Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

80 хувиас дээш гүйцэтгэлтэй төслүүдэд санхүүжилт олгохоор боллоо

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийж, 286 аж ахуйн нэгжид 176.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох болсон тухай хэллээ. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2015 оны долоодугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 282 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын 2008-2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаж, тухайн төсвийн жилд бүрэн санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий нийт 235 төсөл, арга хэмжээний ажлын санхүүжилтыг векселиэр баталгаажуулахаар шийдвэрлэсэн юм.

Үүний хэрэгжилтийг ийнхүү эхлүүлэхээр болжээ. 

Ингэснээр төр, Засгийн газрын захиалгаар гүйцэтгэл хийж байгаа компаниуд сэргэж, үүнийг дагаад царцаагдсан барилгуудын ажил эрчимжиж ирнэ. 

Дээрх тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд нийтдээ 235 төсөл, арга хэмжээг хянаж давхардсан тоогоор 286 аж ахуйн нэгжид 176.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох гэнэ

Ингэхдээ төсөл хөтөлбөр нь 80 хувиас дээш гүйцэтгэлтэй компаниудад санхүүжилтыг олгох болсон байна.

Тодруулбал, 

  • Монгол Улсын Их Хурлын 2015 оны долоодугаар тогтоолын 1.2-т заасан Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 44.03 тэрбум төгрөгийн нийт 100 төсөл, арга хэмжээний ажил,
  • Монгол Улсын төсвийн 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл 99.1 тэрбум төгрөгийн нийт 39 төсөл арга хэмжээний ажил,
  • Монгол Улсын Их Хурлын 2015 оны долоодугаар тогтоолын хавсралтаар батлагдсан векселиэр санхүүжүүлэх нийт 32.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дүн бүхий 96 төсөл, арга хэмжээний ажлыг хамруулан санхүүжилт өгөх нь.
ААН-үүд өндөр хүүгээс чөлөөлөгдөж, ажилчдынхаа цалинг тогтмол тавих нөхцөл бүрдэж ирэх юм.

Энэ онд векселиэр /өрийн бичиг/ баталгаажуулан төсөл, арга хэмжээний ажлыг санхүүжүүлсэн дүнг хүүгийн төлбөрийн хамт дараа онд улсын төсөвт тусгах замаар арилжааны банкуудад эргэн төлөх юм.

ВЕКСЕЛИЭР БАТАЛГААЖУУЛСАН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫГ МӨНГӨЖҮҮЛЭХ


Векселийн тухай хуулийн дагуу Сангийн яам арилжааны банкуудтай гэрээ байгуулж Монголбанкнаас үнэт цаас худалдан авч вексель бичин аж ахуйн нэгжүүдэд олгож улмаар аж ахуйн нэгжүүд холбогдох банкуудаар дамжуулах векселийг мөнгөжүүлэх юм. Ингэхдээ жилийн 5 хувийн хүүтэй байхаар тусгажээ.

Мөн, 

  • Зээлийн үлдэгдэл
  • Векселийг мөнгөжүүлэх чадавх зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн найман арилжааны банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэхээр сонгоод байна.

 

ВЕКСЕЛИЭР САНХҮҮЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН ХУВЬД:


Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын 2008-2015 оны төсвийн тухай хуулийн дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилт, Засгийн газар, гүйцэтгэгч компани, арилжааны банкууд хооронд үүссэн өр, авлагын асуудлыг шийдвэрлэж, бодит эдийн засаг, банк, санхүүгийн салбарыг дэмжсэнээр манай улсын санхүүгийн тогтвортой байдал, зээлжиж зэрэглэл зэрзг үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.