Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид туршлагатай, чадвартай мэргэжилтнүүдийнхээ оюуныг эргэлтэд оруулж хөгжих ёстой"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Баттөгс

Гуравдугаар сарын 27-нд "Эрдэнэт" үйлдвэр ХХК 2014 оны тайлангийн хурлаа хийлээ. Тайлангийн хурлын дараа үйлдвэрийн удирдлагууд хэвлэлийнхэнтэй уулзаж, нээлттэй ярилцсан юм. 

Уулзалтын үеэр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ны захирал Ц.Даваацэрэнгийн хэлсэн онцлох 40 эшлэлийг хүргэж байна.


  • ОРОСЫН ТАЛЫН 49 ХУВЬ БУЮУ "РОСТЕХНОЛОГИ"

1. "Эрдэнэт" үйлдвэрийн оросын талын 49 хувийг нь ОХУ-ын төрийн өмчит “Ростехнологи” компани эзэмшихээр болсон. Энэ асуудлыг манай ЗГ, УИХ-аар оруулаад хүлээн зөвшөөрөгдөөд явсан байгаа.

  • "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН НОГДОЛ АШИГ

2. Оросын Холбооны Улс болон манай улсаас "Эрдэнэт" үйлдвэр дээр аудит ажиллуулж дууслаа. Үндэсний аудитаас "Эрдэнэт" үйлдвэрийн ногдол ашиг хуваарилах бодлогыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан

3. "Эрдэнэт" үйлдвэрийн эдийн засгийн байдал хүндхэн байгаа. Энэ нь цэвэр ашгийн 70-аас дээш хувийг ногдол ашиг болгож авдагтай холбоотой. Энэ нь үйлдвэрт өргөтгөлийн ажил хийх, техник технологио шинэчлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдэх боломжгүй болгодог. 

4. Бид техник технологийн шинэчлэлээ банкны зээлээр хийж байсан. Ногдол ашиг хуваарилах бодлогоо өөрчлөхгүй бол эдийн засгийн байдал нь сайжрахгүй гэсэн дүгнэлт гарсан. 

5. ​Бид ногдол ашиг хуваарилах бодлогыг удахгүй болох хуралд оруулах гээд бэлдэж байна. Эсрэгээр нь 30 орчим хувийг ногдол ашиг, 70 орчим хувийг нь үйлдвэрийн техник технологийн бодлого болгож үлдээх асуудлыг дэвшүүлэх гэж байгаа.

  • ИННОВАЦИ

6. Инновацийг хөдөлгөх гол хөшүүрэг нь урамшууллын систем. 

7. Сайн санаа, сайн санаачилгыг бид маш хурдан үнэлж, сайн үр дагаврыг тооцно. Ингэж чадвал бүтээмж нэмэгдэнэ. Инноваци хийх сонирхол нь бий болно. Үүний үр дүнгээр үйлдвэр маань хөгжиж, санаачлагчдын бодит орлого нь нэмэгдэнэ.

8.  Бид туршлагатай, чадвартай мэргэжилтнүүдийнхээ оюуныг эргэлтэд оруулж хөгжих ёстой. 


9. Манай улс инновацийн тухай, оюуны өмчийн тухай хуультай. Тэгэхээр энэ хуулиуд дээрээ тулгуурлаад бүтээмж-инноваци цаашдаа хөгжих боломж байгаа.


10. Бид ерөнхий зургаа хийчихсэн. Одоо урамшууллын системээ сайжруулна.


11. Удахгүй, тавдугаар сарын эхээр үйлдвэрийнхээ 1,000 инженерийн чуулган хийнэ. Энэ чуулганаар инженерүүдийнхээ хийсэн бүтээснийг урамшуулж, сурталчилна. 

  • ШАХААНЫ БИЗНЕС БУЮУ АГУУЛАХЫН ҮЛДЭГДЭЛ

12. Бид 105 аж ахуйн нэгжийг үйлдвэрийн хар дансанд бүртгэж, олон нийтэд зарласан. 

13. 105 ААН манайд их хэмжээний өртэй, удаан хугацаагаар гэрээ хэлцлийнхээ үүргийг биелүүлээгүй гэсэн асуудалтай. Дахиж энэ 105 ААН-тэй гэрээ байгуулахгүй, хамтарч ажиллахгүй.

14. Энэ компаниудын үүсгэсэн өр авлагыг манай өр барагдуулах албаныхан барагдуулж байна. 

15. Одоогийн байдлаар 48 компаниас 11.7 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулчихсан байна. 

16. Складанд байгаа үлдэгдэлтэй холбоотой асуудлууд харьцангуй цэгцэрч байгаа. 

17. Үйлдвэрт ашиглагдахгүй найм орчим тэрбум төгрөгний бараа материал байсны хоёр тэрбумыг нь дуудлага худалдаагаар борлуулж, хоёр тэрбум төгрөгний барааг устгасан. 

  • "ЭРДЭНЭТ"-ИЙГ "ЭРДЭНЭС МОНГОЛ"-Д НЭГТГЭХ ҮҮ

18. 2013 оны гуравдугаар сарын 16-нд гарсан Засгийн Газрын 100 дугаар тогтоолоор "Эрдэнэс Монгол" компанид Багануур, Шивээ Овоо, "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг эзэмшүүлэхээр тогтоол гарсан байдаг. 

19. "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагааг Орос, Монголын ЗГ хоорондын хэлэлцээрээр зохицуулсан байдаг учир эзэмшигчийг шууд өөрчлөх боломжгүй. 

20. "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талын 49 хувийг "Ростехнологи"-д шилжүүлсэн асуудал нэлээн өмнө гарсан. Гэтэл жил гаруй явж байж манай Засгийн газар, Парламентаар орж байж баталгаажиж байна. 

21. Зөвхөн Засгийн Газрын тогтоолоор шууд "Эрдэнэс Монгол"-той холбоотой асуудлыг шийдэх боломжгүй.

  • ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН НӨӨЦ

22.. Геологийн нөөцөөр бол манайд 930 гаруй сая тонны хүдэр байгаа. Хүдэрийн агуулгыг бүгдийг урьдчилан тооцоолчихсон. 

23. Өнөөдрийн байдлаар энэ хүчин чадлаараа ажиллах юм бол 42 жил ажиллана гэж үзэж байгаа. Бид зургаан сая тонноор хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа учир 30 гаруй жилийн нөөц байгаа гэж үзэж болно. 

24. Энэ түвшнээсээ доошоо бид хайгуулын ажил хийж байна. Тэгэхээр энэ нөөц өснө, дахиад 30 жилээс цаашаа ажиллах магадлал өндөр байгаа. 

25. Үүний хажуугаар Төвийн орд, Завсрын орд, Оюутын орд, Шандын орд гээд урагшаа үргэлжилж байгаа. Энэ ордууд дээр бид хайгуулын ажил хийж байна. 

  • ШИЛЭН ДАНС

26. "Эрдэнэт" үйлдвэр Шилэн дансыг хэрэгжүүлэхийн тулд ямар асуудлыг ил тод болгох вэ, яаж байршуулах вэ гэдэг асуудлаар саналаа гаргаад Төрийн Өмчийн Хороонд хүргүүлсэн байгаа. 

27. "Эрдэнэт үйлдвэр" хамтарсан үйлдвэр учраас бид энэ асуудлыг УЗ-өөрөө ярилцаж шийдэх ёстой. Ер нь "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд нуух зүйл байхгүй. Боломжтой бүх зүйлээ л ил тод хэлэлцүүлж байна. 

28. Манайх төсвийн байгууллага биш бизнесийн компани шүү дээ.

29. Дэлхийн зах зээл дээр бид өрсөлдөж байгаа учир компанийн нууцад хамаарах зүйлс байгаа. Зарим юмыг ил тод болгохгүй байх ёстой. 

30. Зуун хувь төсвийн байгууллага биш өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг бизнесийн байгууллага учраас боломжтой зүйлээ ил гаргаж тавина. 

31. Аль болохоор олон түмэндээ ойлгомжтой, нээлттэй, ил тод байхыг хичээж ажиллаж байгаа. 

  • ХААЛТЫН МЕНЕЖМЕНТ

32. Уул уурхайн хөрөнгө оруулалтын явцад бий болсон дэд бүтэц, бүтээн байгуулалтыг цааш нь зөв ашиглаж, үүн дээрээ тулгуурлаж хөгжих, зөвхөн ашигт малтмалын нөөцөөс хамаарсан биш өөр үйлдвэрлэлээр хөгжөөд явах энэ боломжийг уул уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежмент гэж яриад байгаа юм. 

33. Цаашид бид Шинжлэх ухаан, технологийн сургуулиа өргөтгөх, геологи уул уурхайн судалгааны том төв бий болгох чиглэлээр ажил зохион байгуулж байгаа. 

34. Олон суурь машинуудтай, хүчирхэг Засвар Механикийн Заводыг түшиглээд энд хийж болдог, Монголд хэрэгтэй зүйлсийг хийе гэж бодож байна.

35. Засвар Механикийн Заводод хийж болдог зүйлийг бид импортоор авахыг хориглосон. ЗМЗ маань машин, уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн суурь болох ёстой. 

36. Хаалт хөгжлийн менежментийн хүрээнд бид зэсийн үнэд тулгуурласан амьдрал биш оюуныхаа боломжийг ашиглаад, эргэлтэд оруулаад хөгжих боломжийг хайж байна. 

  • ЭРДЭНЭТ БА "ОЮУ ТОЛГОЙ"

37. Одоо бид "Оюу Толгой"-той хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээг дөрөвдүгээр сарын 20-ны үеэр зурахаар төлөвлөж байна.

38. Эхний ээлжинд бид гурван зүйлээр хамтран ажиллана.

  • Засвар Механикийн Заводод хийж болдог сэлбэг материалыг "Оюу Толгой"-д нийлүүлэх
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэргэжил сургалт, үйлвэрлэлийнхээ төв дээр "Оюу Толгой"-д хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг бэлтгэх
  • Манай сувилалд "Оюу Толгой"-д хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчид ирж эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах гэсэн гурван чиглэлээр хамтран ажиллахаар ярьж байна.

39. "Оюу Толгой"-гоос бид Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын тал дээр маш сайн ажиллаж байгаа туршлагаас нь суралцана.

40. Зах зээл дээр өөр өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг борлуулах тал дээр хоорондоо өрсөлдөх асуудлууд гарна. Гэхдээ бид өрсөлдөхөөсөө илүү хамтрах боломжууд байгаа гэж харж байна.