Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүжилтийг шийдвэл нийтийн тээврийнхэн хэвийн үйлчилнэ

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2015 оны 10 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Автобусны компанийнхан ажил хаяжээ. Харин тэд ажил хаялт биш, аргагүй болоод зогссоноо учирлаж байна. Энэ нь санхүүжилттэй холбоотой гэнэ. Харин дээрх компаниуд дан ганц “Улаанбаатар смарт карт” компаниас мөнгө авах тухай хэлээгүй. 

Шинэ системд шилжихдээ нэг цагийн хөлсийг 30,500 төгрөгөөр тооцох тухай гэрээг нийслэлтэй байгуулсан гэдэг. Тиймээс гэрээний дагуу санхүүжилтээ олгохыг хүсч буй. Өнгөрсөн долдугаар сарын 29- нөөс эхэлсэн шинэчлэл өдгөө автобус компанийг алдагдалд оруулж байгааг дуулгасан юм. 

Гэхдээ хувь, хувьсгалынх ялгаагүй хэмээлээ. Энэ талаар Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн, “Автобус нэгдэл” компанийн захирал П.Ган-Очир нар байр сууриа илэрхийллээ.

Ж.Дамдинсүрэн: НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР 10 ТЭРБУМЫН АЛДАГДАЛД ОРСОН

-Хувийн хэвшлийн 10 гаруй компани үйлчилгээнд гараагүй байна. Энэ нь албан ёсны ажил хаялт биш. Нийтийн тээврийн үйлчилгээ доголдож, зогсох нь гэдгийг наймдугаар сарын 18-наас хойш ярьж байна. Хэдийгээр иргэдэд хүндрэл учруулсан ч нөхцөл байдлыг зөвөөр ойлгоосой.

Ухаалаг тээврийн систем нэвтрэх нь зүйтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрсөн. Уг нь ашигтай ажиллаж чадахгүй ч алдагдалгүй байх учиртай. Гэтэл одоогоор нийтийн тээврийн салбар 10 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байгаа юм. Шинэ системд шилжүүлэхдээ компаниудын нэг цагийн зардлыг санхүүжүүлнэ гэдэг гэрээ байгуулсан. 

Харамсалтай нь нэг цагт хэдэн төгрөгийн зардал гарах тооцоог хийж чадаагүйгээс санхүүжилттэй холбоотой асуудал үүссэн. Үүнд нийслэл буруутай. “Улаанбаатар смарт карт” компанийн хувьд өдрийн орлогыг 5-7 хоногийн дараа хуваарилж байгаа нь хүндрэл учруулж байгааг хэлэх хэрэгтэй. 

Үнэгүй зорчдог иргэдийнхээ мөнгийг нөхөн олговор хэлбэрээр нийслэл төлдөг байсан. Гэтэл оюутнууд төлбөр төлж байсан гэдэг шалтгаанаар 2.8 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжид өгөөгүй байна. Тэгэхээр санхүүжилтийн асуудлаа нийслэл даруй шийдэх хэрэгтэй.

П.Ган-Очир: НИЙСЛЭЛ ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Манай компани ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байгаагаас 70 гаруй сая төгрөгийн өртэй болсон. Мөн нийгмийн даатгал, татварт 30 гаруй сая, шатахууны төлбөр 80 сая төгрөгийг өгөөгүй байгаа. Энэ нь сүүлийн 70 хоногийн хугацаанд үүссэн алдагдал юм. Нийтийн тээврийг ухаалаг системд шилжүүлэхдээ аж ахуйн нэгжүүдтэй нэг цагт 30,500 төгрөгийн зардал гарахаар тооцож гэрээ хийсэн.

 Гэтэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Энэ нь цаашид ажиллах боломжгүй болгож байгааг ойлгох хэрэгтэй. Одоогоор санхүүжилтийнхээ 40 орчим хувийг авсан. “Улаанбаатар смарт карт” компаниас өдрийн орлогын тодорхой хувь олгогдож байгаа ч зардалдаа таарчихдаг юм шүү дээ. Энэ системд шилжихээс өмнө нь өдөрт олдог орлого одоогийнхтой харьцуулах боломжгүй. Учир нь өдрийн орлогоос тус компани үйлчилгээний хураамж 10 хувь авдаг. 

Мөн өдөрт хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг хуваарилдаг вэ гэдгийг хянах боломжгүй байна. Өнөөдөр аргагүй байдалд ороод зогсолт хийсэн нь санхүүжилттэй холбоотой. Яагаад гэвэл, нийслэлийн тээврийн газартай хийсэн гэрээний хүрээнд мөнгөө олгоогүй байна.

Зураг