Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Техникийн захуудыг хотоос гаргах эсэх асуудлыг ШИЙДСЭНГҮЙ

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Даяар хас" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэг хэсэг болох хүсэлт хянан хэлэлцэх хуралдаан өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд боллоо.

Шүүхээс нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн учир хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргав.   

Энэ үеэр авто машины худалдаа эрхлэгчид эсэргүүцэл илэрхийлэн жагсана гэж байсан ч холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл аваагүй учир хуралдаанаас ямар шийдвэр гаргахыг хүлээн зогсоцгоож байв.

Захиргааны хэргийн шүүхийг хамгаалах үүрэгтэй Тахарын албанынхан хуралдааныг ажиглаж буй наймаачдыг шүүх рүү оруулалгүй гадна нь хамгаалалтад зогсоцгооно.  

 

Шүүхийн гадна зогсох техникийн худалдаа эрхлэгчид “Энэ бол бидний амь амьдрал. Арай ч хотоос гаргачихгүй байлгүй дээ” гэцгээнэ. Хотоос гарахгүй гээд байгаа шалтгаанаа тайлбарлана уу  гэхэд “Хоёр жилийн өмнөөс энэ тогтоол чинь хууль зөрчиж байна гэсэн шаардлага тавьсаар ирсэн. Гэтэл санал хүсэлтүүдийг минь хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүргээд, өвлийн хүйтэнд албадан нүүлгэх гэж байна” гэцгээв.  

Захирамжийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэх асуудлыг цуцална

Нийслэлийн Засаг дарга авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлэх тухай захирамжийг худалдаа эрхлэгчид эсэргүүцсээр шүүхийн шатанд шилжээд байгаа билээ. Уг асуудал хэрэг хянан шийдвэрлэх шатандаа байгаа.

Харин өнөөдрийн хуралдаанаар “Техникийн захуудын талаар авах арга хэмжээний тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэлэлцсэн. Авто машины худалдаа эрхлэгчид шүүхийн шатны эцсийн шийдвэр гарах хүртэл техникийн захуудыг хотоос гаргах Засаг даргын захирамжийг түдгэлзүүлэхийг хүссэн юм. 

Өөрөөр хэлбэл өнөөдрийн хуралдаан нь техникийн худалдаа эрхлэгчид болон Засаг даргын хоорондын маргаан бус энэхүү маргааныг эцэслэн шийдэх хүртэл техникийн захуудыг хотоос гаргах захирамжийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх ажиллагаа юм.  

Захиргааны хэргийн шүүхээс Засаг даргын захирамжийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэх асуудал цуцлагдах ажээ.