Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гадагшаа урсаж байгаа иргэдээ авч ирэх хуулийг дэмжинэ гэв

Ж.Отгон
2016 оны 5 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцээд гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяаллын тухай хуулийг УИХ-аас 1995 онд баталж, мөн нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, шинэчлэлийг зохицуулах зорилгоор дөрвөн удаагийн өөрчлөлтийг оруулсан хэдий ч өнөөгийн нийгмийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа аж.

Иймд Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Иргэний харьяаллын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Монгол Улс өнөөдрийг хүртэл иргэнээ гадагш алддаг байсан бол энэхүү хуулийн төслөөр иргэнээ алдаггүй байхыг гол зарчим болгож байгаа аж.

Өнгөрсөн 20 жилд 59 мянган хүн Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан бол 221 хүн манай улсын харьяат болсон, манай 16 мянган иргэн давхар харьяалалтай байгаа юм байна.

Тиймээс тэдгээр хүүхдүүд манай улсын нэгдэж орсон олон улсын конвенцийн дагуу 18 нас хүртэл иргэний харьяаллаа алдахгүй байх, Монгол Улсын иргэнээ хадгалдаг тогтолцоог нээж өгөх бодлого барьж байгаа аж.

Түүнчлэн хүн ам цөөтэй манай улсын хувьд улс орныхоо хөгжлийг урагшлуулах, хүн амаа нэмэгдүүлэх, соёл уламжлалаа хадгалж түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс дэлхийн бусад оронд байдаг арга хэлбэрийн дагуу иргэний харьяаллын асуудалд хөх үнэмлэхийг ашиглах зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Хөх үнэмлэхийг одоо байгаа төслөөр гадаадаас ирэх хүнд олгохоор зөвшөөрөх нь өрөөсгөл. Харин Монгол хүн иргэншлээсээ гарчихаад буцаж ирэхэд хөх үнэмлэх оруулж ирэх бол дэмжинэ.

Ер нь энэ асуудлыг хэлэлцэхдээ байнгын хороод болон чуулганы хуралдааныг хаалттай явуулах ёстой. Давхар иргэншлийг дааж чаддаг орон хэрэгжүүлдэг болохоос дааж чадахгүй орон хэрэглэвэл газрын зураг өөрчлөгддөг.

Хөх үнэмлэхийг одоо байгаа төслөөр гадаадаас ирэх хүнд олгохоор зөвшөөрөх нь өрөөсгөл. 

Газар нутгийнхаа халдашгүй бүрэн бүтэн байдлыг давхар ярих ёстой. Маш нухацтай хаалттай хэлэлцээд явах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан 250 мянган Монгол гадаадад амьдарч байна. Гадагшаа урсаж байгаа тархины урсгал, оюунлаг иргэдээ авчрахын тулд энэ хуулийг гаргахыг дэмжинэ. Хөх үнэмлэхийг зөвхөн Монголын төлөө ажиллаж, амьдардаг хүмүүст өгөх хэрэгтэй” гэлээ.

Дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэний дараа Иргэний улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч төслийг танилцуулах Засгийн газрын гишүүн байхгүйгээс чуулганы хуралдааныг завсарлууллаа.

УИХ дахь “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг бүлгийн даргаа өгөх тухай мэдэгдээд удаж байна. Түүнээс хойш эвсэл асууддаа шийдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойшхи хуралдааны эхэнд эвслийн бүлэг даргын томилгоо хийсэн албан бичгийг УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу гишүүдэд уншиж танилцуулсан юм.

“Шударга ёс” эвсэл бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилсон гэдгийг дуулгаж, гишүүд түүнд баяр хүргэсэн юм. “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар ажиллаж байсан Н.Батцэрэг БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байгаа учраас ийн ажлаа хүлээлгэн өглөө.

Зураг