Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Атар” талхны бөөний үнийг 1100 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэв

Г.Номин, iKon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN
 

Дотоодын зах зээлд гурил, гурилан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн өсөлтийг хязгаарлах, хомсдол үүсгэхгүй байх зорилтын дагуу ХХААЯ, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Талх чихэр” компанийн  хооронд нэг жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Энэхүү санамж бичигт ХХААЯ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан гурилын үйлдвэрт стандартын шаардлагад нийцсэн хүнсний улаанбуудайг тогтвортой нийлүүлэх, харин үйлдвэрлэгч “Талх чихэр” компани нь “Атар” талхны зах зээлийн бөөний худалдааны үнийг 1100 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тусгажээ.

Түүнчлэн үйлдвэрлэгчийн зүгээс “Атар” талхны үйлдвэрлэлийн талаарх болон зах зээлд нийлүүлсэн талхны үнэ, хэмжээний  талаарх мэдээллийг сар бүр нэгтгэн салбарын яамандаа мэдээлэх юм байна.

Энэ үеэр  “Талх чихэр” компанийн гүйцэтгэх захирал М.Базар-Ууган  “Манай компанийн зүгээс салбарын яамныхаа бодлого шийдвэрийг дэмжих мөн хэрэглэгчдийнхээ эрх ашиг, худалдан авах чадварыг  дээдэлсний үндсэн дээр түүнчлэн нөгөө талаас яамнаас манай үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох гурилыг  тогтвортой үнээр тээрэмдэж өгдөг гурилын үйлдвэрүүдэд чанартай буудайг нийлүүлэхээр тохиролцсоны үндсэн дээр “Атар” талхыг  1100 төгрөгөөс дээш үнээр борлуулахгүй байхаар хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа.  Талх үйлдвэрлэхэд гурилын чанар, цавуулаг маш  чухал бөгөөд цавуулгийн хэмжээ 28 хувиас дээш байх хэрэгтэй байдаг”  хэмээн ярилаа.