Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхбат: МИАТ-ийн Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар хохирлоо бүрэн төлсөн

Б.Энхзаяа
2015 оны 4 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

-Улс төр, бизнесийн нэр нөлөөтэй 17 хүн хорих ял эдэлж байна-

Улсын ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбаттай ярилцлаа.

-Өдгөө улсын хэмжээнд хичнээн хүн ял эдэлж байна гэдгээр яриагаа эхлэх үү?

-Өнөөдрийн байдлаар хорих ангид 6,500 гаруй хүн ял эдэлж байна. Сард дунджаар хорих ялыг тэнссэн 5,300 гаруй хүн хяналтад байдаг. Нийт дүнгээр нь авч үзвэл прокурор жилд орсон гарсантай нийлсэн 23,000 хүний ял эдлэлтийн байдалд хяналт тавьж байна.
Прокурорын байгууллага жил бүр бодлогоо тодорхойлж, зорилт дэвшүүлж, үр дүнг тооцон ажиллаж байгаа.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд ял оногдуулсан шийтгэх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг ханган, ял завшуулахгүй байхад анхаарлаа хандуулж байна.

-Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг хэрхэн дэмжиж байна?

-Эрүүгийн хуульд заасан  ялын долоон төрлөөс дөрөв нь хорихоос өөр төрлийн ялд хамаардаг. Ерөнхийлөгчийн санаачлагаар 2011 онд болсон “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганаар хорихоос өөр төрлийн ялын биелэлт хангалтгүй байгааг жишээ баримтаар шүүмжилсэн. Тухайлбал, торгох ялын биелэлт дөрвөн хувь гэх мэт. Миний мэдэхийн 1990 оноос энэ үеийг хүртэл ялын хэрэгжилтийн талаар төрийн дээд хэмжээнд ингэж нээлттэй сануулж, цочоож байсан нь үгүй.

Тиймээс улсын Ерөнхий прокурор албан даалгавар гаргаж, прокурорын хяналтын заавар, аргачлалыг шинээр боловсруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон шүүхтэй хамтарч ажилласнаар сүүлийн гурван жилд торгох ялын биелэлт гэхэд тогтмол 70-80 хувь, эд хөрөнгө хураах ял 90 хувьд хүрсэн.

Энэ бол бидний хамтын хүч хөдөлмөрийн үр дүн юм. Цаашид энэ төвшинг барих, ялын биелэлтийн хувийг улам нэмэгдүүлэх нь чухал.

-Хүний эрхийн байгууллагаас түр саатуулах байр, хорих ангийн орчин нөхцөл  тааруу, цагдаа, шүүх, прокурорын байгууллагын албан хаагчдын үйл ажиллагаанаас болж яллагдагч, сэжигтнүүдийн эрх зөрчигдөж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд өгдөг. Эдгээрт хяналт тавих үүрэгтэй хүмүүс нь та бүхэн байх аа?

-Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллээс үзэхэд хорих ангийн нөхцөл хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хамаагүй сайжирсан.

Үүнийг ч өөрсдийн үйл ажиллагаатай холбож үздэг. Улсын төсвөөс сүүлийн жилүүдэд асар их хөрөнгө зарцуулсан.

Оны эхний мэдээллээс гадаадын 19 улсад манай 165 иргэн хорих ял эдэлж байна.

Гэхдээ төгс төгөлдөр болчихоогүй. Сайны хажуугаар саар байгааг хэлэх ёстой.

Прокурорын хяналт, шалгалтын хүрээнд өнгөрсөн онд  893 удаагийн шалгалтаар 1,958 зөрчил илрүүлсэн, хууль журам зөрчсөн 278 хүнд арга хэмжээ авахуулсан. Мөн 428 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн.

-Хорих ангид голдуу ямар төрлийн зөрчил гарч байна вэ?

-2014 онд хорих ангид 1,543 зөрчил, долоон гэмт хэрэг бүртгэгдсэн. Нийт зөрчлийн 62.7 хувь нь гар утасных. Эдгээр гэмт хэрэг зөрчлийг бууруулахад прокурорын хяналтаас гадна хорих анги, байгууллагын дотоод хяналтыг чангатгах, албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай байгааг хэлье.

-Олон улсын ялтан шилжүүлэх гэрээний дагуу гадаадын улс орноос эх орондоо шилжин ирсэн ялтнууд бий. Мөн манай улсад гадаадын хичнээн иргэн ял эдэлж байна?

Сүүлийн жил гаруйн хугацаанд Чехээс нэг, Казахстан Улсаас хоёр, БНХАУ-аас нэг нийт дөрвөн Монгол иргэн ялтан шилжүүлэхтэй холбоотой олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу эх орондоо ирж, хорих ангид  ялаа үргэлжлүүлэн эдэлж байна. Ялтан шилжүүлж авчрах ажиллагаа манай төрийн болон хуулийн байгууллагын уйгагүй хөөцөлдсөний  үр дүнд бүтсэн гэдгийг хэлмээр байна.

Оны эхний мэдээллээс гадаадын 19 улсад манай 165 иргэн хорих ял эдэлж байна. Дийлэнх нь Хятад, Солонгос, Орос улсад. Үйлдсэн гэмт хэргийн төрлөөс харахад хулгай, хар тамхи, хүн амь, танхай, хүчингийн гэмт хэрэг зонхилж байна. Харин манай улсад хорих ял эдэлж байгаа гадаадын 10 улсын 26 иргэн байгаа. Өнгөрсөн онд ОХУ-ын дөрөв, БНСУ-ын нэг ялтныг эх оронд нь шилжүүлсэн.

-Сүүлийн үед гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдүүд хорих газар эрүүл мэнд нь муудсан гэсэн мэдээлэл их гарах болсон. Манай хорих газрын орчин нөхцөл үнэхээр хүнд байна уу?

-Цоо эрүүл хүнийг хайж олоход хэцүү байх. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хорих байранд хоригдох хугацаанд эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарч байна.

Энэ мэдээллийг сонссон иргэд хорих ангийн нөхцөл хүнд байгаатай холбож ойлгож магадгүй. Тэгвэл би шуудхан хэлье.

Хорих анги болон цагдан хорих байрны нөхцөл, эмнэлэг үйлчилгээ шаардлагын төвшинд хүрсэн. 

Хорих анги болон цагдан хорих байрны нөхцөл, эмнэлэг үйлчилгээ шаардлагын төвшинд хүрсэн.

Өөрөөр хэлбэл хүнд биш. Эрүүл мэнд нь муудаж дордсон хүмүүсийн олонх нь “цагаан захтнууд” байна. Жирийн ардаас өөр тансаг нөхцөлд байсан хүмүүсийн амьдралын хэв маяг, орчин нь өөрчлөгдөхөөр сэтгэл зүйн нөлөөллөөс шалтгаалж хууч өвчин нь сэдэрдэг бололтой. Тэгэхээр хэрэгт холбогдон цагдан хоригдсон 1,000 гаруй хүний эрүүл мэнд муудвал юу болох вэ?

-Өвчний улмаас ялаас чөлөөлүүлэх хүсэлтэй иргэд холбогдох байгууллагуудад олноор хандах болсон нь нийгэмд илт байна. Харин ял хойшлуулах хүсэлт гаргах нэгэн цөөн байдаг тухай сонслоо. Үүнд ямар учир шалтгаан байна?

-Энэ бол хуулийн буруу зохицуулалттай холбоотой.

Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 332 дугаар зүйлийн 332.1.1 дэх хэсэгт “ялтан ялаа эдлэхэд саад болох хүнд өвчнөөр өвчилсөн бол эдгэртэл нь “шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болох эрхийг заасан ч мөн зүйлд “онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу санаатай гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон ялтны талаар гарсан тогтоол биелүүлэх явдлыг хойшлуулж болохгүй” гэж хаалт хийж өгсөн.

Гэтэл өвчнөөр хугацааны өмнө ял эдлэхээс чөлөөлөхөд хуулиар ямар нэг хаалт хязгаарлалт байхгүй. Иймээс ял эдэлж байгаа хүмүүс өвчний учир ял хойшлуулах биш харин чөлөөлөгдөхөөр тэмүүлдэг нь үнэн.

-Сүүлийн жилүүдэд манай улсад эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. Тодорхой хуулиуд гарсан, одоо боловсруулж байгаа ч хууль байна. Ял эдлүүлэх ажиллагаанд ахиц  дэвшилттэй хууль, эрх зүйн орчин ямар хэмжээнд байна вэ?

-Энэ чиглэлд анхаарах зүйл их бий. Хууль журмын заалт нь хоорондоо зөрчилдсөн, хэрэгжүүлэх боломжгүй, хоёрдмол утгатай, бодит амьдралд нийцээгүй, гадны улсаас хуулбарласан гээд яривал их юм бий.

Хууль тогтоомжийн зөрчилдөөн, хийдэгдэл, цоорхойг арилгахад прокурорууд анхаарч судалгаа хийж шинэ хуулийн төсөлд саналаа өгч, ажлын хэсэгт орж ажиллаж байна.Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

-“Миат” компанийн удирдлагууд ялаас чөлөөлөгдсөн мэдээлэл байна. Гэмт хэрэг хийсэн хүмүүс ял завшлаа, улсыг хохироолоо гэсэн хандлага цахим орчинд өрнөж байна. Тэд ямар шалтгаанаар чөлөөлөгдөв. Улсад учруулсан хохирлоо төлсөн үү?

-“Миат” компанийн удирдах албан тушаал хашиж байсан Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар хорих ялаас өвчний учир чөлөөгдсөн. Ялаас чөлөөлөгдсөн процесс хууль журмын дагуу явагдсан. Тэд улсад учруулсан хохирлоо төлчихсөн. Өвчний учир ялаас чөлөөлөх ажиллагаа дөрвөн үндсэн  хэсэгтэй. Хэсэг бүрд прокурор хяналт тавьдаг.

Эцэст нь шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр нь гардаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан тарьсан хүмүүсийг олон нийт илүүтэй анхаардаг. 2010-2014 онд өвчний улмаас ялаас 70 орчим хүнийг чөлөөлсөн. Тэд дотор ядарсан хүн ч олон бий. Зарим нь хорих ялаас чөлөөлөгдсөний дараа нас барсан.  Энэ дашрамд холбогдох журмыг шинэчлэн боловсруулах хуулийн байгууллагуудын ажлын хэсэг ажиллаж байгааг хэлье.

-Өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдож ял сонссон. Тухайлбал, хотын дарга асан Н.Батбаяр, татварын Ч.Гансүх, Ашигт малтмалын Д.Батхуяг нарыг нэрлэж болно. Тэдгээр хүмүүсийн ял эдлэх байр байдал ямар байгаа вэ. Ч.Гансүхийг сахарын өвчтэй, ял эдлэх боломжгүй талаар ар гэрийнхэн нь мэдээлж байсан?

-Хорих ангид одоогоор улс төр, бизнесийн нэр нөлөөтэй 17 хүн ял эдэлж байна. Тэд бусдын адил нөхцөлд байгаа.

Хорих ангийн даргын тушаалаар баталсан хөдөлмөрийн хуваарийн дагуу аж ахуй үйлчилгээнд сахиул, тогооч болон бусад ажлыг хийж байна. Эрүүл мэндийн хувьд эмнэлгийн үйлчилгээг тухай бүр авч байгаа. Бусад ялтнуудаас давуу эрх эдэлсэн зүйл байхгүй.

-Өнгөрсөн хоёрдугаар сард хүмүүжигч тээврийн хэрэгсэл жолоодож байгаад хүн дайрч, амь насыг нь хохироогоод зугтаасан хэрэг гарсан. Энэ хэрэгт хяналт тавьж байгаа юу?

-Ийм гэмт хэрэг гарсан. Одоо мөрдөн байцаах ажиллагаанд байна.Хууль журмаар бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй ялтнуудыг шаардлага хангасан нөхцөлд ангийн даргын тушаалаар жолоочоор ажиллуулж болдог. Бид энэ асуудлыг тусгайлан судалж үзсэн.

Улсын хэмжээнд хорих ангиудад нийт 40 гаруй ялтан машин барьж байна. Үүнээс 16 нь албан хаагчдыг зөөвөрлөх, хуяглан хүргэх зэрэг үйлчилгээний автомашины жолооч. Албан хаагчдын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг бодсон ч жолоочоор ялтан ажиллуулах нь туйлын зохимжгүй юм. Энэ талаар шаардлага тавьж, холбогдох арга хэмжээ авна.

 

Зураг