Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Стандарт мөрдөхгүй байгаа компани, эздэд хариуцлага тооцдог механизм үгүйлэгдэж байна"

Г.Номин, iKon.mn
2015 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

“Барилгачдын зөвлөгөөн-2015” арга хэмжээний хаалтын хурал Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд болж байна.

Өнөөдрийн хуралд барилгын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 800 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

БХБЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Баярсайхан “Манайх барилга хугацаандаа ашиглалтад орохгүй байх гэсэн томоохон асуудалтай болоод байна. Энэ нь газрын асуудлаа шийдээгүй, барилгын зураг төслөө хийгээгүй байж барилгын ажил эхлүүлдэг байдал, тухайн компани олон барилгын ажил зэрэг эхлүүлдэг, тендерээр үнэ унагаж барилга барих эрх авчихаад дараа нь төсөвлөсөн мөнгө хүрэхгүй байна гэж барилгын ажлыг удаашруулдаг зэрэг аргууд түгээмэл болчихоод байна. Тиймээс гэрээний хуулийн дагуу ажиллах, гэрээний хариуцлагыг чангатгах шаардлагатай байна.

Барилгын салбарын бас нэгэн тулгамдсан асуудал бол аюулгүй ажиллагаа байгаа. Манай улсын барилга дээр мөрдөх аюулгүй ажиллагааны стандарт хангалттай хөгжсөн. Энэ стандартаа яг баримтлаад ажиллавал аюулгүй ажиллагааг бүрэн хангах боломжтой. Тиймээс стандартаа мөрдөхгүй байгаа барилгын компаниудад, эздэд хариуцлага тооцдог механизм үгүйлэгдэж байна” гэлээ.

Барилга дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримтлаагүйгээс үүдэн гарах ослын тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсч, хүний амь эрсдэх, гэмтэж бэртэх, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол гарсаар байгаа билээ.

Монгол Улсын Гавьяат барилгачин Х.Лхүнрэв Шулуухан хэлэхэд өнөөдрийн хурал шал хэрэггүй хурал болж байна. 10 жилийн өмнө ийм хурал хийгээд яг ийм юм яриад суудаг л байсан. Тэгэхээр ямар дэвшил байх вэ дээ.

Өнөөдрийн хуралд оролцож байгаа албан тасалгаанд суудаг хүмүүс нэг тоосго тавьж үзээгүй байж том том ерөнхий юм яриад л сууж байх юм.

Гэтэл барилгын талбай дээрх аюулгүй ажиллагаа гэдэг зүйл алдагдчихсан, осол аваар тасрахгүй байсаар байна” хэмээн ярилаа.

БХБЯ, ГХГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачдын холбоо хамтран зохион байгуулж буй барилга, хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан уг зөвлөгөөн энэ сарын 23-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл доорх үйл ажиллагаанууд болсон юм.

  • 23, 24-ний өдрүүдэд, аймгуудын Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын газар, Нийслэлийн Өмчийн Харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын дарга нарын ээлжит зөвлөгөөн
     
  • 25-нд, Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, норм, дүрмийн хэрэгжилт сэдэвт Үндэсний гуравдугаар зөвлөгөөн
     
  • 26-нд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, барилгын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад зориулсан сургалт
     
  • 26-нд, ГХГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, аймгуудын ГХБХБГ-ын удирдлагуудтай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ болжээ.

Хуралд оролцогчид барилгын салбарт гадаад буюу хятад ажилчид оруулж ирэх шаардлагагүй ур чадварын хувьд манай барилгачид хэнээс ч дутахгүй гэдгийг хэлж байлаа.

Хурлын үеэр:

  1. “Монгол Улсын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад барилгын салбарын гүйцэтгэх үүрэг, үнэ цэнэ” Сангийн дэд сайд С.Пүрэв, ТХОГ-ын мэргэжилтэн О.Бат-Эрдэнэ
  2. “Барилгын материал үйлдвэрлэл, стандартын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх талаар" БМХ-ны дарга О.Лхагвадорж. 
  3. “Барилгын салбар дахь орон зайн мэдээлэл дэд бүтцийн хэрэглээ” БХБЯ-ны ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай
  4. “ТББ-ийн чиг үүрэг ажиллагаа” БХБЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Баярсайхан
  5. "Европын холбооны барилгын салбарын хууль эрх зүй ба стандартын талаар" Английн Стандартын институтын зөвлөх Чарльз Баркер
  6. "Чанар аюулгүй ажиллагааны талаар" БЧААБГ-ын дарга Ц.Ганбат 
  7. “Норм нормативын шинэчлэл, өөрчлөлт” БХТ-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Д.Гантулга
  8. "Гадаадын хөрөнгө оруулалтын талаар" ЗГ-ХОГ-ын дарга С.Жавхланбаатар 
  9. "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах журмын талаар" НЕТГ-ын Хэлтсийн дарга О.Одбаяр нар илтгэл тавьж байна.