Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сугалаа гурван саяар зарна

Н.Пунцагболд
2015 оны 8 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

Маргааш улс орон даяар сургууль, цэцэрлэг цуглах учиртай. За сургууль ч яахав, яаж ийж байгаад хэдэн сурагчдаа багтаагаад, хичээллэх л байх. Тэгвэл цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлнэ гэдэг эцэг, эхчүүдийн хувьд өмнөх жилүүдээс хэцүү байлаа. Уг нь энэ намар цөөнгүй цэцэрлэг ашиглалтад орсон.

Өнгөрсөн хавар ч гэсэн энд тэнд олон л цэцэрлэг нээлтээ хийж, салбар яамны болоод харьяа дүүргийнх нь удирдлагууд очоод, нээлтийг нь хийгээд, тууз хайчлаад байлаа.  Гэтэл энэ намар цэцэрлэгийн бүртгэл эхлэхэд өнөөх олон барилгууд хаашаа алга болчихов гэмээр л байна. 

Уг нь манай улс хүн амаа өсгөх бодлого барьж, төрөлтийг дэмжих ёстой. 

Эцэг, эхчүүд шөнөжин дугаарлаж хонож байж хүүхдээ цэцэрлэгт өгдөг байдал үргэлжилсэн. Өмнө нь нэг хонодог байсан байсан бол энэ жил хоёр, гурав хонох шахлаа. Сүүлдээ  зарим цэцэрлэгүүд сугалаа сугалуулж, аль азтай эцэг, эхийг шалгаруулж байх шиг. Учир нь хэн азтай байсан нь хүүхдээ цэцэрлэгт өгч, амьдарл ахуйгаа дээшлүүлж, ажил төрлөө хийх нь.

Харин азгүй нь гэртээ хүүхдээ хараад суух. Эсвэл цалингийнхаа талыг хувийн цэцэрлэгт өгч байж хүүхдээ явуулах. Үгүй бол гэртээ цоожлоод явах сонголт дээр л тулгарч очиж байгаа юм. Монгол Улс хоёр, гурван толгойгоосоо эхлээд гурав битгий хэл 30 сая хүнтэй улсыг ч нэг хэсэгтээ тэжээчих ордуудтай. Монголд юу л байна, баялаг байгаа. Гэтэл эцэг, эхчүүд сугалаагаар амьдралаа шийдэж байна. Яг үнэндээ цэцэрлэгт хүүхдээ өгөх сугалаа биш сайхан амьдрах уу, үгүй гэдгийг шийдэх л зүйл болж хувирлаа шүү дээ. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгчихөөд, санаа зовох зүйлгүй хоёр зэрэг ажиллавал нэг ч гэсэн айлын амьдрал дээшлээд л ирнэ. 

Гэр хороололд амьдардаг бол байртай болно. Нэг ч гэсэн утаа гаргаж байгаа яндан цөөрнө. Хэрвээ хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй бол олон асуудал үүснэ. Ганц хүн ажиллаад тухайн айл сүрхий өөдлөөд ирдэг юу л бол. Эсвэл хүүхдээ гэртээ цоожлоно. Цаашлаад гал түймрээс авахуулаад элдэв хэрэг гарна. Ийм л эрсдэл байгаа.

Гэтэл манай удирдлагууд даруйхан хэдэн цэцэрлэг бариад өгчихийн оронд авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөх, толгойг нь илэх хууль батлаад л сууж байна. Үгүй ээ бод доо, цаана чинь цахим хуудсаар “Хүүхэд цэцэрлэгт оруулах эрхтэй сугалаа гурван саяар зарна” гэсэн зар маягийн юм явж байна. Магадгүй манай төрийнхөн ард түмнээ яаж амьдруулж байгааг егөөдсөн наргиан ч байж болох. Эсвэл үнэн ч байж магадгүй. Үнэн байх магадлал их өндөр шүү.  Бид ийм л амьдарч байна.  Ердөө ганцхан зуны дотор цэцэрлэгт хүүхдээ оруулах ханш гурван сая болоод л өсчихлөө. 

Хэрвээ бид цэцэрлэг, сургуулиа яст мэлхийн хурдаар бариад байвал жилийн дараа үүнээс ч хэцүүдэж магадгүй нь. Уг нь манай улс хүн амаа өсгөх бодлого барьж, төрөлтийг дэмжих ёстой. Гэтэл хүүхэд төрүүлээд, хоёр нас хүртэл нь өсгөөд, цэцэрлэгт өгөх гэхээр л бөөн асуудал тулгараад байвал залуу гэр бүлүүд шантарна биз дээ.  

Нэг хэсэг хүн амын өсөлт хурдасч, төрөлт эрс нэмэгдсэн. Гэвч сүүлийн хэдэн жилд эрс буурч байна. Магадгүй цэцэрлэггүйтэй ч холбоотой байж болох юм. Тиймээс эрхэм түшээд, эрх баригчид, шийдвэр гаргагчид минь, ахиухан цэцэрлэг бариад өгөөч. Ядаж сугалаа сугалж, азаа үзээд баймааргүй байна. 

Зураг