Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улс Сирийн дүрвэгсдэд том боломж олголоо

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн долоо хоногт Сирийн дүрвэгсдийг Германд үлдэж, орогнол хүсэх боломж олгосон шийдвэр гаргалаа.

Уг нь тэднийг тэр дор нь ирсэн газар руу нь буцаадаг журамтай байсан. Ийнхүү хувь заяа нь тодорхойгүй байсан мянга мянган Сирийн дүрвэгчид Германд төвхнөх боломж нээгдэж байна.

Дүрвэгсдийн хөлд нэрвэгдээд байгаа Европын талаар энэ сарын эхэнд Меркель мэдэгдэхдээ “Грекийн өрийн хямралаас ч том сорилттой тулгараад байна” гэсэн юм.

Харин тэр одоо энэ хямралыг хэрхэн шийдэх талаар Европт үлгэр жишээ үзүүлэхээр шийджээ.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар Германд ирсэн дүрвэгсдийг Европын холбоонд анх нэвтэрсэн улс руу нь буцаана. Энэ тохиолдолд ихэвчлэн Итали, Грек руу буцаах ба ингэснээр эдгээр улсуудад маш их зардал, чирэгдэл авчирч байгаа юм.

Тэгвэл Итали, Грект учирч байгаа энэ том ачаанаас Герман хуваалцахаар болж байна.

Энэхүү тэгш бус байдлаас болоод Италийн ерөнхий сайд Маттео Рензи өнгөрсөн зургаадугаар сард мэдэгдэл хийж, хэрвээ бусад улсууд дүрвэгсдийн ачаанаас үүрэлцэхгүй бол бүх дүрвэгчдэд виз олгон Европ даяар тарах боломж олгоно хэмээн “сүрдүүлж” байсан юм. Хойд Африк, Ойрхи Дорнодын бүх дүрвэгч Газар дундын тэнгисийг гатлан Европт хүрэхэд хамгийн эхний буудаллах цэг нь Итали болон Грек улсууд болж байгаа.

Германы энэ зоригтой алхам хүний эрхийг дээдэлсэн том үлгэр жишээ болж байна. Одоо Европын бусад улсууд дагах эсэхийг харах үлдлээ.

 

Эх сурвалж: VOX.com