Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Аз жаргал бол халамжлах бас хуваалцах

ikon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Та энэ үгийг өөрийн фэйсбүүк эсвэл твиттерийн хананаас хэзээ нэгэн цагт олж харсан гэдэгт итгэлтэй байна. Тийм ээ аз жаргал бол халамжлах бас хуваалцах. Ингэж итгэлтэй бичихийн учир нь маш олон хүн нэгдэж, бусдыг халамжлан басхүү тэдэнтэй хуваалцаж, түүнээсээ асар их кайф авч, өөрөө өөртөө аз жаргал бий болгож байгааг нүдээр үзсэн учраас тэр. 

Ажлын шинэ өдөр эхэлдгээрээ эхэлж, аяга кофе урдаа тавиад сурсан зангаараа сошиал сувгуудаа шалгаж ажлаа эхлүүлэх гэтэл нэгэн сонирхолтой пост олж харлаа.

Хорлоо эмээ гэх жижигхэн буурайг орон гэртэй болгож байсан миний фэйсбүүкийн мундаг найз бүсгүй Сувдаа “Баянбуурал” дахь ахмадын улсын асрамжийн газарт очиж нэг өдөр тэдэнд туслан халуун дулаан бас бүтээлчээр нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх уриалга гаргасан байв.

Өмнө нь нэг удаа мөн л энэ зарчмын дагуу үеийн 100 гаруй залуустай хамт тус газарт очиж нэг өдрийг өнгөрөөн түүнээсээ маш их урам зориг, эрч хүч авч байсан тул дуртайяа нэгдэж, болзоот өдрөө хоног тоолон хүлээсэнсэн. Бэлтгэл ажил 14 орчим хоног мөнөөх л онлайн орчинд өрнөж, тэдэн кг мах байна яаж өгөх вэ, би аарц авсан юм аа хаана аваачиж өгөх вэ, би чихрийн лангуутай эгч нь чихэр өгч явуулая гэх зэргээр ажил ёстой л ундарч байлаа.

Ингэж хэдэн талаас байгаа байгаагаа цуглуулсаар явах өдрийн өмнөх өдөр бүх зүйл жин тан болчихлоо. Харин маргааш өглөө нь ургахын улаан нарнаас өмнө “Скай” их дэлгүүрийн өмнөх талбайд очиж, өмнө нь уулзаж байгаагүй зорилго нэгт хүмүүстэйгээ нийлэн, биднийг Батсүмбэр тийш хүргэж өгч, орой нь буцаад хотод авч ирж өгөхөөр тохирсон “Ланд круйзер монголиа” клубийн залуусын машинд хуваагдаж суугаад хотоос хөдөлсөн юм. 

Нэг зүгт тэмүүлсэн хүсэл

30 гаруй Ланд круйзер машинаар цуваа үүсгэсэн бид замдаа машиныхантайгаа танилцаж хөгжилтэй яриа үүсгэн өмнө нь энэ ажилд явж байсан зарим нь бусдадаа туршлагаасаа хуваалцаж явсан юм. Манай машинд цагдаа, эдийн засагч, маркетингийн менежер, сэтгүүлч гэсэн хүмүүс явж таарлаа. 

Ланд круйзер хөлөглөсөн болохоор шинэхэн орсон цасыг ханз татан урагшилж байсан юм. Тэдний хувьд хаана л цас, шавар, шавхай ус, уул, хад байна нийлж аваад тийш зүглэж, шавайгаа хангадаг “хачин” улс юм байх. Тэр ч утгаар бид Батсүмбэр тийш хар замаар биш хотоос хойш гарч уулын бэлээр нягтаршиж амжаагүй шинэхэн зузаан цасыг яран урагшилж байв. 

Замдаа нэг машин маань цасанд суухад юу ч болоогүй аятай нөгөөх нь татаж гарган цаашиллаа. Дээр дурдсанчлан машин сайтай бартаатай замаар яваад сурчихсан тул тэдэнд ингэж явах нь жаргал байдаг бололтой.

Цас туулах хүчирхэг машинуудыг бахдаж, чамгүй хөөрөлдөөд танилцаад авсан тул лүүкээр нь дээш гарч сахилгагүйтэхээ ч мартсангүй. 

Ингэж элдвийг хөөрөлдөн явсаар бид 10 цагийн орчимд Батсүмбэр дэх ахмадын улсын асрамжийн газарт ирлээ. Өмнө нь хэдэн жилийн өмнө энд ирж байсныг бодвол байдал огт өөр болжээ. Дэргэдээ дөрвөн давхар том өргөтгөлийн барилга барьчихаж. Энэ зундаа багтаад тийшээ орох юм гэсэн. Тэр ч бүү хэл тус өргөтгөл нь монголдоо ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан лифттэй асрамжийн газар болж байгаа аж.

Анх энэ үйл ажиллагаанд оролцохоор шулуудахдаа зохион байгуулагч талд нөгөө цахим танил Сувдаа гэх бүсгүй байгаа л гэх мэдээлэлтэй байв. 

Гэтэл уг ажлыг: 

“Итгэл сэтгэлийн гүүр сан” 
“80-аад оныхон фэйсбүүк групп” 
“Ачит үйлстэн сан” 
“Ланд круйзер клуб”-үүд гардаж зохион байгуулсан бол. 
“Эрхэм нөхөрлөл групп” 
“Наран мөрөөдөл ТББ” 
“Хүннү молл-Happy club” 
“БЗД-ийн хувийн хэвшлийн  шүдний эмнэлгүүдийн холбоо” 
“Геронтологийн үндэсний төв” 
“Өмгөөлөл эрх зүйн ирээдүй ХХН” 
“Хайр төсөл ТББ” 
“Бум ХХК” 
“Наран пүүдс ХХК” 
“MNG event шоу төв”
“Милая” сүлжээ ресторан
зэрэг асар олон хүмүүсийн нэгдэл буурай нарын амьдран суудаг буйдхан тэр газар руу зүглэсэн байх юм. Ийм л олон дулаан сэтгэл нэгэн зүгт тэмүүлсэн байдаг. Би олон гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. 40 гаруй машинд хуваагдсан 200 орчим хүн явсан болохоор тэр.

Бодит байдалтай нүүр тулахаас өмнө

Зорьсон газраа ирсэн бидний нөхдийн нэг хэсэг нь гадаа байсаар л байв. Өмнө нь энэ газарт яг энэ ажлаар нэг удаа ирж байсны хувьд тэдний яагаад ийн бэргээд байгааг гадарлаж л байлаа. Тэд бол маргааш биднийг ямар орчин, ямар хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэхээс байж ядан догдолж бас ахмадууд маань ямаршуухан байдаг бол гэж санаа чилээн нойргүй хоногсод. 

Өнөө цагийн мэдээллийн их урсгал дунд ахмадын асрамжийн газар гэхээр орхигдсон хүмүүс гэж ойлгохоор мэдээлэл мэр сэр явж л байдаг. Үүнийг бодож орохоос бэрхшээгээд байгаа хэсэг нөхөд маань машинаа бараадан, хэд хэдээрээ бөөгнөрч элдвийг хөөрөлдөнө. Зарим нэг нь бусдаасаа зайтай зогсоод тамхи нэрж байх юм. Магадгүй гадаа байгаа тэр хэсэг хүмүүс тэргүүн эгнээнд давшиж орсон биднээс ч илүү нинжин сэтгэлтэй, өр зөөлөн хүмүүс болоод зүрхшээгээд байгаа байх. 

Тэд зүгээр л “Яваад ороход настан буурлууд маань бидний бодсоноос хэцүү байдалтай байдаг бол яана аа, бид өнөөдөр ирээд л буцна харин биднийг явахаар эд маань яана аа” гэсэн бодолдоо хэт автчихсан хэрэг. Хэсэг тэднийг ажиглаж зогстол зохион байгуулагч залуусын нэг нь гарч ирэн “За манайхан орцгооё. Бид танхимаа бэлдчихлээ.

Одоо ахмадуудыгаа оруулж ирцгээе” гэхэд нөгөө “хөшигсөд” маань команд авсан цэргүүд шиг пижигнээд орчихлоо. 

Ахмадуудын үдийн хоолны цаг ийнхүү өндөрлөж, бид ч тэдэнтэй овоо дотно болчихсон байв.

Ердөө 30 минутын дараа аймхай хэсгийнхэн маань яг миний таамагласанчлан бүхний тэргүүнд нүүр дүүрэн мишээлтэй явж байхыг харах сайхан байв. Ер нь тэнд байсан хүн бүр л хэрэндээ завгүй байсан санагдана. Хоол, цай зөөж, ширээ сандал янзалж, ахмадуудыг хоолны ширээнд урьж, хотоос бидэнд дайж явуулсан байгууллага хувь хүмүүсийн бэлгийг эмээ, өвөө нарт тарааж байсан юм. 

Би л гэхэд бараг л үнсгэлжин болчихсон явж байсан гээд л бодчих. Гэхдээ үнсгэлжин, гэхээр та намайг цэвэрлэгээ хийсэн гэж бодов оо.

Хүзүүндээ зүүсэн зургийн аппаратнаасаа болоод зурагчаан нааш ир, зурагчаан тийшээ очоорой, зурагчаан эмээ бид хоёрыг, зурагчаан гурван давхарт, зурагчаан, зурагчаан... гэхдээ би ганцаараа тийм үүрэгтэй яваагүй бөгөөд надаас гадна 4, 5 хүн энэ үүргийг давхар хийж байсан гэж бодохоор тэнд очсон залуус бид дориун ажил хийчихсэн байна шүү гэж өөрсдөдөө урам өгмөөр санагдаад байгаа юм. Тэр олон зурагчныг завгүй байлгана гэдэг овоо ажил шүү.

Ахмадуудын үдийн хоолны цаг ийнхүү өндөрлөж, бид ч тэдэнтэй овоо дотно болчихсон байв. Зарим нь эмээ, өвөөгөө ч “олоод авч”. Хоол идсэний дараа хөтөлбөр ёсоор бидний бэлтгэсэн урлагийн арга хэмжээ явах ёстой байв. Мэдээж үүний өмнө мөнөөх танхимыг дахиад цэгцлэх шаардлага гарсан юм. Энэ хооронд залуусын маань тал нь ахмадуудтай хөзөр тавьж, шатар, даам нүүн, зарим нь хэзээний танилууд аятай гадаа сүүдрэвчинд суугаад буу халсан шээг тамхилж байх юм.

Харин үүдний коридорт хэсэг бүсгүйчүүд завгүй ажиллаж байлаа. Тэд бол ахмадуудыг гоёхоор ирсэн үсчин, гоо сайханчид. Хуруу хумсыг нь будаж, үс гэзгийг нь янзална гэхэд асрамжийн газарт сувилуулж буй бүсгүйчүүд тун чиг дуртай байлаа. Харин эрчүүд маань хааяа нэг “Өвөөгийнхөө энэ муу хэдэн хялгасны талыг нь ч болтугай хяргаад өг” гэсээр дөхөж харагдана. Бодвол байрныхаа охидоос санаа зовж байгаа юм байлгүй.

Санаандгүй учирлууд

Өнөөдөр Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газрын гурван давхар байр хүн зон, халуун дулаан уур амьсгалаар бялхаж байна. Хоолны танхим, миний мэдэхээр энэ танхим хамгийн цоглог бүжгийн талбай болдог газар. Тэр цаг ч нэг их удахгүй байх. Учир нь ахмадууд маань бидний хөтөлбөрийг хэдийн мэдчихсэн гангарааны хувцсаа өмсчихөж. Тийм ээ тоглолтын цаг эхлэх болсон байна.

Хотоос ирсэн дуучид дуулж эхэллээ. Тэд маань урлаг уран сайхны үзүүлбэрийг чамгүй хүлээсэн бололтой. Бүгд л дагаад дуулцгааж байх юм. Залуус маань ч гэсэн алтан үеийн сайхан дуунуудыг ахмадуудтайгаа хамтран дуулж байна билээ. Урлаг заалнаас түр амсхийхээр гарлаа. Урлаг заал ч гэж угтаа бол нөгөө хоолны танхим л даа. Биднийг ийн зочлохыг мэдсэн юм шиг гадаа хүртэл налгар сайхан байх аж. 

Хажууханд маань хоёр бүсгүй урьд өмнө нь санаанд нь бууж байгаагүй өнөөдрийн аяллынхаа талаар ярилцаж байх юм. Тэр хоёрын хувьд хэн хэн нь өмнө нь энэ төрлийн арга хэмжээнд оролцож байгаагүй ч дараа жил дахиад заавал ирнэ гэдэг итгэлээр дүүрэн байгаа нь ярианаас нь илт. Харин тэдний ярианаас нэгэн сонирхолтой зүйл сонссон нь тэдний машинд хамт сууж ирсэн нэгэн бүсгүй ээжийгээ алдаад удаж байгаа аж.

Магадгүй цайлган сэтгэл өвөртөлж ирдэг болохоор энэ ариун учирлууд энэ газарт олон тохиодог байх. 

Тэр бүсгүй ийшээ ирэх бэлтгэлээ эртнээс зэхэж асрамжийн газарт байгаа эмээ нарын нэгэнд нь л өгөхөөр өөрийн гараар дээл урласнаа өнөөдөр авч иржээ. Ямар сайхан сэтгэл вэ. Тэр ч бүү хэл дээлнийхээ эзнийг хэдийн олсон бөгөөд эгээ л эх охин хоёр болж байгаа юм байх. Үүнийг сонсоод өнөөдөр энэ байшинг тойроод ямар гайхалтай зүйл болж байгаа болоо гэж бодохоос цээжин дотор нэг л гайхалтай баярын мэдрэмж төрөөд явчихаж билээ.

Энэ мэт санаандгүй гайхалтай учирлууд энд болсоор л байх болно. Гурван жилийн өмнө энд үеийн олон залуустай ирж байхдаа бидний дундаас төрсөн нэг хосыг мэдэх юм. Сүүлд сонсоход тэд нэг гэртээ орсон бөгөөд өрхийн тэргүүн Энхбилгүүн энэ ажлыг анх гурван жилийн өмнө зохион байгуулж байсан хүмүүсийн нэг аж. 

Ингэж танилцсан тэд өнгөрсөн жил удам залгах хүүтэй болсон бөгөөд хүү  нь удахгүй ой хүрэх гэнэ. Түүнийх хувьд мэргэжлийн тогооч биш ч гэсэн Батсүмбэрт очих бүртээ ахмадууд болон тэнд очсон залууст зориулан амттай хоол хийдэг тогооч. Магадгүй цайлган сэтгэл өвөртөлж ирдэг болохоор энэ ариун учирлууд энэ газарт олон тохиодог байх. 

Хөлс бурзайж л байг, хөл чилээгүй байхад суухгүй

Элдвийг эргэцүүлж гадаа хэсэг суусны эцэст заал руу буцлаа. Гэтэл дотор юу болж байсан гэж санана. Би л лав амьдралдаа алколхолын хувь нь 00 заасан хүмүүс тэгж сэтгэлээсээ бут авч байхыг хараагүй.

Хөгшин, залуу, эр, эм бүгд нийлээд бүжгийн талбайд хөлсөө гартал танзалж байх юм. За тэгээд DJ “Boney M” “Modern Talking” тавьчихвал тэр заал нүргэлээд л явчихна. Ямар сайндаа зурагчаан зурагчаан гээд маныгаа тойглоод байсан хэд маань намайг харах сөхөөгүй дайрчих шахам тойрон бүжиж байх вэ дээ. 

Энд ийм л юм болдог. Яг чин сэтгэлийн ямар ч илүү дутуугүй. Духных нь хөлс бурзайсан буурал толгойтой өвөө, тас хар шил зүүж, улаан хослолоор дэгжирхсэн эмээ, ямар ч аян дээр вальсын хэмнэлийн хурдыг тааруулж, заал тойрон эргэдэг буурай гээд бүжихийг бол ёстой үзүүлж өгөх юм. Мань мэт шиг “модон өмдтэй” нөхөд бол дэргэд нь ичиж үхмээр. Тэд 20 минут дискодож, таван минут уянгалж амарч байсан байх шүү. Энэ үечлэлээр лав хоёр цаг явчихсан юмдаг.

Ямар сайндаа л духных нь хөлс урсаад байхад ханцуйгаараа шударчихаад эргээд байгаа хүмүүсийг яах вэ. Тэгээд болоогүй бүр хөл нь муу гэж байгаа. Бүжиг, урлаг гэдэг ийм л гайхалтай эд санж. Хөлс бурзайж л байг, хөл чилээгүй байхад суухгүй гэх аятай бүжиглэж буй тэднийг өнөөдөр цахилгааны саатлаас өөр юу ч зогсоож чадахгүй бололтой. Гэхдээ бидэнд азаар тийм тоогүй зүйл тохиолдоогүй бөгөөд бид том багагүй ханатлаа бүжицгээсэн юм. Тайзан дээрээс ганц нэг зураг буулгах санаатай зогсож байтал бүжгийн талбай цус сэлбэсэн харагдана.

Ажаад байхад асрамжийн газрын гал тогооны ажилчид болон асрагч сувилагч нар ороод ирчихэж. Манай залуус ч тэдэнд мөчөөгүй өгөхгүй гэсэн аятай залуу насны эрч хүчийг харуулан эргэлдэнэ. Тэдний дундаас нэг хүн дэндүү онцгой байсныг энд заавал дурдах ёстой. Бүрх малгай духдуулж, бахиал жийгээд, дээлээ хөөргөөд бүсэлчихсэн тэр залуу манайхны нэг. Гэхдээ яг тэр байгууллагын тэр гээд оноогоод хэлчихэж мэдсэнгүй.

Түүний бүжгийн хос ч гэсэн онцгой нэгэн. Тэр хоёргүйгээр үдэшлэгийг төсөөлөх аргагүй. Дэгжин нь дэндсэн, дэндүү сайн бүжигчин эмээгийн дэргэд эгээ л зүлэг ногоон дэвжээнээ ес даваад туг тойрох гээд хангардийн дэвэлтээр дэвж яваа бөх адил дэвж шаван зогсох түүнийг харах хөгжилтэй байсан шүү.

Бүсгүйнх нь бүжгийн чадвар, мань эрийн хошин хөдөлгөөн хоёрын ая дан таарна гэж жигтэйхэн. Магадгүй энэ жил улсын наадмаар зүлэг ногоон дэвжээнээ гарч наадамчин олон биднийгээ баясгавал батсүмбэрийн багийнхан бид чинь дээлийн чинь захыг мушгихаа амлаж байна.

Хэзээний танилууд минь сайн байна уу, баяртай

Би өмнө нь хэлж байсан даа. Энэ газарт яг ийм тохиолоор нэг удаа ирж байсан гэж. Тэр үед мөн л үнсгэлжингийн ажил хийж яваад бусад нөхөд шигээ өвөө эмээ нартай тухтай ч таван үг сольж байгаагүй юм. Харин танил болсон царайнууд бий.

Тэдний нэг нь “даамчин” өвөө. Өдөртөө хэдэн удаа орж гарч, шатаар дээш доош өгсөхөд нөгөөх л танил өвөө коридорт байрлах том шатар дээр манай залуусыг ээлж дараалан эд бад хийсээр суугаа харагдана. 

Энэ удаа ч гэсэн мань эр хаан сэнтийдээ заларсан хангарьд лугаа манай бригадын хэдэн залуусын тойрогдож байгааг анзаарч нөгөө хэдийгээ буруу л хүнтэйгээ нүүлээдээ ухааны юм бодсон шээг багахан тохуурхаж явлаа. Би ч гэлтгүй өмнө нь энд ирж байсан хүмүүс бүгд өөрийн эмээ, өвөөтэй. Тэд бүр хэзээний нэг гэр бүлийнхэн шиг уулзана гээч. Гэрийнхэнтэй нь утсаар яриулна. Дараа нь өөрийнхөө аав, ээж рүү залгаж эмээ өвөөгийнхөө мэндийг мэдүүлнэ. 

Түүнийхээ шанд эмээ, өвөөгийнхөө нууц авдарнаас амттан авна шүү дээ. Тэр тав, гурван чихэр ямар амттай гэж санана. Шинэ жил дөхөхөөр телевизээр бага насны шинэ жилийн дурсамжаа ярьж буй хүмүүс мандарин шиг сайхан зүйл хаана байна гэцгээдэг гэтэл тэндхийн буурай нарын маань өгсөн чихэр, жимс тэрний хажууд жинхэнэ бурам л гэсэн үг. Нэг чихэр авчихаад бусдыг нь буцаах гэхээр “Идээ эзнээ таньдаггүй юм хүү минь.Авахгүй бол гомдоно шүү” гэж “айлгана”. 

Бүтэн өдрийг хамт өнгөрөөсөн залуус маань нар хэлбийж, цагийн зүү унжаад ирэхийн цагт дасал болсон буурлуудаасаа холдож чадахгүй байгаа бололтой. Хүн бүрийн царайд хөнгөн гуниг төрчихөж, хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг нь үнэн бололтой. Ийм богино хугацаанд ингэж дасах гэж. Яг одоо бол тэдний дотор “Дараа жил заавал ирнэ” гэсэн шийдвэр хэдийнэ тугаа мандуулчихсан байгаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй.

Ийшээ явахаас хэдхэн хоногийн өмнөх өглөө багийн найз маань ажилдаа явах замаараа кофе бариад ирлээ хөгшөөн гэсээр халуун кофетой инээмсэглэж мэндэлсэн юм. Явсных нь дараа аяганых нь цаасан бариулыг хартал “Аз жаргал бол халамжлах бас хуваалцах” гэсэн бичиг байх аж.

Тухайн үедээ баярлалаа гэдэг үгний хамт кофеных нь зургийг хавсаргаж фэйсбүүктээ оруулчихаад ажлаа эхэлж билээ.

Хүн бүрийн царайд хөнгөн гуниг төрчихөж, хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг нь үнэн бололтой. 

Харин Батсүмбэрээс буцах оройдоо магадгүй тэр үгний утгыг бага ч атугай олсон гэж боддог. Бид байгаагаа бусадтай илүүчилж, бас тэднийг халамжилснаараа сэтгэлийн асар их цэнгэл олдог бололтой. Магадгүй бүр авч байгаагаасаа илүү өгч байгаа нь тэр гайхалтай мэдрэмжид илүү дөхдөг юм болов уу гэсэн бодол толгойноос салахаа байчихлаа. 

Өглөө ирчихээд тэдэнтэй сайн байна уу гэж мэндлэх хэцүү байсан бол үдэш болоход баяртай, дараа жил баяртайгаар дахин уулзъя гэж хэлэх бүр ч хэцүү байв. Гэхдээ ирсэн зочин буцдаг болохоор бид явах боллоо. Эцэст нь гэж хэлэхэд дээр дурдагдсан олон байгууллага болон хувь хүмүүс маш олон оюутан залууст хандаж хэлэхэд та нар бол бүрэнхий нийгмийн гэгээтэй хэсэг. 

Зарим нэг хүмүүсийн хэзээ ч хийж чадахгүй үйлдлийг зориглон хийж чадсан баатрууд гэж хэлмээр байна. Мөн “Mongolian land cruiser club”-ын хамт олонд тусгайлан баярлалаа гэж хэлэх ёстой. Хэдхэн сарын өмнөх цасан шуурганаар та нар байгаагүй бол гуравхан сая монголчуудад ямар том гарз хохирол тулгарах байсныг бодоход ч гол харламаар. Та бүхэнд баярлалаа. Та нар бол жинхэнэ эх орончид.

 

Сурвалжлагыг  М.Санчир  @sanchirm