Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Ирэх Даваа гарагт нүүрсний бүх машиныг зам дээр нь гарга, өөр яриа байхгүй

Д.Түвшин
2015 оны 3 сарын 31
MorninigNews.mn
Зураг зураг

Шадар сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван Толгойн ордоос нүүрс олборлон БНХАУ-д гаргаж байгаа Төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой”, орон нутгийн өмчит Таван Толгой болон Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан “Энержи ресурс” компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад ирсэн.

“Эрдэнэс Таван Толгой” болон орон нутгийн жижиг Таван Толгой компани Цанхийн ордоос харин “Энержи ресурс” Ухаа худгаас олборлосон нүүрсээ авто машинаар урд хил рүү зөөж байгаа. “Энержи ресурс” компани ТаванТолгой-Гашуун сухайт чиглэлд 239 км авто замыг өөрийн 118 сая долларын хөрөнгөөр бариад “Эрдэнэс Монгол” компанид 100 сая доллараар худалдаж үлдсэн 18 сая долларыг нь замын хураамжаас төлөхөөр тохиролцжээ.

Тэгвэл өнөөдөр энэ замаар нүүрсээ урагш нь тээвэрлэхдээ “Энержи ресурс” тонн тутамд 0.75 цент, нөгөө хоёр компани буюу “Эрдэнэс Монгол” болон орон нутгийн Таван Толгой компаниуд тонн тутамд 1.5 ам.долларын харилцан адилгүй хураамж төлдөгөөс болж, замын хураамжаа төлж чадахгүй 70-100 тонны даацтай нүүрсний машинууд Говийн эмзэг хөрсийг эвдэн дур, дураараа зам гарган давхих болжээ. 

Замын хураамжаа төлж чадахгүй 70-100 тонны даацтай нүүрсний машинууд Говийн эмзэг хөрсийг эвдэн дур, дураараа зам гарган давхих болжээ. 

Хүнд даацын машинууд хоёр алхмын цаана зогсоо хүн харагдахгүй шахам улаан шороо, тоос босгон давхилдаж байгааг эсэргүүцэж Цогтцэций сумын Сийрст багийн иргэд шороон замыг хааж, жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.

Иргэд амьдрах орчин, малын бэлчээр нь сүйтгэгдэж, газрын хөрс талхлагдаж байгаад бухимдан шороон замаар тээвэрлэлт хийхийг эсэргүүцэж байгаа.

Шадар сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг даруйхан шийдэхийн тулд өчигдөр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд, “Эрдэнэс Монгол” ХХК-ний дэд захирал С.Цэлмэг зэрэг хүмүүсийн өрөөндөө дуудан уулзаж “Та нар замын эвдрэл, арчлалт ярьж суух хойгуур эх орон эвдрээд дуусч байна. 

Ирэх Даваа гараг гэхэд ТаванТолгойгоос урагшаа нүүрс зөөж байгаа том оврын автомашинууд бүгдээрээ нүүрс тээвэрлэх зориулалттай 239 км замаар явдаг болсон байх ёстой. Засмалгүй шороон замаар нэг л машин явж байвал та нарт хариуцлага тооцно” хэмээн хатуухан мэдэгдсэн юм.

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор хоёр талын байр суурийг хүргэж байна. 

-Та Цогтцэцийн суманд ажиллаж ТаванТолгойгоос урагш нь нүүрс тээвэрлэж байгаа компаниудын үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Газар дээрээ байдал ямархуу байна? 

-Монгол Улсын Шадар сайдын хувьд өнгөрсөн 25-28-нд Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллаад ирсэн. Өмнөговьд ажиллахадаа “Эрдэнэс ТаванТолгой” орон нутгийн ТаванТолгой, “Энержи ресурс”, Оюу Толгойн ажил байдалтай танилцсан. Мөн түүнчлэн цаашаа явж Гашуунсухайтын боотын үйл ажиллагаатай ч танилцаад ирлээ. Түүнчлэн Цогтцэций сумын иргэдийн ажил байдал, амьдрал ахуйтай танилцаж удирдлагуудтай нь уулзсан.

Тэд ихээхэн тулгамдсан нэг л асуудал ярьж байгаа нь ТаванТолгойгоос урагшаа зөөж байгаа нүүрсийн тээвэрлэлтийн асуудал байсан. Үндсэндээ 100 тонны даацтай машинууд Говийн эмзэг хөрсөн дээгүүр нүүрс тээвэрлэж байгаагаас тэнд хүн, мал, зэрлэг амьтан амьдрах, ургамал ургах ямар ч нөхцөлгүй болж байна.

Гэтэл бэлээхэн “Энержи ресурс”-ын тавьсан 239 км засмал замаар нүүрсний машинууд огт явахгүй байгаа. Энэ асуудлыг нэн яаралтай шийдэх үүрэг өгч, хэрэгжилтийг нь нягтлан шалгахын тулд өнөөдөр би энэ хүмүүсийг дуудаж уулзаж байгаа юм. Товчхондоо ийм. 

-Асуудлын гол нь “Энержи ресурс”-ын машинууд энэ замыг ашигласныхөө төлөө тонн тутамд 0.75 цент, “Эрдэнэс Монгол” болон орон нутгийн Таван Толгойн машинууд тонн тутамд 1.5 ам. доллар харилцан адилгүй төлдөгөөс болоод л компаниуд алдагдал хүлээх болчихоод шороон замаар нүүрсээ зөөгөөд байгаа юм билээ. Таны хувьд энэ асуудлыг яаралтай шийдэх боломжтой гэж үзэж байна уу?

-Шадар сайдын хувьд энэ асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэж үзэж байна. Ямар зовлон, проблем ярих ёсгүй. Асуудлын гол нь “Эрдэнэс Монгол” ХХК-ний ТУЗ-ийн асуудалтай холбоотой гээд байгаа. Үнэ тарифын асуудлыг цэгцлээд өгөөч ээ гэсэн. Би нүүрс олборлон гаргаж байгаа бүх компаниудын удирдлагуудтай нь уулзсан.

“Эрдэнэс Монгол” компанийн зүгээс “Энержи ресурс”-ын машинуудыг 0.75 цент, “Эрдэнэс Таван Толгой”, орон нутгийн Таван Толгой компаниудын машинуудыг 1.5 ам. долларын төлбөртэйгөөр энэ замыг ашиглуулах шаардлага тавьдаг байсан юм билээ. Тэгээд бид ярьж байгаад 1,25 ам.доллар болгосон.

Одоо бол бүгдээрэнг нь адилхан болгоод тонн тутамд 1.0 ам. долларын төлбөртэйгөөр энэ замаа ашиглуул гэсэн шаардлага тавьж байгаа юм. Хэдийгээр замын эвдрэл гэмтэлтэй холбогдон арчлалт хамгаалалт хийх, хүмүүсээ цалинжуулах тухай ярьж байгаа ч хамгийн гол нь цаана нь говийн эмзэг хөрс шороо эвдэрч, тэнд хүн, мал, зэрлэг амьтан тогтох, амьдрах ямар ч нөхцөлгүй болж байгаа нь хамгийн гол ноцтой асуудал юм.

Байдал ийм тодорхой байгаа учир ирэх даваа гараг гэхэд нүүрсний бүх машин энэ замаар тээвэрлэлт хийх үүргийг хатуу өгч байна. Хэрвээ энэ үүргийг биелүүлэхгүй бол үүрэг авсан хүмүүстэй хатуухан хариуцлага тооцохоос өөр аргагүй. Бид нар мөнгө бодсоор суутал энэ говь нутаг маань шороонд даруулаад дуусах нь. Тэнд ан амьтан үлдэхгүй нь. Эх орон эвдэрч хэмхэрч, ард олон аюулгүй, амар тайван амьдрах ямар ч нөхцөлгүй болж байхад бид замын эвдрэл, гэмтэл яриад сууж байж огтхон ч таарахгүй. Би сая тэнд ажиллахдаа нүүрс зөөж байгаа 100 тонны даацтай машинуудын жолооч нартай уулзаж ярилцсан.

Бүгдээрээ л засмал замаар нүүрсээ зөөх сонирхолтой, энэ асуудлыг бушуухан нэг тийш шийдэж өгөөч ээ гэсэн хүсэлттэй байсан. Аюулгүй байдал талаасаа ч, байгаль орчин талаасаа ч, хөдөлмөр эрхэлж байгаа хүн гэдэг талаасаа ч, унаж байгаа машиныхаа эвдрэл, гэмтэл, дугуй, шатахуун талаасаа ч засмал зам нь хамаагүй илүү үр өгөөжтэй гэдгийг ярьж байсан.

Газар дээр нь очиж байдлыг бүх талаас нь нягтлан үзсэний хувьд энэ асуудлыг долоо хоногоос хэтрүүлэлгүй шийдэхээс өөр замгүй. Яг үнэндээ энэ асуудлыг шийдэж чадахгүй гурван жил болчихсон байгаа юм. Одоо ярьж болсон, ханасан. Дарга хүн ямарваа асуудлыг шийдэхийн тулд сууж байх учиртай. Шадар сайдын хувьд би энэ асуудлыг шийднэ. 

-Таныхаар нүүрс тээвэрлэлтийн зам ашигласан төл¬бөрийг нэг үнээр зохицуулан шийдэх ямар гарц харагдаж байна? 

-Үнэ тарифыг ярьж, зохицуулж болно. Өнөөдөр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хямдарсан үед тонн тутмыг нь 1.0 ам. доллараар тооцож, замын төлбөрөө аваад буцаад нүүрсний үнэ өсөж, ашиг орлог нь нэмэгдвэл төлбөрөө нэмж болно шүү дээ. Ядаж л “Эрдэнэс ТаванТолгой” орон нутгийн Таван Толгойн машинуудаас тонн тутамд нь 1.0 ам. долларын төлбөр авдаг болохыг дараагийн даваа гараг гэхэд шийдсэн байх ёстой. 


“Эрдэнэс Монгол” ХХК-ний дэд захирал С.Цэлмэг: Төр худалдаж авснаар нүүрсний замын тариф бараг гурав дахин буурсан 

-“Эрдэнэс Монгол” ХХК-ний дэд захирлаар ажиллаад удаж байна уу?

-Миний хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд “Эрдэнэс Монгол”ХХК-ний дэд захирлаар томилогдсон. Хоёр сар гаруй болж байгаа юм байна. 

-“Энержи Ресурс” компаниас “Эрдэнэс Монгол” ХХК-ний худалдаж авсан 239 км зам дээр өнөөдөр чухам ямар байдал үүсээд байгаа юм бэ? 

-“Эрдэнэс Монгол” ХХК нь энэ 239 км замыг “Энержи ресурс”-аас 118 саяар худалдан авсны 100 саяыг нь бэлнээр төлсөн байдаг. Үлдсэн 18 сая ам. долларыг замын төлбөрөөс шилжүүлэх гэрээгээр төлөгдөөд явж байгаа. Зам ашигласны төлбөрийг бууруулах саналыг “Эрдэнэс Таван Толгой”, орон нутгийн Таван Толгой компаниудын зүгээс тавьсаар ирсэн.

Өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур нүүрс тээвэрлэгч 50 гаруй компаниудын төлөөлөлтэй уулзаж, тарифыг хөнгөлөх ойлголцолд хүрсэн юм. Гэхдээ шат дараалалтай буулгахаар тохиролцсон. Тэр ч үүднээс эхний удаад 1.25 ам. доллар гэсэн өнөөдөр мөрдөгдөж байгаа тарифыг тогтоосон юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард манай ТУЗ хуралдаад зам ашиглалтын тариф тогтоох асуудлыг компанийн гүйцэтгэх удирдлагад шилжүүлсэн. Энэ хүрээнд бидний зүгээс нүүрс тээвэрлэлтийн тарифыг тонн тутамд 1.0 ам. доллар болгохоор судалгаа хийгээд явж байгаа. Тооцоо судалгаагаа ямар ч байсан энэ долоо хоногт хийж дуусгаад дараагийн долоо хоногийг эхээр нүүрс тээвэрлэлтийн тарифыг тонн тутамд 1.0 ам.доллар болгох боломжтой гэж тооцоолж байгаа. 

-Нүүрс тээвэрлэлтийн машинууд бүгдээрээ засмал замаар явдаг болоход үнэ, тарифаас өөр нөлөөлөх зүйл байхгүй биз дээ? 

-Бас ч яг тийм биш юм. Нүүрс тээвэрлэж байгаа дээрх 50 гаруй компаниуд зам ашиглалтын талаар үндсэн хоёр асуудал ярьж байгаа юм. Нэгдүгээрт тариф, нөгөөх нь даацын асуудал байгаа юм. Манай энэ зам бол нэг тэнхлэг дээр 18.5 тонн авах даацтай зам юм. Өөрөөр хэлбэл гурван тэнхлэгтэй ачааны машин бол 70 тонныг ачих боломжтой байдаг.

Гэтэл одоо ашиглагдаж байгаа Хятадын ихэнх машинууд 100 тонныг ачиж, даац хэтрүүлээд байгаа. Ингэхээр даац нэмэгдүүлэх ямар ч бололцоогүй. Товчхондоо 100-аас дээш тоннын даацтай машинтай компаниуд паркаа шинэчилж байж зам дээр гарах нөхцөл үүсээд байгаа юм.

Нэгэнт энэ замыг улс өөртөө худалдаад авчихсан тул цаг тухайд нь засвар арчлалт хийж, бүрэн бүтэн байлгах нь ихээхэн чухал ач холбогдолтой юм. Хэдийгээр нүүрс тээвэрлэгч компаниуд зам ашигласны төлбөр өндөр байна гэж шүүмжилж байгаа ч цаана нь замын арчлалт хамгаалалт, ажилчдын цалин мөнгө, бензин, шатахуун, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, засвар үйлчилгээ гээд маш олон асуудал байгааг бас тооцохгүй бол болохгүй. 

-Зам ашигласны төлбөрт ирж байгаа мөнгийг чухам яаж зарцуулж, түүнд ямар хяналт тавьдаг юм бэ. Тонн тутмаас 1.0 ам. доллар гэхээр 100 тонны даацтай нэг машинаас 100 ам. доллар авдаг юм байна шүү дээ? 

-Бидний хувьд зам ашиглалтын хураамжаас олсон хураамжаар гурван төрлийн зардлыг шийдэж байгаа. Нэгдүгээр замын өдөр тутмын удирдлага, менежментийг ханган ажиллаж байгаа “Гашуунсухайтын авто зам” компанийн менежментийн зардал, хоёрдугаарт замын ашиглалт, засварын зардал, гуравдугаарт энэ замыг худалдаж авахын тулд Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөний үндсэн хүү болон зээлийн эргэн төлөлтөд зарцуулдаг.

Тэгэхээр энэ гурван үндсэн зардлаа аваад явах хэмжээний боломжит хамгийн доод үнийн тарифыг тогтоосон юм. Анх 2013 онд Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор энэ замыг улс худалдаж авах шийдвэр гарсан байдаг.

Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн яаман дээр ажлын хэсэг байгуулагдаж , гурван уурхайн төлөөлөлтэй харилцан ярилцсаны үндсэн дээр зам ашигласны төлбөрийг тонн тутамд 1.5 ам. доллар гэж тооцсон юм билээ.

Цогцэций сумын ИТХ-аас шороон замаар нүүрс тээвэрлүүлэхгүй гэсэн шийдвэр ч гарчихсан юм билээ. 

Одоо замын даацыг нэмэгдүүлэх боломжгүй учир тарифаа бууруулаад явах л зам байгаа. Өнгөрсөн дөрөв дэх өдрөөс манай хүмүүс тооцоо судалгаа хийгээд ажиллаж байгаа учир энэ асуудлыг Шадар сайдын өгсөн үүргийн дагуу биелүүлэх боломжтой л гэж дүгнэж байна. 

-Өнгөрсөн онд энэ замаар хэдэн сая тонн нүүрс тээвэрлэгдэж, зам ашигласан төлбөрт хэдэн сая ам. доллар орж ирсэн юм бол? 

-За ямар ч байсан 2014 онд энэ замаар 5.2 сая тонн нүүрс тээвэрлэгдсэн тооцоо бий. Үүнээс 4.0 сая тонныг нь “Энержи ресурс”, 1.2 тонныг “Эрдэнэс ТаванТолгой” компани тээвэрлэсэн байдаг. Энэ зам “Энержи ресурс”-ын мэдэлд байхад тонн нүүрсийг 4.2 ам. доллараар тээвэрлэж байсан юм билээ.

Нэг ёсондоо төр мэдэлдээ аваад нүүрс тээвэрлэлтийн үнийг бараг гурав дахин буулгачихаад байхад л нүүрс тээвэрлэдэг компаниуд дахиад бууруулахаар шаардсаар байгаад санасандаа хүрч байна. Ингэснээр энэ замын удирдлага, менежментийг өдөр тутам хариуцан ажилладаг “Гашуунсухайт авто зам” компанийн 120 гаруй ажилтан, албан хаагчид, замын засвар арчлалт, Хөгжлийн банкинд төлдөг зээлийн эргэн төлөлтөд ямар хүндрэл, бэрхшээл учрах нь вэ гэдгийг нарийвчлан тогтоохоор манай хүмүүс ажиллаж байгаа.

Гэхдээ ямар ч гэсэн Шадар сайдын өнөөдөр өгсөн үүргийг биелүүлэх болно. Тухайн Цогцэций сумын ИТХ-аас шороон замаар нүүрс тээвэрлүүлэхгүй гэсэн шийдвэр ч гарчихсан юм билээ. Тэгэхээр МХЕГ болон бусад мэргэжлийн байгууллагууд нь хяналтаа тавиад ажиллах байлгүй дээ. Бидний зүгээс шинэ тарифаа нүүрс тээвэрлэгч компаниудад мэдээлэх болно. 

Зураг