Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаатгалын комисс байгуулагдсаны 25 жилийн ой тохиов

ikon.mn
2015 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсанаас хойш эдүгээ 25 жил болж байна.

Улсын комисс байгуулагдсанаар хэлмэгдэгсдийг цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлэх төдийгүй хэлмэгдэгчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт тусламж дэмжлэг үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах зэрэг олон ажлыг зохион байгуулсаар байгаа.

Улсын комисс өнгөрсөн 25 жилийнхээ ажлыг дүгнэх, үйл ажиллагаагаа олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлах энэ хүрээнд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг есдүгээр сарын 10-нд тэмдэглэхээр төлөвлөж байна.

Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт нөхөн олговор олгох ажлын тухай мэдээллүүдийг цагаатгалын салбар комиссоос нэгтгэн авч дүгнэлт хийх гэнэ.

Хэлмэгдэгсдийн талаар намтарчилсан 18 цуврал ном, 100 орчим төрөлжсөн судалгааны ном, товхимол хэвлүүлээд байгаа аж.

Түүнчлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын удирдлага байгууллагынхаа 25 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд тус төвд ажиллаж байсан ажилтнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү уулзалтад тус судалгааны төвд ажиллаж байсан 30 орчим ажилтан уригдаж оролцжээ.

Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Логийн Цог энэ арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ, тус төвийнхэн өнгөрсөн хугацаанд асар хүнд ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд тэдний хүч чармайлт, оролцоогүйгээр цагаатгах ажлыг төсөөлөхийн аргагүй гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр, Судалгааны төв татан буугдсан ч улс төрийн хэлмэгдүүлэлт, хэлмэгдэгсдийг цагаатгах талаарх судалгааны ажил цаашид гэрээний үндсэн дээр хэвийн үргэлжилнэ гэдгээ мэдэгдлээ.

Тус төв нь цагаатгагдсан иргэдийн талаарх мэдээлэл бүхий 4 боть нийт 700 гаруй хэвлэлийн хуудас Улс төрийн хэлмэгдэгсдийн цагаан номын цуврал бүтээлийг хэвлэн гаргасны зэрэгцээ тэдгээрийг цахим хэлбэрээр нийтийн хүртээл болгоход анхаарч ажилласан байгаа аж.

Түүнээс гадна хэлмэгдэгсдийн талаар намтарчилсан 18 цуврал ном, 100 орчим төрөлжсөн судалгааны ном, товхимол хэвлүүлээд байгаа гэнэ.