Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо ажлаа тайлагналаа

open.parliament.mn
2015 оны 2 сарын 27
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар оролцлоо.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хийсэн мэдээлэлдээ тус Байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл 11, олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Түүнчлэн яам, агентлаг, харьяа байгууллагын танилцуулга, мэдээлэл 3, Байнгын хорооны болон ажлын хэсгийн танилцуулга, төлөвлөгөө, тайлан зэрэг нийтдээ давхардсан тоогоор 40 асуудал хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд Байнгын хорооны хуралдаанаас нийт 33 санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 23 саналын томьёолол гаргасан тухай дурдав. 

Мөн тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо намрын ээлжит чуулганы хугацаанд гурван удаа хуралдаж, 6 асуудал хэлэлцэж шийдвэрлэснийг хэллээ.

Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хүрээнд харьяалах салбарын үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцах, хуулийн хэрэгжилтийг шалгахад анхаарч ажиллаж ирснийг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ онцлов. 

Түүнчлэн авлигын асуудалд анхаарлаа хандуулж, авлигаас, тэр дундаа өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Авлигатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, МУИС, Азийн сан, Эмэгтэй удирдагч сан, Хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол-практикийн хурлыг яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 120 гаруй төлөөллийг оролцуулж зохион байгуулсныг онцлов.

Байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралджээ 

Энэхүү онол практикийн хурлын илтгэлүүд болон хурлаас гаргасан зөвлөмжийг эмхэтгэн хэвлүүлж, аймаг, нийслэл, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн байна.

Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн зарим асуудлаар нийт 65 судалгаа, лавлагаа, мэдээлэл, танилцуулга бэлтгэжээ. Тухайлахад, “Төрийн цэргийн бодлогын үндэс”, “Батлан хамгаалах бодлогын үндэс” төслүүд, Иргэний болон цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн талаар харьцуулсан судалгаа, БХЯ, ЗХЖШ-ын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж санал, дүгнэлт гаргасан байна.

Мөн авлигатай тэмцэх талаарх олон улсын туршлага судалж, олон улсын байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагаа, гадаадын зарим улсын туршлага, үр дүнгийн талаар “Авлигатай тэмцэх талаар гадаад орны туршлага, зарим тоо баримт” сэдэвт судалгааны ажлыг ном, хэвлэл материалаас орчуулж боловсруулжээ.