Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг болов

С.Бадрал, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Төрийн байгуулалтын Байнгын хороо болон “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсэг “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого-2015-2040” төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон, ажлын дэд хэсгийн гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нараар ахлуулан нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан билээ. Харин ажлын дэд хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгалиар ахлуулж, бүх яамны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нарыг оролцуулан байгуулсан байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, ажлын дэд хэсгийн ахлагч Б.Энхбайгаль Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулсан үндэслэл, ажлын үе шат, явцын талаар танилцуулга хийлээ.

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг “Монгол хүнийг хөгжүүлж, өндөр мэргэшсэн ажиллах хүчинтэй болж, бүтээх чадварыг өсгөх“, “Төрийн институцийн чадавхи, бодлогын чанарыг дээшлүүлэх”, “Эдийн засгаа төрөлжүүлж, олон улсын зах зээлд хүчтэй нэвтрэх, нөөцийг үр ашигтай зарцуулах”, “Орчин үеийн технологи, инновацийг бүх салбарт нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”, “Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох нийгмийн дунд давхаргыг бэхжүүлэн нийт иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог дээшлүүлэх” гэсэн үндсэн таван чиглэлээр боловсруулжээ.