Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Леонардо Ди Каприод “ард түмний Оскар” өгөхөөр шийджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн нэрт жүжигчин Леонардо Ди Каприог Оскарын шагнал авахгүй байгаад харамссан Оросын Якут дахь түүнийг шүтэн бишрэгчид нэгэн арга хэмжээг авахаар болжээ.

Якутын хэсэг иргэд хөдөлгөөн өрнүүлж алт, мөнгө цуглуулж эхэлсэн ба түүгээрээ Оскарын баримлыг бүтээлгэж Ди Каприод гардуулах гэнэ.

“Леод зориулсан Оскар” нэртэй хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа гэх Татьяна Егорова найз нартайгаа энэ талаар өмнө нь ярилцдаг байснаа Ди Каприогийн тоглосон “The Revenant” кино нэр дэвшснийг дуулаад санаагаа хэрэгжүүлэхээр ажилдаа орсон гэж ТАСС агентлагт ярьжээ.

“Якутчууд бид сайн киног үнэлдэг, Ди Каприог сайн жүжигчин гэж үздэг” гэж тэр ярьсан байна.

Якутын Оскар нь Академийн Оскараас бага зэрэг өөр байх гэнэ. Тэдний хувилбар нь тэнгэр рүү харсан хэлбэртэй байх ба “хүн тэнгэр рүү харах үедээ жинхэнэ амьдралын зорилгоо ойлгож, байгалийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг” хэмээн бүтээгчид нь тайлбарлаж байна.

Мөн гартаа илд биш, Якутын уламжлалт гурван хөлтэй цомыг (хундага) барьсан байх гэнэ. Энэ нь Ди Каприод өгч байгаа хүмүүсийн хайрын илэрхийлэл байх ажээ.

Одоогоор 100 орчим хүн хандив өгөөд байгаа ба Оскарын баримлын өндөр нь 30 орчим сантиметр байх гэнэ.

Харин энэ шагналыг хэрхэн Ди Каприод гардуулахаа шийдээгүй байгаа ч Егорова болон түүний нөхөд яаж ийгээд гардуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэжээ.

Энэ сарын 28-нд Лос Анжелес хотод Академийн шагнал гардуулах ёслол болно. Ди Каприо одоогоор нийт зургаан удаа Оскарт нэр дэвшээд байгаа ч жил бүр гар хоосон буцдаг байгаа нь түүний шүтэн бишрэгчдийг багагүй бухимдуулдаг юм.

 

Эх сурвалж: Mashable