Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Модигийн гол зорилго төмөр зам биш уран байсан уу?

Б.Болор
2015 оны 5 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди энэ сарын 14-21-ний хооронд Азийн гурван улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

БНХАУ, Монгол, БНСУ-д хийсэн эдгээр айлчлалуудаас Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хийсэн айлчлал, гаргасан шийдвэр нь дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татлаа. Айлчлалын үеэр талууд 14 баримт бичигт гарын үсэг зурж, Энэтхэг улс манайд нэг тэрбум ам.долларын зээл өгөхөө мэдэгдсэн. 

Энэтхэг хэдийгээр эдийн засгийн багтаамжаараа дэлхийд эхний аравт эрэмбэлэгдэх ч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр сүүл мушгина.

Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар, Энэтхэгийн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2014 онд 1,626 ам.доллар /дэлхийд 147 дугаарт эрэмбэлэгдсэн/ байсан бол Монголынх 4,095 /дэлхийд 107 дугаарт/ байв. Тийм ч учраас Н.Модигийн мэдэгдэл Энэтхэгийн сөрөг хүчний улстөрчдийн олз болж хувирсан. Н.Моди зээл өгөх тухайгаа Улаанбаатарт хэлмэгц л Энэтхэгт хүчтэй шүүмжлэл өрнөж эхэлсэн байна.

Сөрөг хүчний удирдагч Шив Сена "Гуравхан сая хүнтэй Монголд нэг тэрбум ам.доллар зээлж байхын оронд өр ширэнд баригдсан Махарштра мужийн тариачдад тусалж болоогүй л юм байх даа.

Тариачид өр ширнээсээ болж амиа хорлоход хүрч байна шүү дээ” хэмээн орон нутгийн радиогоор ярьжээ. Үүнтэй төстэй мэдэгдлийг өөр олон улстөрчид хэлэх болсны дотор нэр нөлөө бүхий улстөрчид олон байгаа юм. Тэд “Банкууд, хувиараа мөнгө хүүлэгчдийн барьцаанд орсон тариачид төр засгаасаа тусламж хүссээр байхад Ерөнхий сайд нь өөр улсад зээл олголоо.

Энэтхэгийн Засгийн газраас тусламж авч чадсанаараа монголчууд Махараштрагийн тариачдаас аз золтой гэдгийг харуулахаас илүү Засгийн газар иргэдээ хэрхэн үздэгийг харуулж байх шиг” гэх зэргээр бичсэн байна.

Төр засаг нь цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болоход дэндүү анхаарснаас болж тариачид ургацгүй болж байгаа гэсэн ойлголт энэтхэгчүүдийн дунд түгээмэл байдаг бөгөөд үүний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой гэсэн бодолтой иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.

ОХУ ойрын 20 жилд багтааж Энэтхэгт 12 цөмийн цахилгаан станц барьж өгөх ёстой. 

Үүнээс гадна Энэтхэгийн үндэсний мөнгөн тэмдэгт болох рупигийн ханш ам.долларын эсрэг суларсаар байгаа явдал “Тэрбумаар хэмжигдэх валютыг гадагш нь гаргалаа” гэсэн шүүмжлэл дагуулах нь аргагүй юм. Тэрбум ам.доллар Энэтхэгт хэр үнэ цэнэтэй мөнгө болохыг нуршаад байгаагийн учир нь тус улсын Монгол дахь ашиг сонирхол нь хэр том бэ гэдгийг тодруулахын тулд юм.

Нарендра Моди Монголд албан ёсны айлчлал хийсэн анхны Ерөнхий сайд болж түүхэнд үлдсэн ч үүнээс өмнө ийм төвшний айлчлал явагдахаар яригдаж байгаад цуцлагдаж байсан түүхтэй юм. Тухайлбал, Ерөнхий сайд Монмахон Сингх 2006, 2007 онд Монголд айлчлахаар төлөвлөж байсан ч ажил хэрэг болж чадаагүй байдаг.

Гэхдээ Ерөнхийлөгч Пратибха Патил 2011 онд албан ёсны айлчлал хийсэн билээ. Тухайн үед Энэтхэгийн сонирхол нь Монголын уран байсан. Одоо ч хэвээрээ. Гэхдээ цар хүрээ нь илүү өргөжсөн. Монгол Улс энхийн зорилгоор уран нийлүүлэх гэрээг 2009 оны есдүгээр сард байгуулсан ч дотоод асуудлаа шийдэж чадаагүйгээс болоод /ордуудаа ашиглалтад оруулж чадаагүй/ өдийг хүртэл нэг ч кг уран зарж чадаагүй байгаа юм.

Тиймээс Н.Модигийн айлчлалын гол зорилгыг уран байсан гэж дүгнэх шинжээч олон байна. “Хан ресурс”-тай үүсгэсэн маргаан эцэслэгдсэнээр монголчууд ураны төслөө хөдөлгөх боломж бүрдээд байгаа. Монгол-ОХУ-ын хамтарсан компани Дорнодын орд дээр үйл ажиллагаа явуулах тохиролцоонд хүрч компаниа ч байгуулаад амжсан.

Харин ОХУ ойрын 20 жилд багтааж Энэтхэгт 12 цөмийн цахилгаан станц барьж өгөх ёстой. Тиймээс заавал Монгол, Оросын хамтарсан компаниас уран авч байснаас голомт дээр нь ирээд хамтарч ажилласан нь дээр гэж үзсэн байж ч болох үндэстэй.

Гадны шинжээчдийн бичсэнээр, Н.Модигийн энэ удаагийн айлчлалын зорилгыг Монголоос уран худалдаж авах хугацааг аль болох наашлуулах явдал байсан. Энэ үнэн бол Энэтхэг, Монголын хооронд ураны хайгуул, ашиглалтын чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байх учиртай.

Н.Модигийн айлчлалын бас нэг зорилго нь БНХАУ байсан гэсэн санааг илэрхийлэх шинжээчид бас байна. Тэдний үзэж байгаагаар, Энэтхэг Улс уран худалдаж авах боломжтой олон улстай түншийн харилцаатай учир Монголыг царайчлах шаардлагагүй гэнэ. Мөн түүнчлэн, Монголын гуравдагч хөршийн бодлого нь хэвээрээ ч далай алгасахаа больж, тив дотроо эргэлдэх болсны шинж гэсэн байна.

Монгол бол далайд гарцгүй орнууд дотроо газар нутгийн хэмжээгээр Казахстаны дараа хоёрдугаарт ордог том улс. Гэвч эдийн засаг нь БНХАУ, ОХУ-аас мах их хамааралтай. Энэ нь БНХАУ-аас болгоомжлоход хүргэдэг. Энэтхэг харин Пакистанаас болгоомжилдог бөгөөд Пакистан-БНХАУ сүжирч байгааг түгшингүй ажиглаж байгаа. Тиймээс өөрийгөө хамгаалах хүсэл эрмэлзэл нь хоёр улсыг нэгтгэж байгаа гэсэн байна.

Н.Модигийн амласан зээл төмөр зам, дэд бүтэц байгуулахад зарцуулагдана гэж байгаа ч цаана нь илүү том эрх ашиг, хоёр улсыг ойртуулах том шалтгаан байгаа гэдгийг харуулж байгаа юм. Энэ бүхнийг орхилоо ч гэсэн Н.Моди алдаагүй гэдэг нь мэдээж. Монгол бол байгалийн баялгаараа дэлхийд гайхагдаж байгаа улс. Тиймээс итгээд, хөрөнгө оруулах нь алдагдал биш, ашиг хожоо л авчирна.

Манай мөнхийн хөрш болох БНХАУ 500 сая ам.долларын зээл амлаж байсан бол ОХУ-аас тэрбум 300 сая орчим ам.доллартай тэнцэх зээл авахаар ярьж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Олон улсын зах зээлээс бид 1.5 тэрбум ам.доллар босгосон. Хамгийн том зээлдүүлэгч Япон 600 сая ам.долларын бонд гаргаж, хоёр тэрбум иений зээлийн шугам нээж өгсөн.

Харин Ж.Неругаас өөр нэг ч Ерөнхий сайд нь анхаарал хандуулж сонирхдоггүй байсан болов уу гэмээр Энэтхэг Улс, Ерөнхий сайд нь ганц удаа ирээд л тэрбум ам.долларын зээл амалж байгаа нь цаашид хоёр улс олон зүйл дээр хамтарч, урт удаан хугацаанд холбоотон болно гэдгийг илтгэж байгаа юм.

Оюу толгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалт эхэлснээр Монголд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон. Энэтхэг тэрбумын хөрөнгө оруулна, Таван Толгой удахгүй ашиглалтад орно гэж тооцвол ойрын нэг жилдээ биш гэхэд цаашдаа эдийн засгийн хямралыг давчихна гэсэн өөдрөг төсөөлөл харагдаж байгаа юм.

Зураг