Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Балхжав: Цаатны тухай сэдэв Монгол киночдын сэтгэлгээгээр ард түмэнд хүрэх ёстой

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 3 сарын 20
iKon.MN
 

UBS телевизийн захирал, МУСГЗ Л.Балхжавын санаачилж, СТА Б.Жаргалсайханы найруулсан Содура УСК-ны нээлт өнөөдөр Тэнгис кино театрт боллоо.

Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд орших цаатнуудын амьдрал, хайр дурлал, өв соёл, уламжлал, зан заншлын тухай өгүүлэх энэхүү бүтээлийн гол дүрд жүжигчин Ч.Очгэрэл, О.Амгаланбаатар, С.Ариунбямба нар тогложээ.

Мөн дүрүүдэд АЖ Д.Цэрэндагва, Д.Мэндбаяр, СТА Ц.Батхуяг агсан зэрэг шилдэг жүжигчидээс гадна олон шинэ, залуу жүжигчид тогложээ. 

Киноны уран бүтээлчид хоёр жилийн турш Хөвсгөлийн тайгад очиж зураг авалтаа хийсэн, цаатан иргэдийн дунд бүтээсэн уран сайхны анхны кино гэдгээрээ онцлог юм. 

“Урьд нь бид гадаадын телевизийн баримтат киногоор тайгын иргэдийн амьдралыг олж харж байсан бол өөрсдөө очиж уран сайхны кино хийсэндээ маш их баяртай байгаа. Үндэсний соёл, үндэстнийхээ амьдрах хэлбэрийг хадгалсан ард түмэн дэлхий дээр ховорхон. Тиймээс энэ сэдэв бол яах аргагүй Монгол киночдын сэтгэлгээгээр ард түмэнд хүрэх ёстой гэж бодож энэ киног хийсэн” хэмээн СОДУРА УСК-ны продюсер Л.Балхжав онцоллоо.