Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Очгэрэл: Аливаа ажлыг хийхэд ХАРИУЦЛАГА, СЭТГЭЛ хоёр хамт явах ёстой

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Удган нуурын уснаа 

Үүрийн цолмон тольдлоо

Үүлэн нулимстай хөх тэнгэрээ

Үнэгчлэн сэрлээ.... хэмээн хайртай хүнийхээ хуриман дээр нулимс цэлэлзүүлэн дуулах тайгын охин Содурагийн дүр сэтгэлд тод үлджээ. Урлаг гэдэг хүний сэтгэлийг хөглөж, хөгийг нь алдруулж, нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах шидтэй. Ялангуяа кино урлаг. 

Орчин үеийн Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө төрх, шинэ утга агуулгыг бий болгосон СОДУРА УСК нээлтээ хийгээд удаагүй байна. 

Ингээд тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Ч.Очгэрэлтэй /Содура/ ярилцсанаа танд хүргэе.


-Таны гол дүрд нь тоглосон “Содура” УСК нээлтээ хийгээд нэлээд хэд хоночихлоо. Том зүйлийн ард гарах мэдрэмж ямар байна даа. Энэхүү киноны зураг авалт удаан үргэлжилсэн байх аа?

-Хүнд үүргэвчтэй аялалд яваад үүргэвчээ тайлаад, ус ундаагаа уугаад амардаг шиг яг л тийм мэдрэмж төрж байна. Яагаад гэвэл их удаж байж дэлгэцэнд гарсан болохоор. Тухайн үед хурдан нээлтээ хийчихсэн бол магадгүй ийм сэтгэгдэл төрөхгүй ч юм бил үү. Анх 2012 онд саналаа хүлээж авсан гэхээр их удсан байна. 

-Анх санал хүлээж аваад зохиолоо уншсаныхаа дараа Содура дүрийнхээ талаар юу бодов?

-Содурагийн дүр дээр олон хүн пробонд орсон. Би мөн л адил проб өгч байж орсон. Түүнээс биш Очгэрэл бол Содура юм аа гэдэг утгаар нь сонгож аваагүй. Сонгон шалгаруулалтандаа тэнцсэнээр зохиолтой танилцах боломж олдсон. Анх зохиолтой танилцсан үед бүх зүйл таалагдсан. Гэхдээ хамгийн гол хүндрэл Хөвсгөл рүү явах байсан. Гэр бүлийнхээ хүмүүстэй ярилцсанаар шийдсэн. 

-Миний хувьд киноны анхны үзэгчдийн нэг болсон. Кино үзээд сууж байхад эхлэл хэсэгт та Янгуудай нэртэй янзагыг өөрийн дуу хоолойгоороо цаа буганд амлуулж байгаа хэсэг гардаг. Үзэгчид тэр үед сэтгэл нь их хөдөлж байгаа нь анзаарагдсан. Тэр зураг авалтын тухай дэлгэрүүлнэ үү?

-Бидэнд амархан зураг авалт гэж байгаагүй. Яагаад гэвэл массын зураг маш хэцүү байдаг. Бас хөдөө орон нутаг гэдэг утгаараа нэг байшинд ороод амраад хоолоо идээд буцаж зураг авалтандаа орно гэж байхгүй. Тухайн зураачдын барьсан отог дээрээ очоод шаардлагатай бол тэндээ өглөөнөөс орой хүртэл байрлана.

Тэр зураг авалтын тухайд гэвэл тэр Янгуудай үнэхээр өнчин янзага. Ой хөвчөөс тэр нутгийн ах олоод тэжээвэр амьтан шиг байлгадаг байсан. Тийм учраас хүмүүстэй ойрхон тоглоход жүжигчин Янгуудай маань их амар байсан. Амлахын хувьд мэдээж жинхэнээсээ амлуулсан. Кино гэдэг утгаараа яг амлаж байхад нь намайг авна гэж байхгүй. Тус тусдаа зураг авалтыг нь хийсэн. 

БАЙГАЛЬ, УС, НУУРАА ХАЙРЛААД ЭХЛЭХЭЭР ХҮН ШАЛ ӨӨР БОЛДОГ ЮМ БИЛЭЭ

Содурагийн дүрд тоглосон жүжигчин Ч.Очгэрэл, Аяанагийн дүрд тоглосон жүжигчин М.Оюунсүрэн

-Киноны дуу хөгжим хүмүүсийн сэтгэлийг их хөдөлгөсөн. Үйл явдалтайгаа ч уялдсан санагдсан. Ялангуяа хуриман дээр Содурагийн дуулдаг хэсэгт та дүрдээ маш сайн орж чадсан байна лээ. Өөрт тань ямар санагдаж байв?

-Киноны давуу тал бол хотод биш тайгын амьдралд очсон учраас уран бүтээлчид болон бусад ажилчдын хувьд тайгадаа бүрэн уусчихсан байсан. Байгаль, ус, нуураа хайрлаад эхлэхээр хүн шал өөр болдог юм билээ.

Хоёрдугаарт хамтарч тоглож байгаа жүжигчдийн хувьд надад өгч байгаа зүйлүүд нь үнэн учраас хариуд нь үнэн харц, үнэн текст очиж байгаа юм л даа. Хуримын сценийг авхуулахад хэрвээ миний хайртай хүн миний хажууд өөр хүнтэй суувал би яаж дуулах вэ гэдэг ч юм уу өөр дээрээ хүлээн авч байсан.  

-“Содура” кинонд Монголын нэртэй уран бүтээлчид тоглосон. Та нэг ярилцлагадаа жүжигчин Ц.Батхуяг агсныг их гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй хүн гэсэн байсан. Түүний талаар сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Амбий ахыгаа бодоход шууд л инээж хөгжилдөж байсан, биднийг инээлгэж байсан мөчүүд нь санаанд орж ирж байна. Маш их тусалдаг байсан. Маш их зүйлийг түүнээс асууж байлаа.

Амбий ахын тухай хүүхэд шиг, цагаан цаас шиг гэж хэлж болно. Бүхий л зүйл нь ил. Хүүхэд ямар байдаг билээ тийм сайхан хүн байсан л даа. Тэр хүнийг тодорхойлох маш олон үг байгаа. Хүүхэд шиг гэвэл хүмүүс илүү ойлгох байх. 

-Кино багийнхан бөөнөөрөө тайгад очиж зураг авалтаа хийсэн байх. Хотоос очоод тайгын уур амьсгалд зохицож, тайгын охин болоход хэр хэцүү байсан бэ?

-Бид нар бүгд л унаган хотын хүүхдүүд байсан. Хөдөө идээшиж үзээгүй тийм хүмүүс. Эхэн үедээ дасаагүй орчинд байх хэцүү л дээ.

Түүнээс гадна би ээж хүн болохоор хүүхдүүдээ санана, эцэг эхээ санана гээд хүндрэлүүд байсан. Өөрөө аль хэдийнээ ээж болчихсон хэдий ч одоо хүртэл ээжийгээ санаад байдаг хэвээрээ. 

Гэхдээ олуулаа явсан болохоор олны хүчийг мэдэрсэн. Санаж бэтгэрээд байгаа нэгнийгээ тайвшруулах гэх мэтээр тусалдаг байсан. 

-Хөвсгөлийн тайгыг санаж байна уу. Байгалийн сайхнаас юу мэдэрч байв?

-Хөвсгөл ч гэлтгүй байгальд гарах их сайхан. Бид одоо өөрөөсөө илүү цагийг утсандаа зарцуулдаг болчихсон байна. Тэр бүхнээс ангижраад байгальд очно гэдэг бол нэг талаараа ажлаа хийж байгаа хэдий ч амралт болж байсан.

Мөн тайга руу явахаас өмнө миний хараа бага зэрэг муудаж эхэлж байсан. Ойрхон хоёр төрөхөөр эмэгтэй хүний хараа мууддаг юм билээ. Тэгээд Хөвсгөлд очоод миний хараа зүгээр болчихсон. Байгаль өөрөө эм юм байна шүү гэдгийг ойлгосон доо. 

-Кино зураг авалтын үеэр таныг хөл хүнд байсан гэж сонссон. Хөл хүнд хэрнээ хад асгатай газраар явж, кинонд тоглох хүнд байсан биз?

-Миний хөл хүнд байсан үе өвлийн сцени дэр гардаг. Хамт олон маань жирэмсэн гэдгийг минь мэдэж байгаа болохоор аль болох амраах тал дээр анхаарсан. Ер нь манай Монголчууд хөл хүнд эмэгтэйг их хайрладаг. Аль болох ая тухыг нь боддог. Киноны үеэр яг л тийм уур амьсгалтай байсан. Хэцүү гэхээсээ илүү бусад хүмүүст чирэгдэл учруулаад байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл өөрт төрж байсан. 

-Киноны зураг авалт хоёр жилийн турш үргэлжилсэн. Нэлээн хэд хоногоор гэрээсээ хол байсан байх. Хүүхдүүд нь их саначихсан байсан уу?

-Тэгэлгүй яахав. Ухаан орчихсон болохоор их санасан байх. “Мартагдашгүй намар” дээр манай бага хүүхэд жоохон байсан. Эргэж ирж байхад ээжийгээ нэг их тоохгүй байсан. Сая яваад ирэхэд нэлээн саначихсан, би ч саначихсан байсан л даа. 

-Содура киноны “Хайр” дууг та өөрөө дуулсан. Нэвтрүүлгийн уран бүтээлчид таныг анх дуугаа сонсоод уйлсан гэж байсан. Тэр үеийнхээ талаар яриач?

-Хамгийн анх тэр дууг сонсож байхад төрөөд удаагүй байсан.  Тийм болохоор сэтгэл зүйн хувьд ч уян зөөлөн болчихсон байсан учраас тэр аялгууг сонсоод уйлсан л даа. Үг нь ч гэсэн маш сайхан. Өөрийн тоглож байгаа кинонд зориулсан дуу гэхээр их сайхан санагдаж байсан. 

АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙГААД Л МАНАЙХ ТАВУУЛАА БОЛЧИХСОН БАЙНА

 

-Таны хайр дурлалын талаар сонирхох хүмүүс их байдаг. Анх нөхөртэйгээ хэзээ, яаж танилцаж байсан бэ?

-Бид хоёр анх 2007 оны мартын 8-наар танилцаж байлаа. Түүнээс хойш бие биедээ илүү дасаж, дотносож эхэлсэн. Намайг хүмүүс үерхээд хоёр сар болоод л хүүхэд гаргасан гэж бичдэг. Миний хувьд бол нөхөртэйгээ үерхэж байгаад зургаан сар хамт амьдраад, ирээдүйгээ төлөвлөөд анхныхаа охиныг олж байлаа.

Чамайг асуусанд их баяртай байна. Яагаад гэвэл үүнийг тэр болгон залруулж чаддаггүй байсан. Тэгээд анхны хүүхэд гарлаа амьдрал цаашаа өрнөлөө. 2009 онд хуримаа хийснийхээ дараа хоёр дахь хүүхдээ оллоо. Амьдрал үргэлжилсээр байгаад л манайх тавуулаа болчихсон байна. 

-Тавуулаа болох явцад нэлээн хэдэн уран бүтээл хийлээ. Их хөдөлмөрлөлөө. Гурван хүүхэд гаргахын хажуугаар яаж энэ бүхнийг амжуулж чадав?

-Ер нь би багаасаа л урлаг уран сайханд дуртай, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Дараалаад хоёр хүүхэд гаргачихсан учраас заавал хүүхдүүдтэйгээ байх ёстой. Тэр утгаараа нийгмээс түр холдсон. Найз нөхөдтэйгээ уулзах, өөртөө гаргах цаг маань хомс болоод ирсэн. Тэр үед нэг л тэмцээнд ормоор ч юм шиг, өөрийнхөө үзэл бодол нэгтэй хүмүүстэй уулзмаар ч юм шиг санагдаж байлаа. Тэгээд Universe Best Songs нэвтрүүлэгт орсон. Хэчнээн дууны тэмцээн ч гэсэн өөр чадвараа нээж гаргах боломж олгодог тэмцээн. Би дуулах л дуртай юм байна гэж бодсон болохоос жүжиглэх дуртай гэж бодож байгаагүй. 

Цагийн менежментийн хувьд би өөрөө зохицуулахаас илүү миний ар гэрийнхэн их тусалдаг. Тийм болохоор дан ганцаараа зүтгээд, дан ганцаараа амжуулаад байгаа юм байхгүй. Ер тийм хүн ч байдаггүй байх. Тэр бүхний ард сайхан гэр бүл байдаг гэж ойлгосон доо. 

-Хөдөө зураг авалттай байх үедээ гоо сайхандаа хэрхэн анхаарч байв. Охид олны танил эмэгтэйчүүдээс энэ асуултыг асуухыг их хүсдэг юм л даа?

-Тайгад бид мэргэжлийн нүүр будагч, гоо сайханчтай явж байсан. Тийм эрс тэс уур амьсгалтай газар бид дийлэнхдээ монгол тосоор явсан шүү. Маш их хуурайшилттай байсан учир тослог ихтэй монгол тос тусалсан. Гэрийн нөхцөлд би маш их ус уудаг.

-Таныг дагасан маш их цуу яриа байдаг. Энэ бүхнийг яаж хүлээж авдаг вэ. Анзаараад байхад нэг их тоодоггүй байх аа?

-Эхэндээ эмзэг хүлээж авч байсан л даа. Нөхөртэйгээ суухаас эхлээд л янз бүрийн ашиг сонирхлын нөлөөтэйгээр суулаа, ингэлээ тэглээ гээд л. Ер нь бол ний нуугүй ярихад анх гэр бүл болж байхад үнэхээр сэтгэлээр унамаар, гомдмоор зүйл байдаг л байсан. Одоо ээж болчихсон, юм юмны зах зухаас үзээд, мэдрээд, ойлгодог болчихсон учраас чиний хэлдгээр барагтай бол тоохоо больсон. 

-Та цаашид ямар уран бүтээл дээр ажиллах вэ. Кино урлаг руу орох хүсэл бий юу. Ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Дуу дуулах бол миний кайф авдаг зүйл. Цаашид кино урлагаар явах сонирхол байгаа. Одоо би өөрөө жаахан тэнхэрмээр байна. Хүүхдээ ч тэнхрүүлмээр байна. Ер нь бол жаахан ядарлаа л даа. Тэнхэрнэ гэдгийн утга нь би одоо кино руу орлоо гэхэд хариуцлага алдмааргүй байна. Хүмүүсийн цагийг үрээд л би хүүхэд дээрээ очих хэрэгтэй, хоёр цаг зурганд ормоор байна гэх мэт хариуцлага алдмааргүй байна. Ер нь дараагийн уран бүтээлд чин сэтгэлээсээ дайрч ормоор байна. Аливаа ажил хийхэд хариуцлага, сэтгэл хоёр хамт явах ёстой гэж боддог доо. 

 

Ярилцсан: Б.Бямбасүрэн @byambasuren_b

Гэрэл зургийг: Б.Бямба-Очир MPA.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.