Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн 20 алба хаагч гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ батлууллаа

Ж.Мягмар
2015 оны 10 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг: ЦЕГ Хэвлэл, Мэдээллийн Төвийн цахим хуудаснаас авав.

Улаанбаатар хотын баярын өдрийг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран цагдаагийн 20 алба хаагч гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ батлуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Цагдаа хэмээх цаг наргүй ажлын төлөөх их албанд тангараг өргөн үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нар хуримын цагаан даашинзаар гоёсон гэргийгээ сугдан шатаар алхах нь хүн бүхний сэтгэлийг хөдөлгөлөө. Гэрлэх ёслолын ордон өмнө нь энэхүү үйл ажиллагааг ТҮК, Онцгой байдлын Ерөнхий газар, Автобусны компаниуд зэрэг газруудтай хамтран зохион байгуулжээ. 

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Буянжаргал “Энэхүү ёслолд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дөрвөн албан хаагчаа оролцуулж байна. Эдгээр алба хаагчид маань өнөөдрийн ёслолд оролцож байгаа алба хаагчдын адил ажил бүтээлээрээ тэргүүлдэг, 20 орчим жил гэр бүл болон амьдарсан хосууд байгаа.

Алба хаагчид маань ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө цаг наргүй ажилласаар гэрлэх ёслолынхоо ордонд орж, гэр бүлээ баталгаажуулж амжаагүй байсан хосууд сонгогдсон. Энэ ёслолыг зохион байгуулж байгаа Нийслэлийн цагдаагийн газар, Гэрлэх ёслолын ордны бүх хүмүүст баярлаж байна” гэлээ.

Энэхүү үйл ажиллагаанд гал голомтоо бадраагаад олон жил хамт амьдарсан цагдаагийн алба хаагчид оролцсоноороо онцлогтой байлаа. Олон хүүхдийн ээж, аав болсон ч ийнхүү хуримын ордонд гэрлэх ёслол хийж байгаа алба хаагчдад гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын удирдлагууд, мөрдөс нэгтэй алба хаагчид оролцож баяр хүргэсэн.

Р.Мөнхбаатар: Хамт олноосоо амьдралын том бэлэг хүлээн авлаа

Хамт олноосоо амьдралын том бэлэг хүлээн авч байгаадаа баяртай байна. Бид хоёр ханилаад 19 жил болж байгаа. Дөрвөн хөөрхөн хүүтэй болсон. Би цагдаагийн байгууллагад 12 жил ажиллаж байна. Одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэв журмын цагдаагаар ажилладаг. 

Цагдаагийн эхнэр байх хэцүү үүргийг үүрсэн ч ар гэрийн бүх ажлыг амжуулдаг, Мөнхбаатарынх гэдэг айлыг өдий зэрэгтэй авч яваа ханьдаа баярлаж явдаг. Бид чинь бүх л баяр, наадмаар ажил үүргээ гүйцэтгээд явж байдаг. Тэр болгон гэр бүлдээ цаг зав зарцуулаад байж чаддаггүй хүмүүс.

Б.Батдаваа: Эхнэрийнхээ мөрөөдлийг биелүүлж байгаадаа жаргалтай байна

Бид 1996 онд танилцсанаас хойш өдийг хүртэл хамтдаа байна. Гурван хүүхэдтэй. Том нь оюутан, дунд хүү сургуульд, бага нь цэцэрлэгт явдаг. Биднийг гэр бүл болж байх үед одоогийнх шиг ийм сайхан хурим хийх боломж бололцоо тааруу байлаа. Нийгмийн нэг тийм хэцүү үе таарсан. 

Гэхдээ тухайн үед гэр бүлийнхээ хүрээнд ёслоод гал голомтоо бадрааж байлаа. Ийнхүү 20 жилийн дараа Гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ батлуулж байгаадаа үнэхээр баяртай байна. Хамгийн гол нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл болсон хурмын цагаан даашинзыг эхнэрээтээ өмсүүлж, мөрөөдлийг нь биелүүлж байгаадаа юу юунаас илүү аз жаргалтай байна.

Ийм сайхан боломжийг олгосон хамт олондоо баярлалаа. Би цагдаагийн байгууллагад 16 жил ажилласан байна. Одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Ахлах байцаагч хийж байгаа.

Зураг