Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг 5,000 орчим иргэн үзэх хүсэлт гаргасан гэв

Г.Номин, iKon.mn
2015 оны 8 сарын 31
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтээ 5,000 орчим иргэн илэрхийлээд байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235-д төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоогүй шүүх хурлыг нээлттэй явуулна гэж заасан байдаг. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа багц хуулиудын хүрээнд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй иргэдэд хүргэх ажлууд явагдаж байгаа. Түүний дагуу одоо шүүх хурлыг иргэд нээлттэй танхимаас шууд хүлээн авах боломжтой болоод байна. 

5,000 орчим иргэн шүүхийн нээлттэй танхимд багтахгүй учраас  шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах хүсэлт гаргаж  ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт хүсэлтээ хүргүүлээд байгаа. Шүүх хурлыг шууд дамжуулах бэлтгэл хангах боломжит хугацааг харгалзан үзэж хариуг өнөөдрийн дотор ирүүлнэ үү хэмээн хүсэлтээ гаргасан. Өнөөдөртөө багтаж хариу өгнө байх гэж найдаж байна.

АТГ-ын зүгээс  анхнаасаа Л.Гансүх гэдэг хүн 3.6 тэрбум төгрөг завшсан гэсэн ойлголтыг нийгэмд өгсөн.

Түүнчлэн АТГ-ын зүгээс  анхнаасаа Л.Гансүх гэдэг хүн 3.6 тэрбум төгрөг завшсан гэсэн ойлголтыг нийгэмд өгсөн. Төрийн байгууллага, төр хэлж байгаа учраас Л.Гансүхийг мөнгө идсэн гэх ойлголт нийгэмд тархаад байна. Тийм учраас энэ шүүх хурлыг нээлттэй явуулж АТГ, Прокурор хуулийн дагуу ажилласан юм уу, ямар үйлдлийг гэмт хэрэг болгоод байгаа юм, хохирогч нь хэн юм, шинжээчийн дүгнэлт хэрхэн гарсан бэ, гэрчүүд худал мэдүүлэг өгсөн үү, АТГ-т дарамтлуулж мэдүүлэг өгсөн үү, үгүй юу гээд энэ бүх асуултын хариуг иргэдийн өмнө хэлэлцэхийг тулд шүүх нээлттэй явуулах ёстой” хэмээн ярилаа.

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал нөгөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 
Уг шүүх хурал  хоёр удаа хойшлоод байгаа. Эхний удаад Улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” компанийн удирдлагууд болон шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьснаар хойшилж, хоёр дахь удаад шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурал давхацсанаас хурлыг дахин хойшлуулсан юм.

Харин энэ удаад өмгөөлөгчийн зүгээс хойшлуулах шалтгаан байхгүй бөгөөд шүүх хурал болдгоороо болох байх хэмээн өмгөөлөгч Ц.Баасандорж хэлж байлаа.


Өмгөөлөгч Ц.Баасандоржийн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт хүргүүлсэн хүсэлт