Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо

open.parliament.mn
2015 оны 5 сарын 22
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ бага орлоготой иргэдийн амьжиргааны түвшин буурах, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж буйгаас хүүхэд зөрчил, гэмт хэргийн золиос болсоор байгаа юм. 

Гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 22 хувь нь гэр бүлийн таагүй уур амьсгал, 42 хувь нь үе тэнгийнхэн, 18 хувь нь өөрөөсөө болж, 10 хувь нь сургууль дээрх таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэг үйлджээ.

Хүчингийн гэмт хэргийн 26.6 хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа бөгөөд хохирогчийн 60 хувь нь 5-18 хүртэлх насны охид байгаа аж.

Хүүхдэд холбогдох хэрэг зөрчлийг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн шүүгч хянан шийдвэрлэх, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хүүхдэд зөвхөн эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх зэрэг хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зарчмыг баримтлах юм байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсгээс, хүүхдийг хараа хяналтгүй орхих асуудлыг хатуу хуульчилвал хүн бүр хууль зөрчсөн болох гээд байгаа аж. Хуулийн төсөлд бага насны хүүхдээ цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар хүргэж өгөх, авах, эрх зүйн зарим болон бүрэн чадамжтай хүнгүйгээр үлдээхгүй байхаар тусгасан бөгөөд эрх зүйн зарим чадамжтай хүн буюу 14-өөс дээш насны ах, эгч нь бага насны дүү нараа харгалзаж болохоор тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, манай улсад 81 мянган эмэгтэй өрх толгойлж байна. Гэр бүлээ орхиод явсан аавуудын үйлдлийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдгийг онцолсон.