Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд шалгалт хийжээ

ikon.mn
2015 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

МХЕГ-аас зохион байгуулж буй “Хүний төлөө – Зөв тус” сарын аяны хүрээнд Улаанбаатар – Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлтийн ажил, одоогийн төлөв байдалд хяналт шалгалт хийжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай зам нь 1971 онд баригдсан бөгөөд 1997-1999 онд хэсэгчилсэн их засварын ажил хийгдэж байжээ.

Шалгалтын явцад авто замын ашиглалт, арчлалт болон шинэчлэлтийн ажил нь холбогдох норм дүрэм, стандарт, аюулгүй зорчих нөхцөл, шаардлагыг хангасан эсэх, 2014 онд хийгдсэн зам засвар, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг газар дээр нь шалгаж, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх байгууллагуудтай ажлын уулзалт хийлээ.

Өнгөрсөн онд замын хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэх үед барилга угсралтын ажил оройтож эхэлсэн бөгөөд технологийн горим зөрчигдөж гүйцэтгэснээс асфальт бетон хучилтад ихээхэн эвдрэл гарсан байна.

Тус замаар Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл  аймгуудад болон ОХУ-д зорчиж буй тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгийн явуулын төхөөрөмж ашиглан техникийн хяналтын үзлэг, оношлогоо хийснээс гадна нийтийн тээврийн үйлчилгээний байдалд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар тээвэрлэлтийн талаар эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулаагүйгээр зорчигч тээвэрлэсэн, жолоочийн эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, суудлын тоог хэтрүүлэн зорчигч тээвэрлэсэн, тээвэрлэлтийн хөлс төлсөн зорчигчид тийз олгоогүй, зорчигч суудлын даруулгаа хийгээгүй, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Эх сурвалж: МХЕГ