөн байгалийн нөөц баялагт суурилах бус үүнд шаардлагатай технологийг хөгжүүлэхэд анхаарч байна. Өөрт байгаа давуу талуудаа олж харах тусам үүнийгээ институциудтайгаа холбож эхэлдэг.

Тиймээс Монгол Улс өрсөлдөх чадвартай цөөн салбаруудаа тодорхойлж, энэ салбарт бий болгосон бүтээгдэхүүн, инновацийг экспортод гарган, үнэ цэнийг бий болгож, эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй.

-Түүхий эдийн зах зээл уналттай байсны улмаас өнгөрсөн жил Канадын эдийн засаг хүнд үетэй нүүр тулсан. Канадын Засгийн газар энэ сорилтыг шийдэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ?

-Түүхий эдэд түшиглэсэн орнуудын адил Канадын эдийн засаг ч хүндэрсэн. Гэхдээ энэ бүхнийг нөхөх нэг зүйл байсан нь ам.долларын ханш. Ам.долларын ханш сул байсан нь экспортыг дэмжиж, үйлдвэрлэлийг тэтгэсэн.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Канадад шинэ Засгийн газар байгуулагдсан. Шинэ Засгийн газар энэ онд хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбарт бүтцийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Эдгээр салбар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжтой.

-Тэгэхээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, ажлын байр нэмэгдүүлэхэд хүнд байгаа ч ингэж чадсанаар урт хугацаанд эдийн засагт шинэ боломжууд бий болгоно гэж үзэж байгаа байх нь.

-Яг зөв. Канадын ихэнх хэсэг байгалийн баялаг болон эрчим хүчний салбараас хамаардаг. Тиймээс ч Засгийн газар тэдгээр бүс нутгийг дэмжихийн тулд 2008 оны хямралын үеийн адил юу хийж чадах вэ гэдэг дээр анхаарч ажилласан.

-Зарим хүн хөдөө аж ахуйг манай улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд түлхэц болох салбар гэж үздэг. Ялангуяа Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаас хойш энэ хандлага хүчээ авлаа. Канадын хөдөө аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж чадсан. Энэ салбарт Монгол Улс Канадын туршлагаас юуг нь сурах хэрэгтэй вэ?

-Хөдөө аж ахуйн салбар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээмжээ дээшлүүлэхийн тулд нэгдэх хэрэгтэй.

Ингэснээр зөвхөн бүтээгдэхүүний чанарыг сайжруулаад зогсохгүй бүтээмжийг дээшлүүлж, үнийг өрсөлдөх чадвартай болгоход тусална. 

Канадын ихэнх хэсэг байгалийн баялаг болон эрчим хүчний салбараас хамаардаг.​ 

Ингэснээр бүтээгдэхүүнээ экспортлох боломж нээгдэнэ. Харин илүү өргөн хүрээнд харвал бүтээмжийг и лүү дээшлүүлэх тоног төхөөрөмжид хэр хэмжээний хөрөнгө оруулж чадахаа тооцох хэрэгтэй. 

Би саяхан Японд айлчилсан. Канад бол Японд загас нийлүүлэгч томоохон улсуудын нэг. Гэхдээ жилийн турш гадаадын зах зээлд нийлүүлэх хамгийн боломжтой загаснуудад хяналт тавьж ажилладаг. Тэгэхээр энэ төрлийн зүйлээ ч эргэн харж, хянах хэрэгтэй.

-Та Монгол Улсад анх удаа ирж байна. Таны анхаарлыг татсан ямар нэг зүйлтэй таарав уу?

-Үгүй ээ. Одоогоор таараагүй байна. Монгол Улсад бөхчүүдийн өрсөлдөөн ширүүсч байгаа юм байна гэсэн бодол төрсөн. Бид нисэх онгоцонд 30 гаруй бөхтэй хамт Монголд ирсэн нь өөрийгөө үнэхээр жижигхэн гэж мэдрэхэд хүргэсэн шүү. 

Ерөнхийдөө Улаанбаатар хот түншүүд, найз нөхдийн минь дүрсэлж хэлсэн хүлээлтэд хүрсэн гэж хэлж болно. Үнэхээр зочломтгой хот байна. Миний бодлоор Монгол, Канадын хооронд ижил төстэй зүйл олон байна. Үүнд ч би баяртай байгаа. Үүнээс гадна манай хоёр улс хоёулаа томоохон гүрнүүдтэй зэрэгцэн оршдог. Энэ ч бас нэг ижил тал. 35 сая хүн амтай Канад улс 300 сая хүнтэй АНУ-тай хил залган оршдог.

-Монгол, Канад улс хоорондоо ижил төстэй талаар та дурдлаа. Энэ ойр дотно харилцаанд ямар хүчин зүйл нөлөөлдөг үү?

-Нэг талаасаа хоёр орны уур амьсгал ижил төстэй. Энэ нь гол шалтгаан байж болох юм. Бас бид том гүрнүүдээр хүрээлүүлсэн жижиг улс. Канад улс өмнөд хэсгээрээ АНУ, Атлантын далайгаар Европтой холбогддог. Тиймээс ч манай хоёр улс тэсвэрлэх чадвар өндөртэй. Монголд айлчлах хугацаандаа олон хуралд оролцож, янз бүрийн хүмүүстэй уулзаж байхад тэсвэрлэх чадвар өндөртэй, уян хатан гэдэг үгийг олонтаа сонссон.

Би Франц-Канад гаралтай хүн. Франц болон Англи-Саксон хүмүүсээс бүрдэх хоёр тивийн дунд өөрийн шинж чанарыг хадгалж, эдийн засгийн маш ширүүн өрсөлдөөнд тэсч үлдэх ёстой. Ингэж чадсан ч гэж би боддог. Зарим талаар үнэхээр сайн байсан гэж дүгнэдэг. Монгол хүмүүст ч ийм хүсэл сонирхол, чадвар байгаа гэж харж байна.

-Нууцын зэрэглэлтэй хэсгийг нь та дурдахгүй байж болно. Гэхдээ Засгийн газрын албан тушаалтнууд болон сөрөг хүчинтэй уулзахад ямар сэдэв хамгийн их хөндөгдөж байсан бэ?

-Эдийн засгийн төрөлжилт. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд болсон үйл явдал, ахиц, дэвшилд хүмүүс баяртай байсан. Гэхдээ томоохон хөрөнгө оруулалтууд олборлолтын салбар руу чиглэхгүй байгаагаас гадна салбарыг тогтворгүй болгож байна. Энэ бидэнд туйлын чухал.

Учир нь олборлох үйлдвэрлэлд би маш сайн брэнд бий болгож чадсан. Тиймээс ч олон улсад үүнийгээ хамгаалахыг хүсдэг юм. Дахин дахин дурдагдаж байсан нэг сэдэв бол эдийн засгийн төрөлжилт байлаа. Учир нь түүхий эдийн зах зээл дахин уналтын мөчлөг рүү ороход Монгол Улс даваад гарах боломжтой болох юм.

-Түүхий эдийн зах зээлээс үүдэлтэй энэ уналтын мөчлөг хэр удаан үргэлжлэх бол? Канадын бизнесийн төлөөлөгчид энэ талаар ямар хандлагатай байгаа вэ?

-Түүхий эдийн зах зээл өнгөрсөн онд доод цэгтээ хүрсэн гэж бодож байна. Харин одоо бага зэрэг өсөлт ажиглагдаж байгаа. Мэдээж үүнд танай хөрш болох Хятадын нөлөө асар их байгаа. Учир нь тус улс дэлхийн нийт эрэлтийн нэлээд хэсгийг бүрдүүлдэг.

Ямартай ч түүхий эдийн ханш эргэн сэргэнэ гэсэн хандлага хүмүүсийн дунд байна. Газрын тосны ханш яльгүй өссөн. Гэхдээ энэ нь нийлүүлэлтээс шалтгаалан үүссэн нөхцөл байдалд нөлөөлөх хүртэл хугацаа хэрэгтэй.

Яг одоо хүн бүр Хятадын эдийн засгийг анхааралтай ажиглаж байна. Сайжрах нь уу, эсвэл улам дордох уу гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Танай улсад ч, бидэнд ч энэ бол маш чухал асуудал. Учир нь Хятад улс Канадын хувьд хоёр дахь том худалдааны хамтрагчид тооцогддог. Тиймээс ч Хятадад юу болж өрнөж байгаа нь бидний сонирхлыг татаж байгаа.

Тус улсын эдийн засгийн өсөлт удааширч, зургаан хувь орчимд хүрээд байна. Гэхдээ эдийн засгийнх нь хэмжээг харвал зургаан хувь нь одоо ч өндөр хэмжээнд тооцогдсон хэвээр байгаа юм.

-Энэ жилийн хувьд Монгол, Канадын харилцаанд онцлохуйц, анхаарал татахуйц ямар үйл явдал, хурал, айлчлал болох вэ?

-Яг одоо өрнөж байгаа төслийн ажлууд. Тухайлбал, “Оюутолгой” төсөл. Мөн “Centerra Gold” чухал ач холбогдолтой томоохон хэлэлцээ эхлүүлээд байна. Эдийн засгийн талаас бол энэ үнэхээр чухал үйл явдлууд.

Харин айлчлалын тухайд 2016 ондоо багтах, үгүйг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Канадад, мөн манай Ерөнхий сайд танай улсад айлчилж магадгүй. Өнгөрсөн гурван жилд хийгдсэн айлчлалуудыг харвал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Канадын амбан захирагч 2013 онд Монголд айлчилсан. 

Мөн Гадаад хэргийн сайд маань 2014 оны аравдугаар сард Монголд ирсэн. Үүнээс гадна өнгөрсөн намар Канадын Олон улсын хамтын ажиллагааны сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай уулзсан байгаа. Энэ мэтчилэн дээд шатны албан тушаалтнуудын хооронд уулзалт, яриа хэлэлцээрүүд болсоор байгаа.

Монгол Улсын Сангийн сайд ноён Б.Болор энэ гуравдугаар сард болж өнгөрсөн PDAC буюу Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад хүрэлцэн ирж, Канадын Худалдааны сайдтай уулзаж, ярилцсан. Ерөнхийдөө дээд шатны албан тушаалтнууд болон сайдуудын хооронд уулзалт хэлэлцээ тодорхой давтамжтайгаар болж байгаа. Мөн өнгөрсөн аравдугаар сард хоёр улс эдийн засгийн асуудлаар ярилцах боломж гарсанд бид үнэхээр талархаж байгаа.

-Ярилцлагын эцэст нэг зүйл асуухад, та Канадад эргэж очоод ямар мессеж хүргэх вэ? Монгол Улс сайн байна, хөрөнгө оруулалт хийх цаг болсон байна гэдэг мессеж үү, эсвэл өөр зүйл байх болов уу?

-Тийм ээ. Би ч мөн ингэж бодож байна. Үүнээс гадна Монгол Улс хэдийгээр ардчиллын замд ороод 26-хан жил болж байгаа боловч өндөр үсрэлт хийн хөгжиж байгаа талаарх мэдээллийг би канадуудад хүргэх болно. Мөн ардчиллын зарим туршлагаасаа Мьянмар, Кыргызстан зэрэг бүсийн бусад оронтой туршлага солилцож байна.

Манай хоёр улс эдийн засаг, байгаль орчны хувьд ижил төстэй, бат бөх харилцаатай гэдэг утгаараа Канад улс та бүхэнд институц, засаглал, шилдэг туршлагаа сайжруулах дээр үргэлжлүүлэн туслах болно. 

Тэрчлэн би Монголд эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзсан. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг нь бидний хувьд маш чухал. Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улсын Ерөнхий сайд Засгийн газраа бүрэлдүүлэхдээ гишүүдийн 50 хувийг эмэгтэйчүүд байхаар сонгосон.

Энэ бол нийгмийн бүх л анги давхаргын хүмүүс улс орныхоо сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах ёстой гэдгийн чухал илэрхийлэл болсон юм. Танай улсын хувьд ардчиллын 26 жилд парламентын 12 эмэгтэй гишүүнтэй болсон нь үнэхээр сэтгэл хөдлөм үр дүн. Цаашид манай хоёр улс хамтран ажиллавал Монгол Улсын ардчиллыг улам хөгжүүлэхэд бид туслах болно. Ингэснээр Монгол Улс бүсийн жишиг улс болох боломжтой.

-Ноён Даниел, тантай ярилцахад таатай байлаа.

-Надад ч мөн таатай байлаа. Баярлалаа

-Баярлалаа.

Зураг