Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийг солонгоруулах нэг өнгө нь Казино байх уу?

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад казино байгуулах яриа байсхийгээд сонсогддог ч хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Харин энэ удаад Шинэчлэлийн Засгийн газрын санаачилсан найман бүлэг, 25 зүйлтэй Казиногийн тухай хууль батлагдах магадлал өндөр байна. Учир нь өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар тус хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад 39 гишүүний 32 нь буюу 82.1 хувь нь зөвшөөрч Хууль зүйн Байнгын хороонд буцаагаад буй. Энэ хуульд хоёр казино байгуулах санал явж байгаа.

Манай улсын эдийн засаг ганцхан уул, уурхайгаасаа бүрэн хамааралтай. Үүний горыг бид амсахаараа нэг болж байна. Тиймээс эдийн засгийн бүтцээ нэмж, солонгоруулах шаардлагатай гэдгийг дээр, дооргүй ярьж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл эдийн засгийн солонгын нэг өнгө нь Казино байгуулах явдал гэж Шинэчлэлийн Засгийн газар үзжээ. Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед Казиногийн хууль “амь тариа” болно гэж харж байгаа бололтой.

Учир нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, төсөвт орлогын эх үүсвэр бүрдүүлэхэд казино нөлөөлнө хэмээн эдийн засгийн ач холбогдол талаас нь түлхүү тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, казиногоос татвараар дамжин жилдээ 74-138 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө. Мөн 2020 он гэхэд ДНБ-ий 14 орчим хувийг казиногоос бүрдүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэсэн өөдрөг төсөөлөл байна.

Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д эрэмбэлэгддэг. 2013 онд Монгол Улсад 417 мянга гаруй жуулчин ирж, энэ салбарын орлого 263 сая ам.долларт хүрснээр дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлжээ. Аялал, жуулчлалаас орж ирдэг орлого, жуулчдын тоог нэмэх хамгийн зөв шийдэл нь казино байгуулах гэж хууль санаачлагчид хэлж байгаа юм.

Казино байгуулах нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хэдий ч хар тамхи, хүний наймаа, биеэ үнэлэлт гээд маш олон хар зүйлийг дагуулж байдаг. Хэрвээ муу хууль батлан, хэрэгжүүлж эхэлвэл цөөн хүн амтай манай улсын үндэсний аюулгүй байдал алдагдах хүртэл аюултай. Насанд хүрээгүй охид биеэ үнэлж, хар тамхи  худалдаалсан, хэрэглэсэн  тохиолдол жилээр бус сараар нэмэгдэж байгаа энэ үед казино байгуулах нь даарин дээр давс нэмсэнтэй адил юм болохыг байг гэх газаргүй. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй охид биеэ үнэлэх, хар тамхи  худалдаалах, хэрэглэх гэх мэт  гэмт хэрэг илүү урган төлжих хөрс сууринд бэлээхэн “бордоо” болж өгөх магадлал бий.   

Харин асуудал хариуцсан салбарын сайд Д.Оюунхорол “Казиногийн хуулийг өмнөх Засгийн газрын үед боловсруулж, одоогийн засгийн үед УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байна. Энэ хуулийн төслийг бусад улсын энэ төрлийн хуулийн төсөлтэй харьцуулж судалсан. Казиногийн 85 хувь нь үйлчилгээ 15 хувь нь тоглоомын чиглэлээр байгуулагдана. Үүнийг дагаад маш их ажлын байр нэмэгдэнэ. Мөн татвар ч нэмэгдэх юм. Бүх улс оронд казиногийн үйл ажиллагаанаас орох орлого нь маш том хяналтанд явагддаг юм байна. Тиймээс энэ загвараар орж ирсэн. Хаана байгуулах вэ гэдгээ одоогоор тогтоогүй. Казино маш өндөр харуул хамгаалалтын дор үйл ажиллагаа явуулдаг учраас гэмт хэрэг гарах магдлал бага” гэж УИХ-ын чуулганы үеэр хэлсэн.

Тус хуульд орсон сонирхолтой заалтуудаас дурдвал:

  1. Казино байгуулах хүсэлтэй аж ахуйн нэгж 35 тэрбум төгрөгийн татвар төлнө.
     
  2. Үйл ажиллагаа явуулах 10 жилийн зөвшөөрөл олгоно.
     
  3. 21 нас хүрээгүй болон Монгол хүн тоглохгүй.
     
  4. Казиногийн үйл ажиллагааг зохицуулах хороотой байна.

Тус хороо нь казиногийн үйл ажиллагааг зохицуулах, хянах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч  төрийн захиргааны байгууллага байна. Казинотой холбоотой бүх асуудалд хяналт тавихаас гадна тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх эрхтэй. Мөн үйл ажиллагаагаа жил бүр Засгийн газарт тайлагнана. Казиногийн тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдах, бэлэглэхийг хориглоно. Мөн казиногийн үйл ажиллагаа явуулах хоёр байршлыг тогтоож, тогтоосон байршилд хоёр аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгоно гэх мэт зүйл заалт орсон.

Казиногийн тухай хуулийг зарим гишүүн эсэргүүцэж, казино байгуулах нь эдийн засгийг солонгоруулахад хар өнгө болно. Хар өнгөтэй солонго байдаггүй гэх шүүмжлэл хэлээд байгаа.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнгөрсөн долоо хоногийн чуулганы үеэр “Казиногийн талаар хүмүүс дандаа сөрөг зүйл ярилаа гэж байна. Би бол эхлээд сөрөг зүйлийг нь ярих ёстой гэж бодож байгаа. Бид хэдэн банкаа тавиад туучихсан билээ. Манай хууль хяналтын систем, шүүх, прокурор шударга байсан бол би үүнийг 100 хувь дэмжмээр байгаа юм. Хэчнээн татвар төлөгчид, улсын мөнгийг казинод тавиад явуулсан билээ дээ. Хэчнээн улстөрчид, хэчнээн банкны ажилтнууд хэрэг, төвөгт орж байсан билээ. Хуулийн хариуцлага хүлээлгэлээ гээд тухайн үедээ нэг л сүржин яриад байсан. Хэдхэн жил болоод л тэр казино, банкнаас луйвардсан мөнгөөрөө тансаглаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр би цаг нь арай болоогүй гэж бодож байна. Шүүх засаглал шударга болсны дараа ийм зүйлийг ярих хэрэгтэй” гэсэн.

Ийн эрхэм гишүүд энэ талаар янз бүрийн байр суурьтай байгаа. Гэхдээ хэрэгтэй, хэрэггүй гэсэн хоёр талд л ханарах гээд байна. Аливаа бүхэн өөрийн гэсэн эрсдэлтэй. Хамгийн гол нь долоо хэмжиж нэг огтлох асуудлын нэг нь энэ Казиногийн хууль гэдгийг тодотгох нь зүй байх.

Хэлэлцүүлгийн явцад алдаа, дутагдалтай зүйл заалтаа өөрчлөх боломж гишүүдэд бий. Хэн нэгний эрх ашиг, лоббигоор бус сайн хууль баталж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах казино байгуулж чадвал эдийн засгийг сэлбэх нэг цутгалан болох боломж бий.