Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улсад нэгдэх гэсэн Уйгарууд Хятадын өмнөд хилээр гарч байна

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятадын баруун хил уулаар хүрээлэгдсэн, хатуу чанга харуул хамгаалалттай учраас Исламын улсад нэгдэх гэсэн Уйгарууд тус улсын өмнөд далайн хилээр гарч явах болсныг терроризм судлаач ярьжээ.

Сингапурын Наньянг Технологийн Их сургуулийн Улс төрийн хүчирхийлэл, Терроризм судлалын Олон улсын төвийн тэргүүн Рохан Гунаратна хэлэхдээ “400 гаруй Уйгарууд Исламын улсад нэгдэхээр голдуу Хонконгоор дамжин Индонези, Малайз, Тайланд руу гарсан” гэсэн байна.

Тэр ямар эх сурвалжаас энэ тухай мэдээлэл авснаа хэлээгүй ч “энэ ажиллагааг илрүүлж тасалдуулахад тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байна” гэж South Chine Morning Post сонинд ярьжээ.

Гуандунг мужийн орон нутгийн хууль бус бүлэглэл хоёрдугаар сарын 18-24-ний хооронд доод тал нь зургаан уйгар хүнийг Макао руу гаргах гэж байгаад баригдсан тухай тус мужийн цагдаагийн газрын алдагдсан бичиг баримтад дурдсан байна.

Гуравдугаар сарын 2-нд цагдаа нар энэ сүлжээг илрүүлж чадсан юм. Тэд мөн Гуанжоу, Фошань, Зоншань хотуудад уйгаруудыг нуун далдалж байгаад Макао руу гаргахаар бэлдэж байжээ.

Энэ хэргээс дөрөв хоногийн дараа хоёр хутгаар зэвсэглэсэн этгээд Гуанжоугийн төмөр замын зогсоол дээр халдлага хийж 13 иргэнийг шархдуулсан байна. Цагдаа нар нэгийг нь буудан хөнөөж, нөгөө нь шархдан баривчлагджээ.

Түүний урд орой нь хутгаар зэвсэглэсэн хоёр уйгар эмэгтэй Гуанжоугийн Байюнь дүүрэгт цагдаа нарын гарт амиа алдсан гэнэ. Энэ дүүрэг уйгаруудын хил давахаасаа өмнө уулздаг цэг болоод байгааг цагдаа нар баталжээ.

Энэ оны эхээр Малайзын тал 300 гаруй Хятад улсын иргэд Малайзаар дамжин Исламын улсыг зорьсон гэж мэдээлжээ. Тэд Сири, Ирак руу нэвтрэхээсээ өмнө Малайзаас аль нэг гуравдагч орон руу зорчдог гэнэ.

Өмнөд Хятадын далайн хил хяналт тогтооход маш хэцүү бүс учраас Бээжингийнхний хамгийн эмзэг цэг болоод байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post