Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Санчир гаригийн саран дээр ус байгааг илрүүллээ, харин амьдрал…

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Арав гаруй жил судалсны эцэст NASA-гийн судлаачид Санчир гаригийн гуйвамтгай, мөстсөн дагуул Энселадус дээр асар том далай байгааг баталлаа.

2008 онд NASA-гийн Кассини хөлөг Санчирын орбитыг дайрч өнгөрөхдөө Энселадус дагуул дээр халуун рашаан шиг зүйл оргилж байгаа зургийг авсан юм.

Энэ нээлтийн дараа Энселадус нь биологийн идэвхжилд хэрэгтэй дулаан, ус, органик нэгдлүүдийг хадгалж байж болзошгүй гэсэн таамаг бий болсон.

Харин шингэн төлөвт байгаа ус илрүүлж чадвал энэ бүхэн батлагдах байв.

Үүнээс долоон жилийн дараа буюу өнөөдөр эрдэмтэд Энселадусын гадарга бүхэлдээ мөсөөр хучигдсан асар том далай болохыг тогтоожээ.

Энселадус нь төгс бөмбөлөг хэлбэртэй биш. Тиймээс тэр орбитынхоо нэг хэсэгт илүү хурдтай эргэлдэж нөгөө хэсэгт нь удааширдаг.

Үүнээс болоод Энселадус Санчирыг тойрохдоо холдож ойртон гуйвдаг байна. Энэ гуйвалтыг нарийн тооцоолсны дараа Энселадусын дотоод бүтцийг компьютер загварчлалын аргаар гаргасны үндсэн дээр усаар бүрхэгдсэнийг илрүүлсэн байна.

Энселадусыг мөстсөн гадаргатайг 2005 онд тогтоож байсан бол 2014 онд тодорхой хэмжээнд далай байгааг илрүүлж харин өнөөдөр энэ нь бүх гадаргыг нь бүрхсэн, мөн нэг хэсэгтээ халуун (hydrothermal process) ус оргилж байдгийг нээлээ.

Энселадусын далай дагуулын цөмөөсөө эхлэн хөлдөөгүй байгаагийн нууцыг Санчирын татах хүчтэй холбоотой халалт үүсдэг байж болзошгүй хэмээн тайлбарлаж байна.

Энэ нээлт NASA-гийн харь гаригт амьдрал хайх эрэлд том үйл явдал болж байгаа юм.

Кассини хөлөг энэ оны аравдугаар сарын 28-нд Энселадусд ойрхон нисч өнгөрөх ба энэ үед дэлгэрэнгүй зураг авахаар төлөвлөжээ.

Энселадус бол 250км орчим радиустай, Санчирын зургаа дахь том дагуул юм.

 

Эх сурвалж: Techinsider