Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч “давхар дээл”-ийг хязгаарлах хуулийн төсөл санаачилжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ.

Уг хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд эхний зүйлд “Зөвхөн Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд нар Улсын Их Хурлын гишүүний ажлыг хавсарч гүйцэтгэж болно” хэмээн заажээ. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. 

Харин бусад тохиолдолд Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглох юм байна. 

Хоёр дахь зүйлд “Энэ хуулийг Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд шинээр томилогдсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн тусгасан аж. 

Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүнд шинээр бий болсон парламентаас томилогдсон Ерөнхий сайд ажлаа авсан өдрөөс эхлэн уг хууль хүчин төгөлдөр хэрэгжинэ гэж заасан байна.