Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хэн юу хэлэв

Х.Сайхан
2015 оны 4 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ долоо хоногийн анхаарал татсан мэдэгдлүүдийг тоймлон хүргэж байна. 

Х.Тэмүүжин: Хуулийн байгууллага улстөрчдийн гар хөл болох нь газар авч байна 

Авлигын хэрэгт сэжиглэгдэж, цагдан хоригдоод буй, “Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-ийн гүйцэтгэх асан Я.Батсуурь саяхан 461 дүгээр ангиас нээлттэй захидал бичсэн билээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хоригдож байгаа газар нь очиж Я.Батсуурьтай уулзаад ирсэн байна. Энэ талаараа ингэж ярьжээ. 

Ардчилсан улс оронд байх ёстой үнэт чанарууд гээгдчихлээ.

“Я.Батсуурь нэр бүхий хүмүүст, үндсэндээ намынхаа нөхдөд хандаж захидал бичсэн. Захидалдаа бизнес, улс төрийн бүлэглэлийн явцуу ашиг сонирхолтой захиалгын үр дүнд хуулийн байгууллагын хууль бус арга барилд хэлмэгдэж байна гэдгээ илэрхийлсэн байна лээ.  

Хүний эрхийг дээдэлсэн, хуулийн засаглалыг тогтоосон улс орныг бий болгохын төлөө хамтран ажиллаж байсан журмын нөхөр, намд өгсөн итгэл үнэм­шил, зорилго байна. Гэтэл тэнд хүний эрх, хууль ёс алга. 

Ардчилсан улс оронд байх ёстой үнэт чанарууд гээгдчихлээ. Энэ бүгдэд санаа тавьж, үүний төлөө санаа зовж ирсэн АН юу болов.

Жирийн иргэн байтугай журмын нөхөр чинь энэ махны машинд хэлмэгдээд байхад яагаад дуугүй байна вэ, намайг хамгаалаач ээ гэсэн мессежийг захидлаараа дамжуулж хүргэсэн байна гэж намын гишүүд үзсэн. Ямар ч байсан  захидал дотор дурдаагүй зүйлтэй очиж танилцах үүргийг бидэнд өгсний дагуу өчигдөр Цагдан хорих 461-р ангид очиж Я.Батсуурьтай уулзлаа. Уулзахдаа хуулийн байгууллагын шалгаж байгаа  хэргээс илүүтэй хүний эрх, хууль зөрчигдөж байгаад анхаарал хандуулсан. Уулзаж ярилцсан зүйлийн талаар бүлгийнхээ гишүүдэд эхлээд танилцуулж ярилцана. Одоогоор тэр хүний талаар нарийвчлан ярих боломжгүй байна. Хуульчийн нүдээр харахад засч сайжруулах зүйл их байна, хуулийн байгууллага улстөрчдийн гар хөл болох нь га­зар авч байна,  улс төр дэх зарим нэг бүлэглэлийн нөлөө хэмжээ хязгааргүй болсон нь харагд­лаа” хэмээжээ. 

С.Чинзориг: Төрийн албан хаагчийг хууль зөрчиж халаагүй

 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар “С.Чинзориг сайд яамныхаа удирдах албан тушаалтнуудыг хууль бусаар халж байна” гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Тэгвэл Хөдөлмөрийн сайд тэд­ний мэ­дэгдэлд хэвлэлээр дамжуулан доорх тайлбарыг өгсөн байна.  

“Би Л.Эрхэмбаяр даргын хэлсэн шиг ажлаа хийгээд явж байсан төрийн албан хаагчийг хууль бусаар халсан асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Намайг сайдаар томилогдоод ирэхэд манай Хөдөлмөрийн яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрынхан буюу нийслэл, аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар бүгд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ту­шаалтай байсан. 

Төрийн жинхэнэ албан хаагчдыг үзэл бодлоор нь ялгаварлан халсан тохиолдол байхгүй

Яагаад Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил хагасын хугацаанд үйл ажиллагаа явуулчихаад бүхэл бүтэн яамны удирдлагууд, газар, хэлтсийн дарга нар  түр орлон гүйцэтгэгч тушаалтай явсныг судлаад үзэхээр өмнөх сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хоорондын зөрчлөөс болсон юм билээ. Цаад агуулгаараа бол АН-ын дотоод зөрчлөөс болж, төрийн яам, харьяа газрын удирдлагууд түр орлон гүйцэтгэгч тушаалтай явж ирсэн гэсэн үг л дээ.

Төрийн албан хаагч, төрийн захиргааны төв байгууллагын үндсэн үүрэг нь хууль дээдлэх, хуулийг хэрэгжүүлэх, сахиулах. Үндсэн хуульд заасан энэ үүргээ биелүүлэх хүрээнд хууль бус томилгоотой явж ирсэн түр орлон гүйцэтгэгчдийг одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд, Засгийн газраас гаргасан түр орлон гүйцэтгэгчийг томилох журамд нийцүүлэн хуулийн дагуу болгох арга хэмжээ л авсан. Түүнээс биш Л.Эрхэмбаяр даргын хэлж байгаа шиг төрийн жинхэнэ албан хаагчдыг үзэл бодлоор нь ялгаварлан халсан тохиолдол байхгүй” гэсэн юм.

Ё.Отгонбаяр: Ямар үйлдэл нь эрүүдэн шүүх ангилалд ордгоо ч мэдэхгүй байцаагч байна

 

 

Хүний эрхийн үндэсний комиссын 2014 оны тайлан илтгэл олныг цочирдуулсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ асуудлыг хөнджээ. 

Тэрбээр “2014 оны арванхоёрдугаар сард Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцид нэгдэн орсон. Гэтэл өнгөрсөн онд Хүний эрхийн үндэсний комисст ирсэн гомдлуудтай танилцахад эрүүдэн шүүсэн байх магадлалтай 32 тохиолдол бүртгэгдчихээд байна. Энэ тохиолдлуудад арга хэмжээ аваагүй байна. 

Энэ нь дандаа мөрдөн байцаагч, прокурортой холбоотой байгаа юм. Тэгэхээр тэдний асуудлыг бүгдийг нь хэлэлцэхгүй болчихоод байна. Би нэг жишээ хэлье. Нэг  хүнийг гэмт хэрэгт сэжиглээд 19 хоног уурын зууханд хорьсон байгаа юм. Уг нь хүнийг хориход шүүхийн тогтоол байх ёстой. Мөн хорих газар нь тусдаа.

Гэ­тэл  уурын зууханд хорьж хэрэг хүлээлгэх гэж оролдсон байна. Тэгээд асуудал үүсэхээр нь хэргийг нь хэрэгсэхгүй болгохдоо тухайн хүнийг сайн дураараа уурын зууханд 19 хоног хоносон байна гэж тайлбарласан. Цаашлаад буу тулгаж хэрэг хүлээлгэсэн тохиолдол байна. “Чамайг гур­ван давхрын цонхоор шиднэ” гэж айлгаж байгаад хэрэг хүлээлгэсэн гэсэн гомдол ч байгаа юм. Ийм ноцтой зөрчил гараад байхад асуудлаа хэлэлцэж өгөх­гүй байна. 

Ямар үйлдэл нь эрүүдэн шүүх ангилалд ордгоо ч мэдэхгүй хуулийн байгууллагын ажилтан байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр УИХ хэлэлцээд Хүний Эрхийн Үндэсний Комиссын зөвлөмжийг нь тодорхой болгоод хуулиндаа тусгачихмаар байгаа юм” хэмээн өгүүлсэн байна. Одоо хэлэлцэгдэх гэж буй хуулинд гол яригдаж буй асуудал энэ юм. 2015 онд 2,000 хүнийг барьж, хорьсон. Түүний 45 хувийг оргон зугтаах магадлалтай гэдэг үүднээс хориод байсан. 

Маш олон тохиолдолд хүнийг урьдчилан хорьж залхаан шийтгэж байгаад хэргийг нь үүрүүлэх гэж буй оролдлого бүртгэгдсэн. Онц ноцтой гэмт хэрэг биш бол гадагш явах эрхийг нь хязгаарлахад л болох шүү дээ. Гэ­тэл тэр ч байтугай 29 хүнийг шүүхийн шийдвэргүй хорьсон байна. Өнөөдөр Хүний эрхийн байгууллагын ажилчид ч 461-р анги руу нь орж ажиллаж чадахгүй байна шүү дээ. Хүний эрхийн байгууллагад долоо хо­ногт 6-7 өргөдөл ирдэг. 

Түүнийх нь дагуу шалгахаар очиход оруулдаггүй. Энэ мэт хүний эрхийн зөрчил хэтрээд байна. Хуулийнхан хуулийг өөрийн­хөө дураар мушгин ашиглаж байна. Харин хуулийг мушгин ашигласан этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байна. Үүнтэй холбоотой нэг жишээ байна. Нэг хүнийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр эрүү үүсгээд түүнийг нь шалгаад хэрэгсэхгүй болгожээ. 

Хэрэг нь хэрэгсэхгүй болсоны дараа тухайн хүн хохирлоо барагдуулахаар хуулийн байгууллагад хандахад нь “Чи яасан их заргалддаг юм” гээд дахиад эрүү үүсгээд 11 жилийн ял өгөөд явуулчихсан. Ингэж хүний эрхэнд ноцтой халдаж байгаа учраас үүний араас  явахаас өөр арга байхгүй” гэв.

Ч.Улаан: Бүх зээлээ тооцоод явъя гэсэн санал оруулж байхад дэмжээгүй

 

 

Шийдлийн Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуульд эрчим хүч, төмөр замын салбарт авч байгаа зээлийг улсын өр гэж тооцохгүй байх тухай нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцүүлж байгаа билээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан дараах байр суурийг илэрхийлсэн юм. 

Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газар уул уурхай, эрчим хүч, төмөр замын салбарт хөрөнгө татдагаараа татаад, түүнийгээ улсын өр, зээлийн жагсаалтад бүртгээд явъя гэсэн санал оруулж байсан юм шүү.

Гэтэл дараа нь гарч ир­сэн Шийдлийн Засгийн газар хөрөнгө оруулалт, зээл авчихаад түүнийгээ тооцохгүй явъя гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Би энэ хуулийн төслийг дэмжихгүй” хэмээн өгүүлсэн юм. 

Б.Буядаа: Би допинг хэрэглээгүй, нэр төрөө сэргээлгэж олимпийн медалиа авна

Албан ёсны баримтад Монголчууд Зуны олимпийн наадамд оролцож эхэлснээс хойш 24 медаль хүртсэн гэж бий. Гэвч энэ тоо үнэндээ 25 бө­гөөд 1972 оны Мюнхений олимпийн жүдо бөхийн 63 кг-д МУГТ Б.Буядаа мөнгөн медаль хүртсэн ч допинг хэрэглэсэн гэдэг шалтгаанаар медалиа хураалгасан харамсалтай түүх байдаг юм. 

Тухайн үедээ түүнээс МУГТ цолыг нь хурааж авч, тэмцээн уралдаанд оролцох эр­хийг нь хасах зэргээр хэл­мэгдүүлж байжээ. Харин Б.Буядаа гавьяат хүмүүсийн тэр бүрий мэ­дэхгүй энэ асуудлын талаар саяхан хэвлэлд ярилцлага өгсөн байна. Түүндээ “Интернетэд миний талаар гурван янзаар бичихдээ хоёрдугаар байрыг эзэнгүйгээр, эзэнтэйгээр, хэнд ч олгоогүй гэж гурван янзаар бичсэн байна лээ. Харин надад “Олимпийн мөнгөн медаль олгов” гэсэн диплом Англи, Франц хэлээр эх хувиараа байгаа. 

Түүнчлэн “Допинг хэрэглээгүй” гэсэн шинжилгээ тус олимпийн дараахан гарсан ч би үнэн зөв хариуг нь авч ирээгүй юм. Нас залуу, сагсуу байсныг ч хэлэх үү, зөвхөн өөрөө чихээрээ сонсчихоод “Аан тийм үү” гээд л ирсэн. Германы нэгэн сонинд ОУОХ-ны дарга ярилцлага өгөхдөө “БНМАУ-ын тамирчин Б.Буянжаргалын шинжилгээнээс допинг илрээгүй” гэсэн бай­­сан. Ядахдаа би тэр сонинг ч авч ирээгүй. 

Тэднийг авч ирсэн бол том нотолгоо болохгүй юу. Биднийг ахалж явсан хүмүүс ч тийм ухаан сийлээгүй өнгөрсөн. Олон жил түмэнд гүтгэгдэж, чичлүүлж, доромжлуулж явлаа. Допинг хэрэглээгүй нь тогтоогдвол тамирчид медалиа буцааж авдаг. Өмнө нь учраа олохгүй, боломжгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Одоо би нэр төрөө сэргээлгэж медалиа авна аа. ОУОХ-нд өгсөн өгсөн шинжилгээнийхээ хариуг архиваас нь олчихвол болох байх” хэмээн өгүүлжээ.

Зураг