Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Булганы 60 нас ба шинэ хуулийн заалт

З.Боргилмаа
2016 оны 5 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг

Арван найман жилийн тэртээх аймшигт хэргийн амьд гэрч болсон Б.Булганыг хагас жил шахам хугацаанд хоногийн 24 цагийн гэрэлтэй, хаалга, хана туургагүй гэмээр торон таславчинд хорихдоо хэдэн удаа байцаалт авсныг Та мэдэх үү? Мэдэхгүй...

Түүний хань ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг амь насаа алдах үедээ дөнгөж 36 настай байв. Ард түмэн түүнийг өнөө хэр нь тэр л залуу төрхөөр нь дурсан санах авч цаг хугацаа хориод жилийг хаман авч оджээ. 

Энэ хэдэн жилд цаг хугацаа түүний насыг нэмээгүй ч эргэн тойрны юм бүхнийг элээснийг бид мартах шахаж... Өдгөө түүний гэргий Б.Булган бараг жаран насыг шүргэж байна. 

Талийгаачаас хэдэн насаар эгчмэд энэ бүсгүйг бид арван найман жилийн өмнөх өнгө зүсээр нь төсөөлсөөр байгаа ч үнэндээ тэр 60 настай, жаргаж суух учиртай тэтгэврийн хөгшин болжээ. Харин тэр өдий насны хүн үүрч давахад хатуудам нөхцөлд хагас жил хоригдов.

Бөөр нь өрөвсөж, бие нь муудсанаас эмнэлэг бараадав гэдэг мэдээ хориход байгаа битгий хэл гэртээ суугаа 60 настангуудын хувьд ч гайхах зүйл биш санж...

Он гарснаас хойш Б.Булганаас нэг ч удаа байцаалт аваагүй гэх. Хүний эрхийг ноцтой зөрчсөн нөхцөлд жараад насны эмэгтэйг хорьчихоод хуулийнхан мартчихсан болж таарав уу.

Юутай ч хорих байранд очин түүнтэй уулзсан УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд “Улс төрийн шалтгаанаар хүнийг хорьж, захиалгаар дарамт үзүүлэх тогтолцоо байж, одоо ч байгаа юм байна” гэж дүгнээд “Үүнийг зогсоох гол гол хуулиуд одоо УИХ дээр яригдаж байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд. Энэ гурван хууль дээр бид өөрчлөлт хийнэ. Өөрчлөхөөс ч өөр аргагүй болсон юм байна” гэж мэдэгдэж байв.

Улс орныг нүд чихгүй эрэмдэг зэрэмдэг болгох хэнд ашигтай билээ.

Харин эдгээр хуулийн төслүүдийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Эдгээр хуулийн төслүүдэд гэмт хэргийн сэжигтнийг "таслан хорьж байгаад тагнах чагнах замаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар хэрэг хүлээлгэдэг” байдлыг хориглох заалт тусгасан байгаа нь хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн анхаарлыг нэлээдгүй татжээ. 

Хууль, хүчний байгууллагынхны хувьд үйл ажиллагааг нь хатуу хязгаарлах үр дагавартай дээрх заалт цаашид ил, далд эсэргүүцэлтэй тулгарах нь ч тодорхой байна.

Сошиал хэрэглэгчдийн дунд хэдийнэ “цагдаа, тагнуулын байгууллагыг бүрэн ажиллагаагүй болгох хуулийг санаачлан анхны хэлэлцүүлгээр оруулсан байх юм. Улс орныг нүд чихгүй эрэмдэг зэрэмдэг болгох хэнд ашигтай билээ.

Гэмт хэрэгтнүүд хууль санаачлан өөрсдийнхөө гэмт үйлдлийг ял зэмгүй зувчуулах бүх арга мэхийг хэрэглэж байгаа нь улс орны аюулгүй байдалд шууд заналхийлсэн үйлдэл боллоо” /Batbold Batdelger/ гэсэн “дүгнэлт” зуу гаруй удаа шэйрлэгджээ.

УИХ-аар хэлэлцэгдэж буй дээрх хуулийн төслүүд цаашид хэр дэмжлэг авах, тэрчлэн батлагдах эсэхийг хэлж мэдэхгүй ч сэтгүүлчийн хувиар миний бие жаран настай Б.Булганы хувь заяанд санаа зовж байна. 

Түүний гэм буруутай эсэхийг шударга шүүх тогтооно, гэхдээ тэр хүртэл түүнд, түүний адил сэжигтнүүдэд залхаан цээрлүүлэлт, эрүүдэн шүүлтийн хэлбэрийг ашиглаж болохгүй байлтай. Бид шударга шүүхтэй ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ.

Зураг