Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Галбадрах: Сэтгэл зүрх, сэтгэхүйд нь нөлөөлөх ур чадвар багшид бий

Х.Монголхатан
2016 оны 2 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Блиц:

Зан чанарын хувьд: Maш энгийн, ер бусын итгэл төрүүлдэг гэдэг

Зарчмын хувьд: Шударга, үнэнч, гуйвшгүй

Зам мөрийн хувьд: Бартаатай хэцүүг нь сонгож, цуцалгүй холыг зорьж, биеэрээ туулж, үйлдлээрээ үлгэрлэдэг

Зөн мэдрэмжийн хувьд: Зөв бурууг ялгахаас гадна, бурууг яаж зөв болгож засах, бусдыг яаж сайнаар өөрчлөх вэ гэдгийг мэдрэхийг хүсдэг

Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum ” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаагийнхаа зочноор “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрахтай ярилцлаа.


БОЛОВСРОЛ ГЭДЭГ ГАДНААС НЬ ХУВИРГАХ БИШ ДОТРООСОО ХӨГЖИЖ,ТӨЛӨВШИХ ҮЙЛ ЯВЦ

Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил боловсрол сургуулиас шалтгаалдаг гэдэгт би итгэж, үүний төлөө бие, сэтгэлээ зориулж ирсэн билээ. Хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, боловсролтой болгоно гэдэг өөрийнх нь хүч боломж, авьяас чадварыг нээж, амжилт, аз жаргалаа бүтээх арга замыг нь чиглүүлж залж өгөхийн нэр юм.

Өөрөөр хэлбэл боловсрол гэдэг гаднаас нь хувиргах биш дотроосоо хөгжиж, төлөвших үйл явц юм. Намайг анх Шинэ Монгол ахлах сургуулиа байгуулж байх үетэй харьцуулбал одоо ахлах сургууль гэдэг ойлголтыг хүмүүст мэддэг болжээ.

XXI зууны боловсролын чиг хандлага хүүхдийн бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, бүтээх чадвар, техник технологи, мэдээллийг ашиглах, хувиргах чадвар, нийгэм, хүмүүстэй харилцах чадвар, асуудлыг таних, томьёолох, системээр нь авч үзэж, шийдэл олгох чадварт чиглэгдэж байна. Үүний тулд сургуулиудад бүгд ижилхэн биш төрөлжсөн, гүнзгийрсэн, олон сонголтыг санал болгох нь зүйтэй. 

Дэлхийн олон орны туршлагыг судалж байхад ахлах сургуулиа зөв томьёолж, жинхэнэ утгаар нь бэхжүүлж чадсан улсууд хүчтэй, хурдтай, далайцтай хөгжиж иржээ.

Миний сайн мэдэх Япон орон дайны дараа ахлах сургуулийн шинэ систем оновчтой нэвтрүүлж, хөгжүүлж чадсан учраас өнөөгийн дэлхийн тэргүүлэх орон болсон гэж үздэг. Японд бол нийт ахлах сургууль төгсч байгаа хүүхдүүдийн дөнгөж 45 хувь нь л их дээд сургуульд ордог. 

Үлдсэн 55 хувь нь дээд сургуульд тэнцэхгүйдээ биш, ахлах сургуулиасаа эхлээд, өөр өөр чиглэлээр бэлтгэгдсэн учир тэр дагуугаа л явдаг гэсэн үг. Тухайлбал, бүх төгссөн хүүхдээ зөвхөн дээд сургуульд элсүүлэхэд л бэлддэг ахлах сургууль гэж байна. Мөн мэргэжлийн ахлах сургууль болох худалдааны, техникийн, хөдөө аж ахуйн ахлах сургууль гэж байдаг.

Ер нь Хөдөө аж ахуй, Худалдаа, Техникийн зэрэг мэргэжлийн ахлах сургууль төгссөн хүүхдүүд төгссөний дараа богино хугацааны мэргэжлийн сургууль руу орох, эсвэл нэг жил дадлага хийж байгаад шууд ажлын талбарт очих түвшинд бэлтгэгдсэн байдаг. Гэтэл манайд дөрвөн жил их, дээд сургуульд огт өөр мэргэжлээр сурчихаад дараа нь худалдагч, борлуулагч эсвэл огт өөр ажил хийх хандлага тогтчихсон нь нууц биш.

ТЭГВЭЛ ОДОО БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Ахлах сургуулийг төрөлжүүлэх, хөтөлбөрийг өөрчлөх, мэргэжлийн чиг баримжааг эртнээс тодорхойлох, сонголтоо зөв хийхэд нь туслах мэдээлэл, зөвлөгөөг бүр дунд сургуульд байхаас нь системтэйгээр өгч чиглүүлбэл, хүүхдүүд өөрийнхөө дуртай, сонирхож, хүссэн чиглэлээ эртнээс сонгож, түүндээ төвлөрч, тууштай суралцаж, төгсч гараад тогтвортой, үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдэнэ.

Хоёр жилийн өмнөөс хийж эхэлсэн суурь боловсролын шинэчлэл үр дүнтэй явагдаж саяхан БСШУЯ-ны сайдын 424 дүгээр тушаал гарч бие даасан ахлах сургуулиудыг хөгжүүлэх, байгалийн шинжлэх ухаан, математикт суурилсан, техникийн гүнзгийрүүлсэн ахлах сургууль байгуулах, сургалтын хөтөлбөр, агуулгыг улам гүнзгийрүүлж, инженерийн болон шинжлэх ухааны чиглэлийн суурийг хүчтэй тавих, түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш боловсон хүчнийг бэлтгэх, сургаж хөгжүүлэх тухай шийд гаргасан нь тун сайшаалтай байна.

Мэргэжлийн гүнзгийрсэн ахлах сургуулиудад шинжлэх ухааны хичээлийг яг ажил амьдралд нь хэрэглэгдэхүйц маш сонирхолтой хэлбэрээр заах, бүр тогтсон хөтөлбөртэй, түүнийг нь улсаас батлахаас гадна, бас бие дааж нэмж сонгох боломж нээлтэй байлгах хэрэгтэй юм.

Цаашилбал орон нутаг, үйлдвэр аж ахуйн нэгж, компаниудтай хамтарч ажиллах замаар туршилт, дадлага хийлгүүлэх боломжийг сургуулиудад өгч, боловсрол олгох үйл ажиллагааг зөвхөн сургуулиар хязгаарлахгүй орон нутаг, үйлдвэр аж ахуйн хамтын ажиллагаанд бүхэлд нь авч үзэж уялдуулах нь илүү үр дүнтэй байдгийг олон улсын туршлагаас харж болно. Ингэж чадвал хүүхдүүд тэр мэргэжил, чиглэлдээ сонирхолтойн дээр улам дуртай, бас дөртэй болох нөхцөл бүрдэнэ. .

Миний хувьд дээд сургуульд бэлтгэдэг ахлах сургуулийн загварыг сонгож “Шинэ Монгол” ахлах сургуулиа байгуулсан. Цаашид Монголдоо загвар болгон хөгжүүлэхийг зорьсон. Японы туршлагаас авах гээхийн ухаанаар хандаж, Монголынхоо хөрсөн дээр буулгахдаа өөрийн орны онцлог, Монгол хүүхдийнхээ хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэн.

Манай ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоо хэт академик тал руугаа хэлбийгээд хүүхдийг бусад талаар нь хөгжүүлэх, ялангуяа хүн болж төлөвших чиглэлээрээ сайн ажиллаж чадахгүй байгаа нь харагддаг . Мэдээж улс орны эдийн засгийн хүчин чадлаас хамаараад сургуулийн материаллаг бааз, сурах орчин тун хангалтгүй хэмжээнд байгаа нь харамсалтай. Үүнийг бид яаж өөрчлөх вэ гэдэг гарцаа олоод загвараа гаргачихвал бас огт шийдэж болохгүй асуудал биш шүү дээ.

СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ БИЕЭРЭЭ ҮЛГЭРЛЭЖ, ДАГУУЛДАГ БАЙХ УЧИРТАЙ

Сургууль гэдэг амьд организм. Хамгийн чухал нь бид хүнийг “бүтээж байна”. Хүний итгэл үнэмшил, соёл хандлага, амьд харилцаа, үлгэр дуурайлаа үйлдэл гэдэг гэд зүйлс тэнд хамгийн чухал Соёл гэдэг зүгээр гадна хэлбэр, хүнд үзүүлж харуулдаг загвар төдий зүйл биш, цаад мөн чанар учир холбогдол нь илүү нарийн, сургуулийн философи, хамт олны итгэл үнэмшил, үнэт зүйл хандлага хэрхэн тогтсон байгууллагын дархлаа гэж би ойлгодог.

Сургууль гэдэг амьд организм. 

Бид мэндлэх хүндлэх соёлыг анх хэвшүүлэхэд сургуулийн захирал өөрөө үүдэнд зогсож багш сурагчдаа угтан авч мэндэлж эхэлсэн нь oдоo ч хэрэгжиж  хэвшсэн. Сургуулийн захирал тэг ингэ гээд тушааж суух биш биеэрээ үлгэрлэж чин сэтгэлээсээ үйлдэж харуулдаг, дагуулдаг байх учиртай.

Дээр дурдсан мэнд гэдэг үйлдлийн цаана хүүхдийг хүндэтгэх, өглөө болгон сэтгэл санаа нь ямар байгааг ажиглаж, царайнаас нь бодлыг нь уншиж мэдрэх, хэн нэг нь гунигтай харагдвал түүнийг нь анзаарч дараа нь биечлэн уулзаж, ярилцах, сонсох гээд олон зорилго, учир холбогдол оршиж байдаг.

ӨНДӨР МЭДЛЭГЭЭС ӨВ ТЭГШ ХҮН БЭЛДЭХ ҮҮРЭГТЭЙ

Хүн эрүүл чийрэг биетэй, саруул сийрэг ухаантай, өргөн мэдлэг, өндөр чадвартай, өрөвч нинжин сэтгэл зүрхтэй, өөдрөг эерэг бодол хандлагатай, өндөр соёл суртахуунтай өв тэгш хүн байх ёстой. 

Ийм л иргэдийг бэлтгэн гаргах нь Монголын сургуулиудын зорилго байгаасай. Хэрэв мэдлэгийг хэт анхаараад бусдыг нь орхигдуулчихвал том толгойтой, богинохон гартай, давжаа биетэй, нарийхан тогтворгүй хөлтэй, хүйтэн зүрхтэй болчихно шүү дээ.

Итгэл даадаг хүний үгийг хүүхдүүд хүртэл хүлээж авах, дагаж дуурах нь илүү байдаг. Энэ цаг үе, мэдээллийн эрин зуунд мэдээлэл авах, мэдэх гэдэг нэг товчлуурын зайд л байгаа боломж. Харин хүүхдийг мэдэрч, амьд холбоотой ажиллаж, сэтгэл зүрх, сэтгэхүйд нь нөлөөлөх ур чадвар багшид л байгаа учраас хүүхэд сургууль дээр ирж, багшаар заалгаж, багшаас асуухыг илүүд үзээд байна шүү дээ.

Тэр сэтгэл зүрхний холбоо нэгэнт сургуулиа төгсөөд явсан хойно ч бүдгэрэхгүй, улам үнэ цэнэтэй гүн гүнзгий байр эзэлж байдгийг манай сургуулийн жишээ харуулдаг. “Шинэ Монгол” сургууль төгсөгчдөдөө баяртай гэж хэлдэггүй, байнга эргэн уулзаж, үргэлж санаа тавьж дараагийн шатны сургуульд суралцах тэтгэлэгт хамруулахаас эхлээд их дээд сургуулиа төгсөн төгстөл, ажлын гараагаа зөв эхлэхэд нь ч хамт байж, зөвлөж тусалж, зорилго мөрөөдлөө биелүүлэхэд нь түшиг тулгуур болох үүргээ ухамсарлаж сэтгэл гаргах тусам хүүхдүүд ч бас бусдыг гэх сэтгэлтэй болж хүмүүждэг.

Ийм л зорилгоор бид гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцаж, нарийн мэргэжил эзэмшээд ирсэн төгсөгчдөө ажлын байртай угтах, судалгааны ажлаа хийх орчин бүрдүүлэх, цаашид улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах олон залуусыг бэлтгэх зорилгоор Шинэ монгол техник инженерийн коллеж, Технологийн дээд сургуулиа байгуулаад байна. Ингэж бүрэн дунд сургуулийг коллеж, дээд сургуультай холбох нь салбарын нэгэн шинэчлэл болохоос гадна улс орны хөгжлийн нэг гарц юм.

Улс орны боловсролын салбарыг хөгжүүлэхэд сургууль бүр дор бүрнээ хичээж, зориод ирсэн сурагч оюутан нэг бүрийг чанартай сургахад анхаарах юм бол манайх шиг цөөн хүн амтай, олон сургуультай улсын хувьд тийм ч биелшгүй том зорилго биш. Дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг мэдэрч, бүтээлч сэтгэлгээ, бодит чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн органик сургуулиудыг хөгжүүлэхийн тулд тогтвортой, алсыг харсан бодлого, тууштай үйлдэл хэрэгтэй.

ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ БАЙХААС ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БОЛОВСРОЛ ОЛГОДОГ СУРГУУЛЬТАЙ БОЛОХСОН

Багш боловсон хүчнийг байнга хөгжүүлэх, хуучин хандлага, сэтгэлгээг нь өөрчлөх, ялангуяа мэдлэг заадаг, заах гэж “аргаа бардаг” байдлыг халж, сурагчдад бие даан сурах арга барилд сургах, чиглүүлж зөвлөх, боломж нөхцөлийг бүрдүүлж, хамтарч ажиллах, мэдлэг бүтээх сэдэл тэмүүллийг төрүүлж, мэргэжлийн зөвлөгч байх чиглэл рүү хандуулах хэрэгтэй байна.

Анги танхим, ширээ сандал, самбар, шохой, ном дэвтэр гэдэг хэвшмэл ойлголтоос хальж, хил хязгааргүй, өргөн сонголтоор дэлхийн аль ч өнцгөөс нээлттэй эх сурвалжаас хэрэгтээ мэдээллээ олж, боловсруулж, ашиглаж, хувиргаж чадах чадвар эзэмшихэд хамгийн оновчтой, хүртээмжтэй, үр дүнтэй, өөрт тохирсон аргаар нь, өөрийнх нь хурдаар сургаж, бодитойгоор үнэлдэг болох гээд иж бүрэн шинэчлэл хийхийг цаг үе шаардаж байна.

Өндөр төлбөртэй байхаас илүү өндөр үнэ цэнэтэй боловсрол олгодог сургуулиудыг эцэг эхчүүд илүү эрхэмлэж, түүнийг мэдэрч сонголтоо хийдэг болсон байна. Түүнээс гадна дэлхий даяаршиж, өрсөлдөөн олон улсын хэмжээнд яригдаж байгаа цагт Монголын сургуулиуд зорилгоо илүү өндөр тавьж, төгсөгчдөө олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд бэлтгэх чанартай боловсролын төлөө үсрэлт хийх шаардлагатай байна.

Жинхэнэ монгол хүний чанар, чадварыг төгсөгч бүр нь шингээж, дэлхийн олон орны хүүхэд залуучуудтай боловсрол мэдлэгээрээ эн зэрэгцэж, ялгарч ялж гарч ирж чаддаг байвал сая чанартай боловсрол олгодог сайн сургууль, сайн боловсролын систем бий болжээ гэж үнэлэгдэнэ.

Зураг