Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тосны салбарт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд газрын тосны хайгуулын “Богд IV” ба “Онги V” талбай дээр Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал Азиан петролеум корпорэйшн лимитэд” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн гэрээлэгчийн эрх, үүргийг “BG Mongolia holdings limited” компанид хэсэгчлэн шилжүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоол гарлаа.

Газрын тосны хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсаны дараа хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж BG, Chevron, Anadarko зэрэг дэлхийд томоохонд тооцогддог компаниудтай хамтран ажиллах яриа хэлэлцээг эхлүүлсний үр дүнд Их Британийн “BG Group’’-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд 2015 онд 13.6 сая ам.доллар, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1.4 сая ам.долларыг Засгийн газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2014, 2015 онуудад төлөх төлбөрт зарцуулах юм байна.

Мөн бусад ажил, үүргүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэмэлт 4.55 сая ам.долларын санхүүжилт хийхээр тохиролцжээ.

“BG Group” нь судлагдаагүй эрсдэл ихтэй газарт амжилттай хөрөнгө оруулалт хийдгээрээ туршлагатай бөгөөд сүүлийн 15 жилд томоохон хэмжээний 15 ордыг нээн илрүүлээд байгаа юм байна.