Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав

open.parliament.mn
2015 оны 8 сарын 31
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны есдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 89 дүгээр тоот захирамжийг үндэслэн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсад зохион байгуулах ажлын бэлтгэл ханган ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр намрын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар хуралдлаа.

Тус хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон Ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газар, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох яам, газрын албаны хүмүүс багтсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.