Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Алимыг аварцгаая

ikon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ алим алганд багтахаар жижиг биш ч бяцхан зүрхэндээ нандигнан хайрлаж чадвал, ургаж, төлжиж, цэцэглэнэ. Үргэлжлүүлээд үр хүүхдийг минь тэжээнэ, тэтгэнэ. Дуусашгүй шимтэй, дундаршгүй баялагтай энэ алимыг Дэлхий гэдэг юм.

Гариг од эрхсийн дундаас амьд ертөнцийг цогцлоож, хүн төрөлхтнийг тэтгэн амилуулсан Дэлхий хэмээх энэ гаригт хүн ард нь урьд цагт маш их хайртай байсан. Цаг хугацааны эрхээр Дэлхийд байгаа бүхэн энгийн санагдаж, түүний хэвлийг онгичиж, үнэ цэнэтэй бүхнийг нь ахиухан уутлан авах сувдаг сэтгэл хүмүүст бий болж, гамшиг эхэлсэн юм. 

Эх дэлхийд эмх замбараагүй байдал үүсэж, үйлдвэр, машины утаа, хорт бодис агаарт дэгдэж, энд тэндгүй сэндийлсэн газар үзэгдэнэ. Сагсайсан алимтай сайхан модны нэгэн алим ганцаархнаа өтөж, ялзарч, муудсан байна.  Сансар огторгуйн энэ олон гаригийг алимтай зүйрлэвэл, тэр дунд ганцхан алим  шаналж, зовж, тарчилж байгаа. Энэ бол дэлхий.

Өтөж муудаад, сүйрлийн ирмэгт ирсэн дэлхийгээ аврахаар  хорхой шавж, жигүүртэн шувууд, ан амьтан, хүн төрөлхтөн нэгдэж байгаа тухай өгүүлэх нэгэн тоглолт удахгүй Төмөр замын дуу бүжгийн чуулгад болно. “АЛИМ” нэртэй энэ хөтөлбөрийг циркийн найруулагч Ю.Гэрэлбаатар найруулжээ. 

Хүүхдэд урлагийн боловсрол олгохын зэрэгцээ байгаль эх дэлхийгээ хайрлан, хамгаалж, бусадтай нэгдэж, хамтран зүтгэж, сайн сайхныг цогцлоохын ач тусыг ойлгуулах энэ хөтөлбөрийг “Бяцхан Моцарт” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Баттуяа санаачилсан юм.

Тэрбээр сар гаруйхны өмнө “Петя чоно хоёр” симфони үлгэр тоглуулж, бяцхан үзэгчдийг сонгодог урлагт дурлуулж, олон төрлийн хөгжмийн зэмсэг таньдаг болгосон. Тэгвэл энэ удаа тэрбээр циркийн урлагийг хүүхдүүдэд танилцуулна.  

АЛИМ” хөтөлбөрт акробат, гимнастик, жонглёр, тэнцвэр, чанга утас гэсэн циркийн үндсэн таван төрлийг танилцуулах бөгөөд шувуудын дүрд агаарын гимнастикч, ажилчдын дүрд жонглёрчид, эрвээхийн дүрд цагаригаар наадагч, сармагчны дүрд акробатын жүжигчид хувирах юм. 

Циркийн урлагийг видео арттай хослуулсан энэ хөтөлбөрийн компьютер графикчаар Г.Түвшинбат ажиллаж буй. Хөтлөгч Т.Төрболд, Э.Чинзориг нар энэ тоглолтын үеэр ойн савдгийн дүрд хувилах юм билээ. 

“АЛИМ” хөтөлбөр 2015.05.01,  03, 04, 08, 09-нд Төмөр замын дуу бүжгийн чуулгад болно. Холбоо барих дугаар 88054552, 86061133 . Тасалбарын үнэ 7000 төгрөг. Сургууль, анги хамт олноороо захиалж үзвэл автобусаар үйлчилнэ.