Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Волксваген" Герман чанарт эргэлзээ төрүүллээ

Ж.Цогзолмаа
2015 оны 9 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

ГЕРМАН ЧАНАРТ ТОЛБО ТОГТОВ УУ?

Тансаг, дээд зэрэглэлийн, бас хамгийн чанартай төмөр хүлгийг тэд л бүтээдэг гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Мэдээж, энэ бол Германы алдарт “Волксваген” фирм. Герман л бол хамгийн чанартай нь байдаг гэсэн ойлголтыг ч энэ нэр улам тодотгож, хүмүүсийн чихэнд уяж чадсан юм.

Харин одоо байдал эсрэгээрээ эргэжээ. “Волксваген дэлхийн эдийн засагт Грекээс ч илүү хохирол учруулах нь” хэмээн “Ройтерс” мэдээлж байна. Болоод байгаа зүйлийг нуршиж давтахаасаа өмнө түүх хэрхэн,эхэлсэн тухай дурдъя.

Удаан хугацаанд хэрэглэгчдээ мэхэлж, хорт утаа ялгаруулдаг автомашинаар хангаж байснаа одоо л энэ компанийн удирдлага хүлээн зөвшөөрч байна. Эндээс л түүх эхэлж, бодит байдалтай нүүр тулсан юм.

Герман л бол хамгийн чанартай нь байдаг гэсэн ойлголтыг ч энэ нэр улам тодотгож, хүмүүсийн чихэнд уяж чадсан юм.

Тэгвэл одоо энэ фирмийн үүсгэсэн маргаан Германы эдийн засаг, бизнес, улс төрийн тогтвортой байдалд заналхийлж, улмаар Европын томоос том эдийн засгийг дэгээдэж мэдэх шалтгаан болоод байна. Учир нь энэ бол булангийн жижиг засварын төв биш. Германы автомашины хамгийн том үйлдвэрлэгч, бас ажил олгогч байгууллага. Зөвхөн эх оронд нь л гэхэд 270 мянга гаруй ажиллах хүчинтэй.

Тус фирмийн гүйцэтгэх захирал Мартин Уинтеркорн өнгөрсөн Лхагва гарагт огцорч, автомашины утаа ялгаруулалтын талаар худал мэдээлэл тарааж байсандаа хариуцлагаа хүлээсэн хэрэг болов. Үүний дараа эдийн засагчид Европын эдийн засгийн эрүүл мэндэд хэрхэн хор нөлөө учирч болох талаар өөр өөрсдийн таамаглалаа дэвшүүлж байна.

“Бүх зүйл гэнэт л болсон. “Волксваген” Германы эдийн засгийг доош чангааж, Грекээс ч илүү хохирол учруулж мэдэхээр байна. Ирэх саруудад энэ компанийн худалдаа Хойд Америкт буурвал зөвхөн энэ фирмд нөлөөлөөд зогсохгүй бүхэл бүтэн Германы эдийн засагт цохилт болно” гэж ING-ийн ахлах эдийн засагч Карстен Брзески “Ройтерс”-т ярьжээ.

Өнгөрсөн жил энэ компани зөвхөн АНУ-д 600 мянган автомашин худалдаалсан нь дэлхий нийтэд 9.5 сая автомашин борлуулсны дөнгөж зургаан хувь нь байв.

АНУ-ын Байгаль орчны хамгаалалтын агентлагийн мэдээлж буйгаар тус компанид ногдуулах торгууль 18 тэрбум ам.доллар, түүнээс ч давж магадгүй аж. Үүнээс гадна энэ маргаанаас болж цаашид томоохон албан тушаалтнуудаа хүртэл цомхотгоход хүрэх учраас тэдний алдагдал, оногдох шийтгэл нийлээд 21 тэрбум евро буюу 24 тэрбум ам.доллар давахад гайхах зүйл алга.

Маргаан үүгээр намжихгүй. Яагаад гэвэл Германы автомашин үйлдвэрлэгч бусад фирм болох “Дэймлер”, “БМВ” зэрэг фирмүүд “Волксваген”-ий уналтад чирэгдэх аюул хүлээж байна.

Яг энэ үед Германы Засгийн газар ’’Волксваген”- ийн үүсгэсэн хямрал гүнзгийрч байгаа ч энэ үед манай улсын эдийн засгийн тулгуур багана нь  авто үйлдвэрлэл хэвээр байна. Энэ салбар бол өндөр санаачилга, шинэ зүйлсийг бий болгож, олон ажлын байр бэлтгэснийг онцлох хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Гэвч шинжээчид өөр байр суурьтай байна. Энэ онд Берлиний эдийн засаг 1.8 хувиар өснө гэсэн хүлээлттэй байгаа бол үүсээд буй асуудал энэ тоог доош чангааж мэдэх юм. Учир нь А.Меркелийн удирдсан энэ улс Хятадын эдийн засгийн уналтын нөлөөнд хэдийнэ орчихсон байгаа билээ.

“Автомашины худалдаа буурвал нийлүүлэгчид болоод бүхэл эдийн засагт сөргөөр нөлөөднө” гэж Берлинд төвтэй DIW төвийн үйлдвэрлэлийн шинжээч Мартин Горнг хэлэв.

Өнгөрсөн онд Германы автомашины салбарт 775 мянган хүн ажилласан гэсэн судалгаа байна. Энэ бол нийт ажиллах хүчний дөнгөж хоёрхон хувьтай тэнцэж байна. Нэмж мэдээлэхэд, автомашин болоод түүний сэлбэг нь Германы экспортын хамгийн гол бараа бөгөөд энэ салбарын борлуулалт өнгөрсөн онд 200 тэрбум евро буюу 225 тэрбум ам.доллараар хэмжигдэж байлаа.

Энэ бол шалихгүй зүйл биш. Германы эдийн засгийн хамгийн гол цэгт цохилт ирчихээд байна” хэмээн Германы IW эдийн засгийн хүрээлэнгийн тэргүүн Майкл Гютер хэлжээ.

А.Меркел: БҮХ ЗҮЙЛ ИЛ ТОД БАЙХ ЁСТОЙ

Энэ компанийн асуудалд Засгийн газар нь ч ихээхэн санаа зовниж буйн илрэл нь бас харагдаж байна. Учир нь Германы Канцлер А.Меркел өнгөрсөн Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “Волксваген”-ий талаарх бүх асуудал ил тод байгаа хэмээн мэдэгджээ. “Одоо бид хүнд нөхцөлд байна. Тиймээс бүх зүйлийг ил тод байлгаж, асуудлыг цэгцлэх ёстой” гэж тэрээр мэдэгдсэн байна.

“ГЕРМАНД ҮЙЛДВЭРЛЭВ”

Энэ бол брэнд нэр байв. Тэгэхээр одоо энэ нэрний утга учир өөрчлөгдөх үү. Герман л бол сайн гэсэн хүлээлт талаар өнгөрөх үү. Энэ талаар хүмүүсийн байр суурь ямар байгаа бол. “Миний бодлоор Германы автомашины үйлдвэрлэл хэцүү байдалд огт ороогүй. Ганц компаниас болж эдийн засаг сүйрнэ гэж байхгүй шүү дээ” гэж “Коммерс банк”-ны ахлах эдийн засагч Жорж Краемер ярьжээ.

Энэ зуур Германы BGA худалдааны холбооноос олон нийтэд хандан Герман чанарт огт эргэлзэх хэрэггүй хэмээн ятгалга хийж байна. “Германд үйлдвэрлэв” гэсэн шошгоны чанарт огт эргэлзэх хэрэггүй” гэж тус холбооны менежмент эрхэлсэн захирал Андре Шварц ярьжээ.

“ВОЛКСВАГЕН”-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ 32 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТЭТГЭВЭР АВНА

“Волксваген” компанийн ерөнхийлөгч Мартин Уинтеркорн өнгөрсөн Лхагва гарагт суудлаасаа огцорсон билээ.

Тэрбээр үүнийхээ дараа 32 сая ам.долларын тэтгэвэр авахаар болж байна. 68 настай тэрбээр огцрох үедээ хийсэн мэдэгдэлдээ “Компанийн хувьд ийм хууран мэхлэлт хийж байсандаа үнэхээр их харамсаж байна” гэдгээ мэдэгдсэн юм.

Харин өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын албаны хүмүүс энэхүү автомашин үйлдвэрлэгч компани нь дизел хөдөлгүүртэй автомашины утаа ялгаруулах тестийг 2009 оноос хойш хуурсаар ирсэн хэмээжээ. 

ЖИНХЭНЭ ШОК

Энэ долоо хоногийн эхнээс эхэлсэн маргааны улмаас “Волксваген”-ы хувьцааны ханш 30 хувиар унажээ. Бас хөрөнгө оруулагчид ч эргэлзээ нь улам ихэсч байна.

“Энэ бол жинхэнэ шок байсан. Бид урт хугацаанд хувьцаа эзэмшсээр ирсэн. Энэ компанид хамаг найдлагаа тавьсаар ирсэн” гэж VW-ийн томоохон есөн хөрөнгө оруулагчийн нэг, АХА хөрөнгө оруулалтын сангийн менежер Жиллс Гуибаут ярьжээ.

Ийн стандарт журмыг хамгийн сайн мөрдөж, хяналт шалгалтаа дээд зэргээр тавьдаг Америкт ийм автомашин экспортолдог байжээ. Харин Монголд орж ирж байгаа автомашинуудад ямар “но” байдаг бол?!

 

Зураг