Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын онгоцыг унагасан Турк бүх талаар хохирол амсах нь

Б.Ууган, iKon.mn
2015 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг Туркийн тал буудаж унагаад хэд хонолоо. Энэ хэд хоногт дэлхий даяар л Путины хийх хариу үйлдэл, энэ хоёр орны цаашдын харилцааны талаар чих тавин хүлээж байсан гэхэд болно. “Анд нөхөр ар нуруунаас хутга зоолоо” гэсэн эрс шийдэмгий мэдэгдэл  Туркуудын хувьд хүндхэн ирээдүй хүлээж байна даа гэсэн бодлыг хүн бүрт төрүүлж байсан юм. Энэ хүлээлт талаар болсонгүй, Оросын эрх баригчид онгоцыг нь унагасан Турк улсад маш хатуу хариу өгөхөөр бэлтгэж байгаа гэнэ.

Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн өгүүлснээр яг л энэ онгоц сүйрүүлсэнтэй холбоотой хэрэг шиг тохиолдолд тусгайлан зориулсан гэх “Олон улсын онц байдлын нөхцөлд авах эдийн засгийн тусгай арга хэмжээний тухай” хуулийн үндсэн дээр хоёр хоногийн дотор Туркэд барих хариуг бэлтгэхээр болжээ.

ОХУ-ын Засгийн газар бүхий л хориг хязгаарлалтыг ашиглавал Турк эдийн засгийн бүрэн бүслэлтэнд орох бөгөөд үүнийг АНУ Ираны эсрэг олон жил ашигласан арга хэмжээтэй адилтгаж болох юм.

11 дүгээр сарын 25-ны өдөр Оросын Екатеринбург хотноо Ельциний төвийн нээлт болсон. Энэ нээлтийн үеэр Путин, Медведев нар зүгээр ч нэг оргилуун дарс тулгаад зогсохгүй Туркэд  барих хариу буюу  эдийн засгийн  арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн байх юм. Тодруулбал Ерөнхийлөгч “Олон улсын онц байдлын нөхцөлд авах эдийн засгийн тусгай арга хэмжээний тухай” хуулийн үндсэн дээр Туркэд барих хариу арга хэмжээг бэлтгэхийг сайд нарын танхимд даалгажээ. Энэ хуулийг “Нэгдсэн Орос” намын санаачилгаар, Балтийн орнуудтай үзэл суртлын болон худалдааны дайн хийж байх үед, мөн АНУ-аас юугаараа ч дутахгүй гэсэн бодлогоор 2006 онд баталж байсан юм.

Хуулийн төсөл санаачлагчид гишүүдийн өмнө тайлбар хийхдээ Америк улс Иран, Югослав, Беларусь  гэсэн улсын эсрэг байнга хориг тавьж байдаг, харин Орос улс одоо хүртэл энэ төрлийн арга хэмжээг зохицуулах хууль эрхзүйн үндэсгүй явсаар өдийг хүрсэн гэж онцолж байв. Энэ хуулийг ашиглалгүй найман жил болжээ. Харин энэ хуулийн үндсэн дээр Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан орнуудаас хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөхийг хориглосон “ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай” захирамжийг 2014 онд  Владимир Путин гарган, гарын үсэг зурж  байлаа. Энэ захирамж, түүний араас гарсан Засгийн газрын тогтоол журамд ч Турк багтсангүй, учир нь найрсаг орон, худалдаа эдийн засаг болон улс төрийн гол түншүүдийн нэгд тооцогддог байлаа. Гэвч бөмбөгдөгч онгоцыг унагасан  хэрэг явдал энэ бүхнийг ор мөргүй болголоо. 

Тодруулбал, Засгийн газрын хуралдаан дээр Дмитрий Медведев “Эдийн засгийн тусгай арга хэмжээний тухай” хуульд нийцүүлэн авч болох аргаа хэмжээнүүдийн хүрээг нэрлэсэн байна. Үүнд, эдийн засгийн хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн холбоо харилцааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоох, санхүүгийн ажиллагаа болон гадаад худалдааны хэлэлцээрийг хязгаарлах, гаалийн татварыг өөрчлөх, түүнчлэн жуулчны салбарт авах арга хэмжээ, агаарын болон усан замын хөлөг онгоцны тээвэрлэлт, ажиллах хүч ашиглах зэрэг олон арга хэмжээ багтжээ. Ингээд л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Оросын Тээврийн Яам, Хөдөө Аж Ахуйн Яам, Соёлын Яам болон бусад засгийн газрын харьяа байгууллагууд “зохих журамд хурдан шилжихийн ” тулд өөрсдийн саналыг хүргүүлэх үүрэг хүлээжээ.

Түүнчлэн Орос улс олон улсын худалдааны гэрээ, гадаад эдийн засгийн харилцаатай холбоотой бусад гэрээ хэлэлцээрүүдийг зогсоох, Туркийн хөлөг онгоцуудыг Оросын боомт руу орохыг хориглох, тээвэрлэлтийн татваруудыг таагүй нөхцлөөр өөрчлөх, Туркийн агаарын компаниудыг Оросын агаарын орон зайг ашиглахыг хориглох, түүнчлэн соёл, шинжлэх ухаан болон бусад хамтарсан хөтөлбөрүүдийг зогсоох, Туркийн нутаг дэвсгэр дэх амралт сувиллын газрын амрах эрхийн бичгийг худалдаалахыг хориглох эрхтэй юм.

Мэдээж энэ бүхэн нь дан ганц Туркэд төдийгүй Орост ч хохирол авчирах нь ойлгомжтой. Харин албаныхан гаргасан шийдвэр нь Туркийн талтай хамтардаг Оросын компаниудад аль болох хохирол бага учрахаар зохицуулна гээж мэдэгдэж байгаа юм. Энд өгүүлэхэд Турк улс бол Оросын худалдааны тавдугаарт орох том түнш юм.

Өнгөрсөн оны байдлаар хоёр орны хоорондын бараа эргэлт 31 тэрбум ам.доллар, харин 2015 оны эхний есөн сард 18.1 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн мэдээлэл бий. Туркийн экспортын гол нийлүүлэлт нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн, бөс бараа мөн төрөл бүрийн тоног төхөөрөмжөөс бүрддэг. Оросын эрх баригчид 2006 оны хуулийн дагуу дээр дурьдсан хориг арга хэмжээнүүдээс дор хаяж талыг нь авч хэрэгжүүллээ гэхэд нийлүүлэлтийн төлбөрөө хэдийнээ хийсэн Оросын компаниудын хохирлыг бага түвшинд барина гэдэг нь үнэхээр хүндрэлтэй.

Мөн энэ тохиолдолд гэмгүй байгаад хохирсон талд нөхөн төлбөр олгох хууль эрхзүйн үндэслэл ч байхгүй юм. Энэ талаар засгийн газар төлөвлөгөө боловсруулах эсэх нь одоогоор асуулт хэвээр байна. Ямартай ч 2014 онд Орос барууны эсрэг хариу хориг тавихад барууны орнуудтай харилцдаг компаниуд багагүй хохирол амсч байсан юм.

Хэдийгээр албан тушаалтнууд Туркэд барих хариугаа бэлдэхэд дахиад хоёр хоног байгаа ч эрх баригчдын ерөнхий стратеги хэдийнээ илэрхий боллоо. Гол цохилт бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон жуулчны салбарт очих юм. Туркийн эсрэг тавих хориг арга хэмжээ хэдий хугацаагаар тавигдах нь мөн л одоогоор тодорхойгүй. Хэр хугацаанд үргэлжилэх нь олон улсын нөхцөл байдал болон аюулгүй байдлыг хангах асуудлаас хамаарах юм. 

Эх сурвалж: mk.ru