Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

А320 онгоцны бүхээг дэх сүүлийн мөчүүдийг буулгасан дүрс бичлэг олджээ

Б.Ууган, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

А320 онгоцны бүхээгт, онгоц осолдохын өмнөх сүүлийн хэдэн мөчид хийсэн дүрс бичлэг осол болсон  Францын Альпийн нурууны хэсгээс олджээ.

Энэ бичлэгийн талаар  Германы сонин болон Францын Paris Match сэтгүүлийнхэн  мэдээлсэн бөгөөд онгоц унахаас хэдхэн секундийн өмнөх үйл явдлыг баримтжуулсан байсан гэнэ. Сонины мэдээлснээр дүрс бичлэгт онгоцон дотор эмх замбараагүй, бужигнаан болж байсан, хүмүүсийг тодорхойлон ялгах боломжгүй байжээ. Бичлэгийг онгоцны сүүл хэсгээс хийсэн бөгөөд зорчигч, эсвэл хөлгийн гишүүн хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

Дүрс бичлэг дээр зорчигчид хашхиралдаж байгаа болон олон хэлээр “Бурхан минь” хэмээн хашхирч байгаа, мөн нисгэгчдийн бүхээгийн төмөр хаалгыг тогшиж байгаа нь дуулдаж байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

Эргэн сануулахад хар хайрцагны бичлэг дээр хөлгийн ахмад бүхээгийн хаалгыг сүхээр цохин, бүхээгийн хаалгыг цоожилсон Андреас Лубицд “Энэ хаалгыг онгойлгоод орхи” хэмээн хашхирч байсан нь  бичигдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байсан юм. Мөн энэ бичлэг дээр зорчигчид онгоц осолдохоос таван минутын өмнө хашхиралдаж, сандралдаж эхэлсэн, харин үүнээс өмнө тун тайван, юу болж байгааг огт ойлгоогүй байсан нь илэрхий байжээ. 

Бичлэгийг олж авсан гэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ослын дүрс бичлэгийг олонд дэлгэн харуулсангүй, зөвхөн дотор нь юу бичигдсэн талаар мэдээлсэн юм.

Дашрамд дуулгахад Францын прокурор Брис Робен  дүрс бичлэг олсон талаар юу ч мэдэхгүй байгаа хэмээн мэдэгдсэн бөгөөд ослын газраас эвдэрсэн гар утаснууд олсон хэмээн нэмж өгүүлжээ. Одоо эдгээр гар утаснуудыг мөрдөн байцаагчид шалгаж байгаа юм байна. Зорчигчдоос хэн нэгэн нь утсаар бичлэг хийх зуршлаараа онгоцны сүйрлийн үеийн хэсэг, өөрийнхөө үхлийг бичсэн байж магадгүй гэж мөрдөн байцаагчид тооцоолж байгаа гэнэ. 

Эх сурвалж: Вести