Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Мастер тогооч” өрсөлдөөнт ТВ шоуны ялагч 20 сая төгрөгийн эзэн боллоо

ikon.mn
2016 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Vtv HD  телевизийн уран бүтээлчид, “БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ” төслийн хүрээнд санаачлан хэрэгжүүлсэн, Монголд анх удаа, хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч” өрсөлдөөнт ТВ шоу нэвтрүүлэг амжилттай явагдаж өндөрлөн, ялагчаа тодрууллаа.

“Мастер тогооч” өрсөлдөөнт шоу нь 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн, бүтэн гурван сарын турш үргэлжилсэн бөгөөд, шилдэг 27 оролцогч өөрийн авъяас чадвар, торгон мэдрэмж, ур ухаанаа уралдуулан өрсөлдөж, тогооч хүний мэргэжлийн бахархалыг үзэгчдэд “гайхуулсан” юм.

 

Тэд нийт 7 үеийн турш, олон үндэстний хоол, зууш бэлтгэн,  шүүгчдээс өгсөн үүрэг даалгаварыг заасан цаг хугацааны дагуу хийж гүйцэтгэн, хамгийн бага оноотой оролцогч хасагдах журмаар өрсөлджээ.

Ийнхүү гурван сарын турш үзэгчдийг байлдан дагуулж, цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан “Мастер тогооч” өрсөлдөөнт шоуны сүүлийн үе буюу 7-р шатанд Monet рестораны ерөнхий тогооч Д.Буян, Shangri-La зочид буудлын Cafe park  рестораны ахлах тогооч Б.Бат-Эрдэнэ, Monet рестораны ахлах тогооч Г.Гантуул нар тунаж үлдсэн юм. Тэдний өрсөлдөөн тойргийн журмаар явагдсан бөгөөд, өрсөлдөөнийг VTV HD телевизийн сутдиэс шууд дамжуулан үзэгч түмэнд хүргэсэн билээ.

Үзэгчдийн сэтгэл догдлол, хүлээлт дунд өрнөсөн өрсөлдөөн цахим ертөнцөд ч багагүй шуугиан дэгдээж, хоолны үзэмж шалгаруулалтыг үзэгчдийн сэтгэгдлээр дүгнэсэн нь бас нэгэн шинэлэг зүйл болсон юм.

Ингээд тэмцээний сүүлийн шалгаруулалт өнгөрсөн Ням гараг буюу хоёрдугаар сарын 07 ны өдөр болж 

  • Шилдгийн шилдэг Мастер тогоочоор Monet рестораны ерөнхий тогооч Д.Буян 439 оноогоор шалгаран,
  • Дэд байранд Shangri-La зочид буудлын Cafe park  рестораны ахлах тогооч Б.Бат-Эрдэнэ 387 оноогоор,
  • 375 оноогоор Monet рестораны ахлах тогооч Г.Гантуул гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
 
“Мастер тогооч” өргөмжлөл хүртсэн Д.Буян 20,000,000 төгрөгийн эзэн болсон бол, дэд байранд шалгарсан Б.Бат-эрдэнэ гадаадын оронд аялах эрхийн бичгийн эзэн болж, шилдэг гурван оролцогч ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагналыг хүртэцгээсэн юм.

Тэмцээний шүүгчээр “Silk road” рестораны захирал, тогооч Я.Энхээ, “MGC” ХХК-ийн захирал, тогооч С.Батмөнх, Монгол дахь Итали хоолны тогооч нарын холбооны тэргүүн, тогооч Г.Тэнгис нар ажиллажээ.