Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн олимпоос байт харвааны тамирчид алтан медаль хүртлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн цэргийн спортын холбоо буюу /CISM/-ноос зохион байгуулдаг Дэлхийн цэргийн спортын зургаадугаар тоглолт БНСУ-д амжилттай болж байна.

Манай улсаас оролцож байгаа Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид цэргийн олимпод амжилт дүүрэн оролцож байна. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр байт харвааны төрлөөр оролцсон эрэгтэй, эмэгтэй холимог багийн тамирчид алтан медаль хүртжээ. 

Одоогоор үзүүлээд байгаа амжилтыг дурдвал, жүдо бөхийн эрэгтэй багийн тамирчид мөнгөн медаль, жүдо бөхийн тамирчин, Олон Улсын хэмжээний мастер А.Батсуурь мөнгөн медаль хүртсэн юм. А.Батсуурийн хувьд багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд цэргийн олимпоос хос медаль авсан амжилт үзүүлээд байна. Жүдо бөхийн тамирчин Х.Цогтгэрэл хүрэл медаль хүртсэн бол дугуйн төрлөөр оролцсон тамирчин тавдугаар байранд, жүдо бөхийн таван тамирчин мөн адил тавдугаар байранд шалгарчээ.

Өнөөдрийн байдлаар чөлөөт бөх, буудлагын тэмцээнүүд үргэлжилж байна. Баг тамирчдыг ахалж Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр болон "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар ажиллаж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос Бээжин-2008 зуны олимпийн их наадмын мөнгөн медальт, Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний багийн алт, мөнгөн медальт Монголын Улсын Хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин хошууч О.Гүндэгмаа, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Монгол Улсын Гавьяат тамирчин ахлагч С.Цэрэнчимэд нарын тэргүүтэй нарын 70 гаруй  тамирчид оролцож байна.