Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Квотгүй болгохыг эмэгтэй гишүүд эсэргүүцлээ

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 5 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Иргэний хөдөлгөөний нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Монгол ардын нам болон УИХ дахь эмэгтэйчүүдийн нийгэмлэг хамтран өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. 

Тодруулбал, сонгуулийн хуульд заасан эмэгтэй гишүүдийн квотыг бууруулах тохироо явагдаж буй болон эмэгтэйчүүдийн улс төрийн эрх эрсдэлд орох нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан энэхүү хурлыг хийсэн юм.

Хэвлэлийн бага хуралд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа болон нам бүрийн төлөөлөл болсон гишүүд оролцлоо. 

Хурлын үеэр эмэгтэй гишүүд Сонгуулийн хууль дахь квотын тоог бууруулбал дараагийн шатны арга хэмжээ авч, тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ хэмээн мэдэгдсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “2012 оны сонгуульд 11 эмэгтэй гишүүн УИХ-д орж ирсэн. 
Нийт гишүүдийн 40 хувь нь жагсаалтаар орж ирсэн байдаг.

 Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж чадсан. 

Хэрвээ 11 эмэгтэй гишүүн 2012 онд сонгогдоогүй байсан бол бид байнгын хороонд хуулийн манаач хийж, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах хуульд нэмэлт заалт оруулах боломжгүй байсан.

Мөн Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж чадсан. Энэ мэтчилэн олон чухал хууль батлахад эмэгтэй гишүүд идэвхтэй оролцсон. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төр дэх орон зай чухал юм. Эмэгтэйчүүдийн квотыг байхгүй болгоно гэдэг байж боломгүй асуудал” гэв.

Мөн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа эмэгтэйчүүдийн квотгүй болгох нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчиж буй хэрэг хэмээн онцоллоо. Түүнчлэн хууль баталдаг хүмүүс өөрсдөө хуулиа зөрчих нь буруу гэдгийг сануулав.

Манай улс анх 2007 оны арванхоёрдугаар сард эмэгтэйчүүдийн квотыг байхгүй болгож байсан түүхтэй. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасан байдаг. Энэ ч үүднээс УИХ 2015 онд Сонгуулийн тухай хуулийг батлан гаргахдаа “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30 хувиас доошгүй нь аль нэг хүйсийн төлөөлөл байх”-аар хуульчилсан нь томоохон ахиц болсон юм.

Гэсэн хэдий ч энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд эмэгтэй гишүүдийн квотыг байхгүй болгох тухай асуудал яригдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан эмэгтэй гишүүд өөрсдийн дуу хоолойг илэрхийлсэн. Квотгүй болгох асуудлыг эсэргүүцэж буй талаарх хүсэлтээ өчигдөр УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнд албан ёсоор мэдэгдэж ажээ.

Зураг