Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Хүүхдийн даахийг сар шинээр эсвэл ивээл сард нь үргээдэг

Г.Номин, iKon.mn
2016 оны 2 сарын 8
iKon.MN

Ирж буй бичин жилийн өнгө, тухайн жилд цээрлэх ёсны талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам, "Дорно Өрнийн сарын зурхай" сонины эрхлэгч Д.Цогтбаатартай ярилцлаа.

 

- Муу нүүрт хэмээх гал бичин жилийн ерөнхий төлөв ямар байгаа вэ, бичин жилд зуд болдог гэж хүмүүс ярилцах юм?

- Энэ жилийн ерөнхий төлөв гайгүй байгаа. Хур тунадасны хэмжээ дунд зэрэг, ногооны газар шим гандуувтар жил болох төлөвтэй байгаа. Газар тариалан эрхэлдэг хүмүүсийн хувьд аль болох эрт тариалангаа эхлүүлбэл арвин ургац авна. 

Ер нь Монголчууд ялангуяа малчид, улсын сайн малчид зуд турхны талаар "Өвлийн хахир хүйтэнд малаа алдахгүй, онд тарган тавтай орох нь бэлтгэлээ хэр сайн хангахаас хамаарна" хэмээн ярьдаг. Тиймээс малчид маань бэлтгэлээ л сайн хангах хэрэгтэй.

Мөн Монголчууд маань амны бэлгээс ашдын бэлэг гэж ярьдаг. Тэгэхээр юуг нь ч мэдэхгүй зуд болох нь гэж ярихаасаа урьтаж сайн зүйлсийг ярих хэрэгтэй. Төр минь түвшин байгаасай. Ажил үйлс минь бүтэмжтэй байг. Үр хүүхэд эрүүл саруул байгаасай гэж ярьж, бодож явах хэрэгтэй.

- Бич жилд хурим найр хийхийг цээрлэдэг гэсэн яриа байдаг. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

- Бич жилд бэр гуйж, хурим найр хийж болохгүй гэсэн ойлголт байхгүй. Харин бэр болж байгаа бүсгүйн нас, жилээс хамаараад хурим найр хийхийг цээрлэдэг жил гэж бий. Үүнийг буруугаар ойлгож бич жилд хурим найр хийдэггүй гэсэн буруу ойлголт бий болсон байх.

Энэ жил бол 1987 онд төрсөн туулай, 1991 онд төрсөн хонь, 1992 онд төрсөн бич жилтэй бүсгүй хүн хурим найр хийх цээртэй байгаа.

Хулгана жилтэй бүсгүй хүн 17, 18, 26, 27 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Үхэр жилтэй бүсгүй хүн 16, 18 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Бар жилтэй бүсгүй хүн 17, 22, 26, 30, 36 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Туулай жилтэй бүсгүй хүн 16, 26, 30 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй. Туулай жилтэй бүсгүй хүн энэ жил хий насаараа 30 настай. Тиймээс хурим найр хийхийг цээрлэнэ.
Луу жилтэй бүсгүй хүн 17, 19, 22, 28 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй. 
Могой жилтэй бүсгүй хүн 20, 24, 28 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Морь жилтэй бүсгүй хүн 15, 17, 22, 29 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Хонь жилтэй бүсгүй хүн 16, 22, 26, 36 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй. 1991 онд төрсөн хонь жилтэй бүсгүй энэ жил хий насаараа 26-тай учраас хурим найр хийхийг цээрлэнэ.
Бич жилтэй бүсгүй хүн 15, 19, 21, 22, 25 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй. 1992 онд төрсөн бич жилтэй бүсгүйн 25-ны жил орж байгаа юм байна. Тиймээс хурим найр хийхийг цээрлэнэ.
Тахиа жилтэй бүсгүй хүн 17, 22 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Нохой жилтэй бүсгүй хүн 17, 20, 21 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Гахай жилтэй бүсгүй хүн 23, 32 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.

- Эрэгтэй хүнд хурим найр хийхийг цээрлэх ёс байх уу?

- Хурим найр гэдэг маань бэрийн зурхай байдаг. Эрэгтэй хүмүүсийн хувьд тэр гол зүйл биш.

-Сар шинийн өдрүүдээр хүүхдийн даахь үргээхэд сайн гэдэг. Энэ жилийн сар шинээр даахь үргээхэд сайн өдөр нь хэдэн хэдэнд тохиож байгаа вэ?

- Хүүхдийн даахь үргээнэ гэдэг бол маш чухал зан үйл. Монголчууд бид хүүхдийн даахь үргээх, хурим найр хийх, шинэ ажил эхлэх гэх мэт ажлуудаа шинийн 15-нд багтааж хийдэг уламжлалтай. Шинийн 1-15 хүртэл сар бага багаар арвижаад 15-наас хойш хомсдож, багасаж эхэлдэг. Тиймээс арвижин дээшлэхийн бэлгэдлийг бодож шинийн 15-ны чухал зан үйлүүдээ гүйцэлдүүлдэг юм. 

Хүүхдийн даахийг сар шинээр эсвэл ивээл сард нь авдаг. 

 

Энэ жилийн хувьд 3, 5 настай эрэгтэй, 2, 4, 6 настай эмэгтэй хүүхдийн даахь авах байх. Эдгээр хүүхдүүдийн даахийг хэзээ авбал зохилтойг хэлье. 

  • 2015 онд төрсөн хонь жилтэй эмэгтэй хүүхэд хий насаараа хоёр нас хүрч байгаа. Хонь жилтэй эмэгтэй хүүхдийн ивээл сар нь хаврын дунд, зуны адаг, өвлийн тэргүүн сар байгаа.
     
  • 2014 онд төрсөн морь жилтэй эрэгтэй хүүхдийн даахийг авч болно. Хий насаараа гурав хүрсэн. Морь жилтэй эрэгтэй хүүхдийн даахийг ивээл сард нь буюу хаврын тэргүүн, зуны дунд, намрын адаг сард авч болно. Мөн шинийн 3-ны өдөр авч болохоор байна. Өдрийн сайн цаг нь цаг.
     
  • 2013 онд төрсөн могой жилтэй эмэгтэй хүүхэд энэ жил хий насаараа 4-тэй болж байгаа. Могой жилтэй эмэгтэй хүүхдийн ивээл сар нь зуны эхэн сар, намрын дунд сар, өвлийн адаг сар байгаа бөгөөд шинийн 4-нд даахийг нь авч болно. Өдрийн сайн цаг нь 11:40-13:40.
     
  • 2012 онд төрсөн луу жилтэй эрэгтэй хүүхэд хий насаараа 5-тай болж байгаа. Луу жилтэй эрэгтэй хүүхдийн даахийг хаврын адаг, намрын эхэн, өвлийн дунд сард авахад тохиромжтой. Мөн шинийн 4-нд үргээж болно. 
     
  • 2011 онд төрсөн туулай жилтэй эмэгтэй хүүхэд хий насаараа 6 хүрч байгаа учраас даахийг нь үргээж болно. Туулай жилтэй эмэгтэй хүүхдийн ивээл сар нь Хаврын дунд, зуны адаг, өвлийн эхэн сарууд бөгөөд шинийн 3-нд даахь үргээж болно.

Хүүхдийн даахинд хамгийн эхэнд ивээл жилтэй эрэгтэй хүн хүрэх бөгөөд эрэгтэй хүүхдийн баруун шанаанаас, эмэгтэй хүүхдийн зүүн шанаанаас эхэлж авна.

- Шинэ жилийнхээ заслыг хэзээ хийлгэвэл тохиромжтой вэ. Шинийн 15-нд багтаж хийлгэх ёстой гээд сүм хийдүүд дээр дараалал их үүсдэг. Заавал энэ хугацаанд багтаж заслаа хийлгэх ёстой юу?

- Өвлийн адаг сарын 24-нөөс хойш шинэ жилийнхээ заслыг угтаад хийлгэж болно гэж үздэг. Ер нь бол хаврын тэргүүн сардаа багтаад заслаа хийлгэхэд болно.

Хаврын тэргүүн сардаа багтаад заслаа хийлгэхэд болно.

Шинийн 15-ны дотор хийсэн буян маш олон дахин арвиждаг гэж үздэг. Тиймээс шинийн 1-15-ны хооронд буяны зан үйл хийх нь зохилтой. Сүм хийдийн газар ирээд бурхан болсон аав ээж, настнууддаа буяны ном уншуулбал сайн. Ингээд зав чөлөө гарвал 15-даа багтаад заслаа хийлгэж болно. Түүнээс биш заавал 15-нд багтах ёстой гэсэн юм байхгүй.  

- Ярилцсанд баярлалаа.