БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Мал эмнэлэг, хорио цээрийн газрын холбогдох мэргэжилтнүүд болон тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Phan Dang Duong нар энэ сарын 21-ний өдөр МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдтэй уулзлаа.
Гадны улс орнууд манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой бол МХЕГ-тай хамтран үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид хянан магадлагаа хийдэг.
Энэ дагуу БНСВУ-ын тал нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол фүүд”, “Хүн од”, “Траст трейд”, “Очир дагинас”, “Хүнс комплекс”, “Завхан хүнс”, “Мон тува”, “Эрдэнэт мах маркет” зэрэг 20 аж ахуйн нэгжид энэ сарыг дуустал хяналт үнэлгээ хийнэ.
Одоогоор манай “Преком”, “Эрдэмийт”, “Завхан хүнс”, “Монтува”, БНХАУ-д “Мах маркет”, “Монгол эко”, “Дархан фүүд мийт”, “Монтува”, “Хаан хүнс” компани ОХУ-д экспорт хийх эрхээ аваад байна. Мөн нэр бүхий 9 аж ахуйн нэгж БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрлөө өнгөрсөн сард авсан юм.
Өмнө нь МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзан гадны хяналтын байгууллагууд ямар шаардлага тавьдаг, түүнийг нь хэрхэн хангах, юунд анхаарах талаар зөвлөгөө өгсөн. Мэргэжлийн хяналтын байгууллага аж ахуйн нэгжүүдээ анхнаас нь дэмжиж мэргэжил, арга зүйгээр ханган, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Үүний дүнд манай улс өнгөрсөн онд ОХУ-д 2,217 тонн, БНХАУ-д 779 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ.